“Хямралын өмнө гар хоосон, хөл нүцгэн” Монгол Улсаас ховор олдворыг нь булаахаар зэхэж байна

Сенсааци 1
Өнөөдөрийн  “Хоймор”-т  Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ний хүрэл медальт Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг зочилжээ. Тэрбээр Бээжингийн олимпод медалийн төлөө тоглоод ялагдсаны дараа сэтгэл санаа хүнд байсан талаараа “Тэмцээний ялагдал гэдэг бидэнд маш хүндээр тусдаг. Тэр тусмаа бэлдэж, бэлдэж орсон хамгийн том тэмцээндээ медальд ойртож ирээд ялагдана гэдэг хэцүү л дээ. Тэгэхэд маргааш өглөө нь зүүдлээд  байгаа ч юм шиг санагдаж байлаа. Тэмцээний дараа нөгөө хэдийгээ дэмжье гэхээр бокс үзэж чаддаггүй. Тэр үед дараагийн тэмцээн, дараагийн олимпийг бодож эхэлсэн. Хүн ер нь зорьж, хичээллэж байгаа спортдоо зуун хувь орчихдог юм билээ. Олимпийн дараах хамгийн эхний бодол дараагийн тэмцээн болсон доо” гэжээ. Түүнчлэн “Олимпийн өмнө хоёр удаа мэс засалд орсон. Нэг удаад нь хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийсэн бол дараа нь бүтэн наркозтой мэс засал хийлгэсэн. Жижиг гэмтлээс болж долоо, найман цаг наркозонд орж байлаа. Бас холбоосны суналт гээд жижиг гэмтлүүп тамирчдад их тохиолддог. Олимпийн циклд боломжоороо амарч, сэргэж байсан боловч олон жилийн бэлтгэлээс болж бие бялдар маань ядарч, сульдсан байсан” гэжээ.

Сенсааци 2
“Үндэсний мэдээ”,  “Монголын мэдээ” зэрэг өдөр тутмын хэвлэлүүдэд Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн сэтгүүлчдэд халдсан асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн байранд өнгөрөгч зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн үеэр халдлага болсон билээ. Улмаар тус телевизийн ажилтнууд ажлаа хийж байхад нь толгой компани болох “Хөвсгөл Ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг дөрвөн залуу, нэг эмэгтэйн хамтаар дайран орж, сэтгүүлч, зураглаачдыг зодсон байна. Халдлагад өртсөн таван сэтгүүлч, дөрвөн зураглаач бүгд тархиндаа гэмтэл авсан аж. Улмаар сэтгүүлчдэд халдсан захирлын хэрэг прокурорт шилжсэн аж. Улмаар мөрдөн байцаагч прокурорт энэ хэрэгт 180.2.1, 180.2.5-аар эрүү үүсгэхээр санал хүргүүлсэн байна.

Сенсааци 3
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух 38 настай Э гэгч 39 настай эмэгтэй Б-г бөөлүүлж, сахиусыг нь авч өгнө гэж биеийг нь халуун чулууны уураар түлж хүнд гэмтэл учруулсан. Хохирогч одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Сүүлийн үед бөө нэрээр гэмт хэрэг үйлдэх, бусдын амь насанд халдах тохиолдол гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой  байхыг цагдаагийн газраас анхааруулсныг “Үндэсний мэдээ” сонинд нийтэлжээ.

Сенсааци 4
Одоогоос хэдэн сарын өмнө Аргентинд нэгэн эмнэлгийн цогцос хадгалах газрын хөргөгчөөс амьд хүүхэд олдож, багагүй шуугиан тарьсан билээ. Энэ ус уух хувьтай хүүхэд бол Фабиан Верон, Аналиа Боутет нарын отгон охин болон мэндэлсэн юм. Тэрбээр одоо таван сартай бөгөөд саяхан эмнэлгээс гарсан байна. Дөрөвдүгээр сарын 3-нд хорвоод мэндэлсэн охин ердөө 800 грамм жинтэй байжээ. Эх нь түүнийг зургаан сар тээсний эцэст төрүүлсэн аж. Эцэг, эх нь түүнийг “Гайхамшигт хүүхэд” гэж нэрлэсэн байна.

Сенсааци 5
“Монголын мэдээ” сонинд Шаргалжуутын рашааныг сүйтгэж байгаа талаар Д.Бүрнээ эмчийн ярилцлага нийтлэгджээ. Тодруулбал, тэрбээр тус рашааныг хэрхэн сүйтгэж байгаа талаар “Хүмүүсийн хэлж ярьж байгаа оргүй зүйл биш. Шаргалжуут рашаан сувиллыг хувьчлагдсанаас хойш бид байдлын ажиглаж 5-6 жил боллоо. Энэ компани тодорхой зорилгоор л хувьчилж авсан байж таарна. Хүний эрүүл мэндийн төлөө, илүү хөгжүүлэх зорилгоор авсан байх гэж итгээд бид маш хүлээцтэй хандсан. Шаргалжуут илүү хөгжиж,  үүнийг дагаж иргэдийн амьдрал ахуй дээшлэх болов уу  гэж итгэсэн.  Гэтэл байдал яг эсрэгээрээ болж, ноднин уржнангаас эхлээд дуугарахгүй бол болохоо байсан. Яагаад вэ гэвэл,  энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. Шаргалжуут хүний эрүүл мэндийн төлөө газар болохоос мөнгөний төлөө байгууллага биш. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт уг нь ирээд л байдаг. Гэтэл Шаргалжуут голыг бузарлаж байгаа бохир нүдэнд нь яагаад тусдаггүйг ер ойлгодоггүй. Амралтын байран дотор байгаа гял цал шилийг хараад хууртана гэж баймааргүй юм. Эрүүл мэндийн яамны иргэдийн хүсэлтийг хүлээн авдаг утас руу удаа дараа саналаа хэлсэн. Иргэдийн бухимдал туйлдаа хүрч байна. Нутгийн иргэд энэ бүхнийг харж бүтэн таван жил хүлээлээ. Энд дураараа газар ухаж, элдвийн юм барих бол энгийн асуудал болсон. Энэ компанийн удирдлагуудад ямар ч хууль үйлчлэхгүй байна. Өчнөөн төчнөөн мөнгө төгрөг төлж ирсэн хүнийг рашаан таарахгүй гээд буцааж байна” гэжээ.

Сенсааци 6
Улстөрийн тойм сонинд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн “57 дугаар тогтоолын хэрэгжилт тааруу байгаа нь үнэн” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Тодруулбал, тэрбээр “ Би ганцаараа УИХ-ын 57 дугаар тогтоолыг санаачилсан юм биш. Энэ заалтын тухайд техникийн алдаа гарсан байсан. Харин стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн тухайд гэвэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг үндэслэж тогтсон. Үүнд эрдэс баялаг, банк, мэдээллийн салбар хамаарч байгаа. Энэ хуулиар ямар нэгэн зүйлийг хязгаарласан юм биш, зөвхөн мэдэгдэх тогтолцоог л оруулсан шүү дээ” гэжээ.

Сенсааци 8
Монголын мэдээ сонинд “Хямралын өмнө гар хоосон хөл нүцгэн Монгол улс” хэмээх нийтлэл гарчээ. Тодруулбал, “2008-2012 онд төрийн эрх барьж байсан нам, сайд нар “Хямралыг хохирол багатайгаар туулсан” гэж цээжээ дэлдэцгээдэг. Гэтэл дээрх жилүүдэд манай улсын экспорт, импортын ихэнхийг дангаараа хангадаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн жилүүд байсан юм. Өөрөөр хэлбэл, тэр үед бид хохирох биш, харин ч БНХАУ-ыг ядрах үед хэрэглэх үүцээ бэлдэж авах “алтан боломж”-ийн үе байжээ. Харамсалтай нь түүнийгээ хоол болгоод идсэн байна. Одоо бидэнтэй нүүр тулах гэж байгаа хямрал бол 2008 оныхтой зүйрлэшгүй жинхэнэ “гамшиг” байх болно. Ийм чухал цаг үед Монголбанкны удирдлага солигдож таарлаа. Уг албан тушаалд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нарын нэр яригдаж байсан ч өчигдрийн байдлаар Н.Золжаргалыг томилох магадлал илүү болоод байна. Монголбанкны Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад бид 2008 оны алдааг давтахгүй байхыг л шаардана.2008 оны хямралын дараа “Хэрвээ “Монголбанк” мөнгөний хатуу бодлого явуулаагvй байсан бол арай ч ийм байдалд орохгvй байсан гэдэг шүүмжлэл газар авсан байв. Хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний хомсдолд орж хувьцаагаа ихээр худалдаж эхэлсэн. Тэр үед зузаатгал л хамгийн зөв арга байсан гэдэг дээр ихэнх эдийн засагчид санал нэгддэг. Одоо яг тэр үеийнх шиг байдал үүсэх хандлага мэдрэгдэж, ам.долларын ханш чангарсаар байхад Монголбанкны удирдлагууд интервенц хийх талаар санаа тавихгүй л байна. 2008 онд банкууд зээлээ хааж эдийн засгийн идэвхи тэр хэмжээгээр саарч байлаа. Одоо яг энэ байдал руу орох гээд байна. Дөрвөн жилийн өмнө, бэлэн мөнгө ховордоход худалдан авагч үгүй болж, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байв. Энэ байдал бэлэн мөнгөтэй цөөн хүмүүст маш их ашиг өгсөн байх ёстой. Эдийн засагт ийм шударга бус байдлыг гаргахгүй байхыг хичээж ажиллах нь Монголбанкны үүрэг юм” гэжээ.

Сенсааци 9
“Нийгмийн толь” сонинд Монголын олдворыг авахаар санаархаж байгаа талаар нийтэлжээ. Тодруулбал, Монгол, Америк төдийгүй дэлхий нийт анхаарлаа хандуулаад буй үлэг гүрвэлийн араг ясыг өнгөрөгч зургадугаар сарын 18-нд АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний дагуу хураан авсан. Гэтэл нэхэмжлэл гаргах хугацаа дуусахын өмнө Э.Брокоби шүүхэд ханджээ. 70 сая жилийн настай, Монголын говиос олдсон аварга үлэг гүрвэлийн ясыг өөртөө үлдээхийн тулд олон аргыг хэрэглэж байгаа юм. Тухайлбал, холбооны шүүхэд давж заалдсан, нэг амьтны яс биш хэмээн мэдэгдсэн, монголын талд нотлох баримт байхгүй гэсэн зэрэг олон янзын арга саам хэрэглэж байгаа юм. энэ мэтчилэн Э.Брокобигийн сөрөг нэхэмжлэл шүүхийн шийдвэрийг эргүүлж магадгүй болжээ. Тиймээс арай бид өөрсдийн олдвороо алдчих юм биз.


URL:

Сэтгэгдэл бичих