Асахи Шимбун: Өлсгөлөн монголчууд сумогийн ертөнцийг эзэлсэн хэвээр

Энэ сарын эхээс японы үндэсний өдөр тутмын сонин “Асахи Шимбун”-д сумогийн хандлага, ирээдүйн талаар ихэд санаа зовсон нийтлэлүүд гарч байна.

Япончууд сумогийн ертөнцийг монголчууд эзлэх болсонд дургүй байгаа нь нийтлэлээс илт харагдана. Тэд 1992 онд сумод хөл тавьсан монголын анхны зургаан сумоч Д.Батбаяр, Д.Энхбат, Н.Цэвэгням, Б.Дашням, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал нарыг анх ямар “тэнэг” байсан, амжилтад хүргэсэн багшаа мартсан, мөнгөний төлөөх сэтгэлгээ нь тэдний сэтгэхүйгүйг өлсгөлөн болгож байгаа талаар бичжээ. Мөн сумогоор хичээлэх япон залуусын тоо буурснаар өлсгөлөн монголчууд сумо бөхийн хамаг цалинг хамж байгаа учраас үндэсний бөхдөө элсэхийг уриалж байгаа утгатай нийтлэл ч байх юм.

Тэдний есдүгээр сарын наймны өдөр нийтлэгдсэн “Өлсгөлөн монголчууд сумогийн ертөнцийг эзэлсэн хэвээр” гэсэн гарчигтай нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

1“2006 оны хаврын башёогоос хойш сумо бөхийн тэмцээн бүрт гадны бөхчүүд түрүүлэх боллоо. Энэ үеэс хойш зохиогдсон 38 тэмцээний 36-д нь Монголын бөхчүүд ялсан байна.

Мэргэжлийн сумо бөхөд монголчуудын байлдан дагуулал 1992 оноос эхтэй. Кёкүтенхог оролцуулаад анх зургаан монгол бөх японд ирж байв. Одоо 65 настай Такео Ота /тэтгэвэрт гарсан озеки Асахикуни/ монголын анхны зургаан бөхийг сургасан юм.

Такео Ота тэдгээр өдрүүдийг дурсахдаа: “Нарита онгоцны буудлаас байрандаа ирэх замд тэд хурдны замыг хараад сэтгэл нь хөөрч дуу алдаж байсан. Би тэдэнд зоос өгөхөд тэд хэзээ ч хараагүй автомат машинаас ундаа худалдан авахдаа бараг л шокд орсон байв. Тэд эхэн үедээ дандаа тэнэг юм шиг байдаг байсан. Шинэ соёл, шинэ улсад ирэхэд тэдэнд амаргүй байсан биз. Анхны зургаа дэвжээнийхээ бөхчүүдтэй зодолдож, Монголын ЭСЯ-руу тусламж хүсдэг байсан. Би тэднээс болж Японы Сумо бөхийн холбооноос үргэлж уучлал гуйдаг байсан” хэмээн ярив. Мөн тэрээр “Гэвч би Монголын авьяаслаг бөхчүүдийг амжилт гаргана хэмээн найдаж байсан” гэв.

Монголын зургаан бөх өрсөлдөгчтэйгөө барилдах үедээ хүмүүсийн анхаарлыг татах болсон юм. Учир нь тэд японы бөхчүүдээс хоёр дахин их бэлтгэл хийх тэсвэр хатуужилтай байлаа. Үнэн хэрэгтээ Такео Ота багш л тэдний хатуужил, эерэг бодлыг тэнцвэржүүснээр монголын бөхчүүд бэлтгэлээ хийхдээ анхаарлаа төвлөрүүлж сурсан юм.
“Тэр зургаа маш өнөр өтгөн гэр бүлээс ирсэн. Тэгээд гэрийнхэндээ хангалуун амьдрал бэлэглэхийг хүссэн. Энэ мэдрэмж, зорилго нь тэднийг өлсгөлөн сэтгэлгээтэй болгосон” хэмээн Ота ярив.

Монголд олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг төрөөс медалиар шагнадаг юм байна лээ. 1992 онд Японд ирсэн Кёкүтенхо, Кёкүшюзан нарын зургаан бөх зиндаа ахисны дараа эх орондоо очихдоо баатрууд болсон байлаа. Тэдгээр бөхчүүд Такео Ота  багшийн ачыг дурсаагүй юм. Юм үзээгүй нутаг нэгтнүүддээ “Би шаргуу хөдөлмөрлөсний эцэст мөрөөдлөө биелүүлсэн, Японы мэргэжлийн сумо бөхийн цалин хоёр гүрний дунд хавчигдсан Монголын ерөнхийлөгчийнхөөс их” хэмээн ярьсан байсан.

Ирэх намрын сумогийн тэмцээнд 70 секитори оролцохын 11 нь монгол хүн байна. Японы сумо бөхийн холбоо дэвжээ бүрт байх гадаад бөхчүүдийн тоонд хязгаарлалт тавьсан боловч монголчууд сумогийн ертөнцийг байлдан дагуулж буй гол хүч хэвээр байна.

Угсаатны зүйн үндэсний музейн профессор Юки Конагаяа “Маш олон Монголын залуус мөрөөдлөө биелүүлэхээр дэлхийгээр тарж байна. Энэ нь магадгүй тэдний нүүдлийн соёлтой хамааралтай байх. Япончууд тэдний барилдах чадварыг гүйцэхгүй” хэмээн ярьж байна. Монголын өлсгөлөн бөхчүүд Японы сумог байлдан дагуулсаар, шунасаар байх нь”.

Ийм нийтлэл гарчээ. Гэтэл үүний өмнөх дугаарын “Залуучуудын идэвхигүй байдал үндэсний бөхийг мөхөхөд хүргэх нь” гарчигтай нийтлэлдээ “Сүүлийн жилүүдэд бөхчүүд бэлтгэлийн үеэр нас барсан, гудамныханд хууль бусаар өр тавьсан гэх мэт сөрөг мэдээллүүд ихээр цацагдаж сумогийн ертөнц аз жаргалгүй байна. Эдгээрээс гадна сумогийн их спорт болон багш нар маань энэ бөхөөр хичээллэх ирээдүйн шавь байхгүй болсон хамгийн том зовлонтой учирлаа. Ихэнх залуус хөл бөмбөг, сагс тоглодог боллоо. Үндэсний бөх мөхөх аюулд хүрлээ” хэмээн бичжээ.

Нийтлэлд дурдсанаар 20 жилийн өмнө сумо болохоор жилд 220 шавь бүртгүүлдэг байсан бол одоо энэ тоо 60 болж буурсан аж. Мөн одоо барилдаж байгаа 641 бөх бий. Тэдний Макушита зиндаа буюу түүнээс доош зиндааны бөхчүүд цалин авдаггүй. Гэтэл монгол овогтон Якузона Хакухо 100 сая иений орлого олж байгаа хэмээн бичжээ.

Япончууд, японы сумогийнхон, сэтгүүлчид үндэсний бөхийн ирээдүйдээ ингэж санаа тавьж байна. Тэд монгол бөхийн олж буй ашиг орлого, тэдний япончуудыг басамжилсан байдлын талаар бичиж, сумогийн ертөнцийг эзэлсэн монголчуудыг “үзэн ядаж, атаархаж” үндсэрхэг үзлээ илэрхийлсэн шиг санагдлаа. Тэд ингэсэн ч хөх Монголын босоо бөхчүүд Японыг эзэлсэн хэвээр байх биз.
www.24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих