“Гацуурт” компанийг хууль бус барилгын үйл ажиллагаа явуулж байна гэлээ
Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр буюу МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны ард байрлах нийтийн эзэмшлийн талбайд “Гацуурт” компани хоёр жилийн өмнөөс хууль бус барилгын ажлаа эхлүүлсэн талаар Сүхбаатар дүүргийн иргэд мэдээлэл хийлээ. Оршин суугчдын хэлж байгаагаар энд баар рестораны зориулалттай 13 давхар төмөр бетон каракасан барилга нь баригдах гэнэ. “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өмнө нь тэр газар дээр хоёр гараашийн газар худалдаж авсан бөгөөд улмаар түүнийгээ томруулсаар нийтдээ 572 мкв газрыг өөрийн эзэмшлээ болгожээ.
“Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр 2006 онд газрынх нь зөвшөөрлийг олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33.1, 33.2 заалт зөрчин ямар нэгэн тендер шалгуур явуулаагүй аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тав зургаан удаа барилгын ажлыг зогсоох захирамжийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн хэдий ч үүнтэй зэрэгцэн барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгчихдөг байсан гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд 2011 онд холбогдох мэргэжилтнүүдийн акт гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 295 дугаар зөвшөөрлийг олгожээ. Уг нь Хот байгуулалтын тухай хуулиар бол мэргэжилтнүүдийн акт гарсны дараа л зөвшөөрлийг нь өгдөг” гэж ярилаа.
Саяхан Нийслэлийн шинэ удирдлагуудын гаргасан хууль бусаар баригдаж буй барилгын жагсаалтад тус барилга орсон хэдий ч энэ сарын 8, 9-ний шөнө цутгалтын ажлаа хийсэн гэнэ. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа тул цахилгааныг нь салгасан хэдий ч дуу чимээ ихтэй том оврын мотор ажиллуулчихсан гэв.
М.ЭРДЭНЭ
URL: