Д.Данзан: Найраа хийж ард түмнийг доромжилсон Дундговийн бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр өнөө жил Дундговь аймгийн наадамд шөвгөрч цол хүртсэн бөхчүүдийн цолыг хүчингүй болгожээ. Тодруулбал, энэ оны долдугаар сарын 30-нд Дундговь аймгийн наадам Говийн бүсийн хурдан морины даншигтай давхцаж болсон билээ. Уг баяр наадамд улс, аймгийн цолтой 512 бөх зодоглосон.

Гэвч Д.Баасандорж, М.Өсөхбаяр, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй нарын бөхчүүд найраанд орж наадамчин олны өмнө илт буулт хийсэн байна. Мөн дээрх аймгийн наадмын бөхийн барилдааны оноолтыг хийхдээ Үндэсний бөхийн барилдааны дүрэм болоод, Баяр наадмын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Ухаандаа, их шөвөгт 16 бөх үлдэх байтал 17 үлдсэн, давсан бөхийг унасан хэмээн дараагийн даваанаас хассан гээд холион бантанг хутгасан аж. Энэ тухай манай сонин “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадам” хэмээн бичиж байсан билээ.

Ингээд уг асуудлыг тодруулахаар МҮБХ-ны дэд тэргүүн, доктор Д.Данзантай уулзлаа.

-Дундговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цолыг хүчингүй болгожээ. Найраа хэрээс хэтэрч бөхчүүд бүхэл бүтэн аймгийг баяр наадмаар нь очиж доромжилдог болсон. Ийм үед танай холбооны шийдвэр цагаа олсон шиг санагдлаа?  

-Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр Дундговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цолыг хүчингүй болголоо. Ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон. Монгол төрт ёсны их наадамд 512 бөх барилддаг. Аймгийн наадамд 512 бөх барилдах хууль зүйн үндэс байхгүй. Гэтэл өнгөрсөн жилээс Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад 512 бөх барилдсан. Энэ бол маш буруу жишиг болжээ. Уг жишгийн дагуу өнөө жил говийн бүсийн наадам Дундговь аймгийн наадамтай давхцаж болоход 512 бөх барилдлаа. Үндсэндээ хууль зөрчсөн явдал. Хууль зөрчлөө гэхэд шударга болсон бол яая гэхэв. Гэтэл арай дэндүү болсон байна лээ. Улсын наадмаар 512 бөх барилдуулах гэж хороо байгуулагдаж хоёр гурван сар хийж байж болдог ажил. Хэдэн бөх очихоор зохион байгуулаад хийчих тийм амар ажил биш. Дундговийн наадамд бөхийг дөрвөн аргаар тоог нь гүйцээх гэж оролдсон юм байна. Зарим улсын цолтой бөхийн нэрийг дуудахгүй давуулдаг юм байна. Тэдний аманд гарах гэж байгаа хүн гээд худлаа нэр дуудаад, нөгөө бөхөө худлаа давуулдаг байна. Барилдаад уначихсан хүүхдүүдийг дахиж гаргасан гэж байгаа. Хэд ч гаргасан юм мэдэхгүй. Мөн өсвөр бөхийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн хүүхдүүдийг тоонд оруулаад барилдуулсан байна. Ингээд бас хууль зөрчиж байгаа юм. Арван найман наснаас дээш насны хүн барилдах ёстой. Ийм олон бусармаг аргаар тоог нь гүйцээх гэж барилдуулаад яваад байсан. Төгсгөлд нь 32 бөх үлдэх ёстой байтал 34 бөх үлдсэн байна.

-Үнэхээр замбараагүй юм болжээ?

-Хэлээд юүхэв. 34 бөх үлдэхээр нь давсан нэг бөхийг хасчихаад 16 болгоод барилдуулсан байгаа юм. Тэгэхээр тэнд ямар хүн яаж ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ дөрвийн давааны оноолтын баримт бидэнд ирсэн. Баяр наадмын хуульд цол, амжилтын эрэмбээр оноож барилдуулна гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хамгийн ахмад цолтой бөхөд хамгийн бага цолтой бөх оноох ёстой юм. Гэтэл том цолтой бөхийг аймгийн арслантай, тэрнээс доош цолтой бөхийг залуу бөхтэй оноожээ. Энэ оноолт бол хууль зөрчсөн оноолт. Тэр тухай танай сонинд “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадам” гэж бичсэн байсан.  Хэрвээ бөхийн нэр төрд халдсан мэдээлэл гарсан бол бид няцаадаг. Бөхөд байгаа буруу муухай юмыг бичвэл бид дэмжинэ. Ингэж л хэвлэлийнхэнтэй хамтран ажилладаг.

-Ямар ямар бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон бэ?

-Тус аймгийн наадмаар цол авсан долоон начин хоёр харцага, нэг хурц арслангийн цолыг хүчингүй болгосон. Тодруулбал, аймгийн харцага У.Мөнхчулуун, Б.Чимэдвандан, аймгийн арслан Г.Баяржавхлан, аймгийн начин Х.Энхчулуун, П.Жавхлантөгс, Б.Чинбат, Д.Цэнгэлбат, С.Миарагчаа, Э.Даш нарын цолыг хүчингүй болгосон. Одоо тэд бүхий л барилдаанд хуучин эрэмбээрээ барилдана. Үүнийг ингэж таслан зогсоохгүй бол болохгүй ээ. Ирэх жил дөрвөн аймгийн өндөр ой тохиож байгаа. Тэдгээр наадмууд өнөө жилийн Дундговийн наадам шиг болох вий, цаашдаа ийм бусармаг үйлдэл газар авах вий гэснээс бөхийн холбооны тэргүүлэгчид ийм шийдвэр гаргаад байна. Дундговьд улсын цолтой гуч дөчин бөх очсон. Бүгд сумын заан залуу бөхчүүдэд хага хага гуядуулсан байна. Хөдөө орон нутагт улсын цолтой бөхчүүдийг очиход ард түмэн баярлаж угтаж авдаг. Зурагтаар биш бодитоор өөрийг нь харж байгаадаа их баяртай байдаг. Гэтэл тэд жүжиг тавиад байдаг. Тэнд мөнгө төгрөгтэй холбоотой заваарсан юм болсон нь мэдээж шүү дээ. Манай ард түмэн бөхөө ихэд дээдэлдэг. Бусдыг бодоход тэдэнд боломж байгаа. Нэг бөхийг хэд хэдэн компани цалинжуулаад аваад явдаг. Монгол бөхийг дээдэлсэн ард түмний үзэл хэвээрээ байх ёстой. Монголын бөхчүүд бохир заваан юмнаас салах ёстой. Ойрмогхон хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоочдод хүргүүлэхээр тэргүүлэгчид шийдсэн. Нарийвчлан хэлэлцээд өргөн барих эрх бүхий субьектээр дамжуулан өгнө. Ингээд хуультай юм хуулиар явах ёстой. Монголын Үндэсний  бөхийн холбооны тэргүүлэгчид ийм л байр суурьтай байна.

-Хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

-Хоёр бөхөөс илэрсэн, харамсалтай л юм. Анх допинг гарснаас хойш 12 дахь жилийн наадам болж байна уу. Хоёр гурван жилээс бусдад нь гарах юм даа. Гурван жил гараагүй. Би одоо ч бөхчүүд санаатай хэрэглэсэн гэж бодохгүй байгаа. Ямар нэгэн байдлаар алдаа гарлаа даа гэж боддог. Эерэгээр боддог. Бөхчүүд азаа үзэх гэж тэргэн замаар гардаг голио биш. Тэгж азаа үзэх нь туйлын утгагүй. Тэгэхээр санаатай хэрэглээд байна гэж бодохгүй байна. Харамсалтай нь ийм юм илрээд байх юм. Дашрамд хэлэхэд энэ нэр нууцлагдмал байх ёстой. Б сорьц ирээд батлагдвал эрх бүхий байгууллага нь зарлах ёстой.

-Бөхчүүдийн найраа хэрээс хэтэрчээ. Танай холбооноос арга хэмжээ авч байгаа биз дээ?

-Монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ шатанд гаргах гэж Монголын үндэсний бөхийн холбоо хорин хэдэн жил ажиллаж ирлээ. Энэ зорилгоо төртэйгөө ч, ард түмэнтэйгээ ч, бөхчүүдтэйгээ ч хамтраад чамгүй сайн хэрэгжүүлж байна гэж бодож явдаг. Бөхчүүдийг дээдэлж байна гэдэг бол монгол бөхийг дээдэлж байгаа  хэрэг. Үүний буянд бөхчүүд маань дээдлэгдэж байгаа юм. Бөхийн авьяас ямар ч авьяасаас өндөр үнэлэгдэж байна. Энэ бол МҮБХ-ноос хорин хэдэн жил уйгагүй ажилласны үр дүн юм. Бөхчүүд маань дэлхийд хамгаалагдсан өв соёлын буянаар алдар цуутай болж, ард түмэндээ хайрлагдаж яваа. Улсын наадамд найраа байна гэдгийг ард түмэн ярьдаг. Бөхчүүд ярьдаг. Бөхийн холбоо мэдэрдэг байсан. Үүнийг багасгах гэж олон жил зүтгэсэн. Монголчууд мэдэж байгаа. Дөрвийн давааг оноодог болгосон. Зургаагийн даваа, наймын давааг тусгай цолтой болгосон. Бөхчүүдийг амжилтаар эрэмбэлдэг болгосон. Энэ гурван төрлийн шинэчлэлтийн үр дүнд сүүлийн хэдэн жилийн наадмын дараа наадам сайхан боллоо л гэж ярьдаг болсон.

-Мөнгө өгч авалцах нь бүрмөсөн тасарч чадсан уу?

-Үгүй ээ. Бид 100 хувь тасалж чадаагүй. Хавтгай байсныг өөр болгосон. Одоо бол арав хорин хувь байх шиг байна. Улаанбаатарт болдог наадам сайхан болж эхэлсэн. Энд баяр наадмын хуульд яаж заасан, тэрийг хэрэгжүүлээд наадам явж байгаа. Гэтэл хөдөө орон нутагт сүүлийн үед наадам хууль зөрчих болсон. Монголын бөхчүүд бүгдээрээ биш нэр бүхий цөөн бөхчүүд аймгийн наадам хэсч, үймүүлж цол наймаалж, тэр аймгийн бүхэл бүтэн ард түмнийг доромжилж, эрхэм нандин дээдлэх үзлийн дээд хэмжээнд хүрсэн монгол бөхийг гутааж, өндөр цолоо гутааж яваа байдал гарсаар байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Тухайн бөхчүүд хэдэн төгрөг олъё гэдэг ч юм уу, хэн нэгэн дэмжих гэсэн залуугаа цолонд хүргэх ч гэсэн юм уу, энэ оролдлогоо шударга бусаар хийж байна. Мөнгийг яаж ч олж болно. Бизнес хийгээд ч юм уу, ном зохиол бичээд ч олж болно. Хүн бүрт мөнгө олох арга бий. Гэхдээ хамгийн эрхэм нандин зүйлээ наймаалцаж мөнгө олж болохгүй. Тухайн бөхчүүд мөнгө олох гэж яваа бол монгол бөхөө гутааж байгаа, унагаж байгаа, ард түмний тэр их дэмжлэгийг түлхэж байгаа хэрэг. Төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг түлхэж байгаа хэрэг. Үүнийгээ харамсалтай нь мэддэггүй. Мэдсэн ч хамаагүй өнөөдөр л таван цаас олж байгаа бол монгол бөх, бөхчүүд яаж унах нь хамаагүй болчихоод байна. Ийм түвшинд манай зарим бөхчүүд хүрсэн байна. Энэ бол туйлын харамсалтай, жигшилтэй, гутамшигтай зүйл. Үүний нэг тод жишээ Дундговийн наадам боллоо доо.

Э.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих