МОНГОЛД ҮНЭТ МЕТАЛЛЫН ШИНЭ ОРД ИЛЭРЛЭЭ
МОСКВА. /РосИнвент/. Монгол дахь алт, зэсийн Оюутолгой орд газраас холгүй газраас зэс, алт, молибден агуулсан орд газар илрүүлснээ Канадын Айвенхоу Майнз болон дэлхийн уул уурхайн томоохон олборлогч Би-Эйч-Пи Биллитон компани мэдээлжээ.
Шинэ орд газрыг Хойд улаан хад гэдэг бөгөөд Айвенхоу болон Би-Эйч-Пи Биллитон хамтарсан үйлдвэрийн бүсэд оршиж байна. 2005 онд байгуулагдсан уг үйлдвэрийг дээрх хоёр компани эрх тэгш нөхцөлөөр эзэмшдэг юм. “Хойд улаан хадыг нээсэн нь Оюутолгой орчимд зэс, алт агуулсан газар олон байгааг нотолж байна” гэж Айвенхоу Майнз компанийн ерөнхий захирал Роберт Фридланд мэдэгджээ.
Одоо байгаа мэдээллээр бол, Оюутолгойгоос хойш 10 километр зайтай орших Хойд улаан хад орд газрын зэсийн агууламж нь дунджаар 0,9-2,4 хувь, алтных 0,1-0,25 гр/т, молибденых 0,03-0,15 хувь байна.
Үүний сацуу Айвенхоу болон Би-Эйч-Пи компани Монголын Засгийн газартай гурван жилийн хугацаанд геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах тухай урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг 2013 оны зургадугаар сарын 30 гэхэд бэлэн болгох талаар уг тохиролцоонд тусгасан байна.
Айвенхоу Майнз компани нь Монголоос гадна Казахстан, Австрали улсуудад өнгөт болон үнэт металлын орд газруудтай юм. Тус компани нь Рио Тинто компанитай хамтран алт, зэсийн Оюутолгой орд газрыг ашиглаж байна. Би-Эйч-Пи Биллитон нь Австрали, ӨАБНУ болон Их Британид төвтэй, дэлхийд хамгийн том уул, уурхайн компаниудын нэг юм.
З.Амгалан
URL: