Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргал томилогдлоо
УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Өнөөдөр нийт долоон асуудал хэлэлцэхээр боллоо. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол банкны Ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч байсан Н. Золжаргалыг томилох саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан . Тиймээс өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм.
Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилох асуудлыг хэлэлцээд гишүүдийн 80 хувийн саналаар дэмжлээ. Хуулиараа тогтоол батлагдсан бол шууд томилогдох заалттай байдаг. Тиймээс тэрбээр өнөөдрөөс Монголбанкны Ерөнхийлөгч боллоо.
Н.Золжаргалын хувьд Монголын эдийн засгийн хүнд үед Төв банкийг аварч үлдсэн гавьяатан банкир. Мөн одоо яригдаад байгаа хувьцаа, инноваци, өрсөлдөх чадвараас эхлээд шинэ үеийн эдийн засгийн бүхийл зүйлийг судалчихсан хэмээн тодорхойлдог.
Гишүүдийн хувьд ч ажлынх нь туршлагыг харгалзан үзэж ийнхүү дэмжсэн хэмээн байнгын хорооны гишүүд хэлж байлаа.
Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байсан Л.Пүрэвдоржийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх саналыг тавьсан байна.
Г.Туяа
URL: