Барилгын салбарт ”чөтгөр шүглэжээ”

Сүүлийн жилүүдэд нийслэлд барилгажилт эрчимжсэн. Хаана л багахан зай байна, тэнд хэн дуртай нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нь үнэн. Том, жижиг компаниуд ийн барилга барихдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг огт сахидаггүйг холбогдох байгууллагынхан хэлдэг. Тэд хэлсэн, хэлээгүй худал хэлсэн хүнд өдөр болгон барилга дээрээс хүн унаж, амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, гар хөлөө тасдах осол гарсаар байгаа юм. Энэ бүхэн үндсэндээ хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг огт сахиагүйтэй холбоотой. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гэхэд хоёр барилга дээр томоохон осол гарлаа. Энэ сарын 3-ны өдөр Саппорогийн тойргийн зүүн талд байрлах “Од хийморь” эмнэлгийн өргөтгөлийн барилга дээр осол гарч, нэг хүн амь үрэгдэж, нэг хүн бэртэж, гэмтсэн.

Мөн эд хөрөнгөөрөө хохирсон. Долоон давхар барилгын карказ руу бетон зуурмаг шахах гэж байсан помп сумаа сунгах үедээ осолдож, унасан юм. Энэ үед хоёр охиноо дагуулаад гарцаар гарч явсан эмэгтэй хүүхдээ даруулчихсан. Мөн замаар явж байсан машины хамар дээр унаж, жолооч нь бага зэрэг бэртсэн юм. Осолыг чухам юунаас болж гарсан, хэн буруутай вэ гэдийг одоо болтол нарийн сайн тогтоогоогүй л байна. Осолтой холбоотой компаниудын удирдлагууд бүгд л өөрсдийгөө буруугүй гэсэн мэдэгдэл хийж байна. Ослын дараа барилгын гүйцэтгэгч байгууллага болох Төгс гүрэн” компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсэн. Гэхдээ тэд “Сайн, муу ч хүний амь үрэгдлээ” гэх маягийн юм ярьж, буруутныг тогтоох ёстойг хэлсэн байсан. Тэгвэл бетон зуурмаг шахагч помпыг эзэмшигч “Орд гео” компанийнхан ч гэсэн өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа юм билээ. Ямар ч байсан цагдаа нар жолоочийг нь байцааж байгаа.

Тэгвэл зөвшөөрөлгүй барилга барих захиалга өгсөн “МҮДИ” компанийнхан огт дуугарахгүй хэвээр байна. Яг нарийндаа бүх бурууг захиалагч компани хүлээх ёстой. Зөвшөөрөлгүй газар дураараа барилга бариагүй байсан бол ийм ноцтой осол гарах учиргүй. Нөгөө талаар барилгын компаниуд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг огт сахидаггүй нь мэдрэгдэж байгаа юм. Хэрвээ “Төгс гүрэн” компанид хөдөлмөр хамгааллын инженер гэж байсан бол тэнд помп суурилуулж болохгүй гэдгийг мэдэж, хэлэх ёстой байсан. Өмнө нь ирж байсан помпын жолооч нар “Буянт сетанури” эмнэлгийн ар талд зогсч байгаад зуурмагаа шахдаг байсан юм билээ. Харин тэр өдөр ирсэн помпын жолооч анх удаагаа тэнд очсон гэсэн. Тэр утгаараа газрын байрлалаа сайн мэдээгүй байж болох. Ослын дараа нийслэлээс Улаанбаатарын хэмжээнд 60 гаруй барилга зөвшөөрөлгүй баригдаж байна. Түүнийг болиулна гэж мэдэгдсэн. Үндсэндээ зөвшөөрөлгүй барилга байсан учир осол гарлаа гэх маягаар тайлбарлаж байсан юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногийн дундуур дахиад л барилга дээр осол гарлаа. Гэхдээ зөвшөөрөлтэй барилга дээр ноцтой осол гарсан нь хөдөлмөр хамгаалал гэж байхгүй болсныг нотолсон хэрэг боллоо. “Хурд” компанийн барьж байсан барилга дээр кран хугарч, ноцтой осол гарсан юм. Кран хугарч унах үед кранист нь кабинаасаа үсэрсэн тухай ойр хавьд байсан иргэд хэлж байна. Осол гарсны дараа түргэн тусламжийн машин очсон ч хүн авч яваагүй гэсэн. Тэгэхээр кранист үерэхдээ нас барсан байх гэсэн таамгийг гаргаад байгаа юм. Энэ хэрэг явдлын талаар нэлээд нууцалж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компанийн барилга дээр ноцтой осол гарсан учир ингэж байгаа гэх.

“Хурд” хорооллын оршин суугчдын хэлж буйгаар удирдлагууд нь ажилчиддаа наад захын ажлын хэрэгсэл, бээлий, малгай өгдөггүй гэх. Тэгэхээр хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангадаггүй нь мэдрэгдэж байгаа юм. Краны сум хугарах нь битгий хэл хамгаалалтын каск өмсөөгүй явж байгаад тоосгонд цохиулж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол ч бий. Тэгэхээр цаашид барилгын салбарт анхаарч, хөдөлмөр хамгааллыг сайжруулахгүй бол Монгол Улсын хүн ам өснө гэдэг бараг мөрөөдөл болох тийшээ хандах нь бололтой.

Уг нь өнгөрсөн долоо хоногт барилгын салбарынхны баяр болсон. Барилгачид баярлаж байх хоорондоо “хар долоо хоног”-ийг үдлээ. Энэ бол хямд зардлаар чанаргүй барилга барьж, ашиг олох гэсэн харалган нөхдүүдийн шунаг үйлдэлтэй холбоотой гээд хэлчихэд буруутгахгүй. “Хурд” групп шиг том компаниуд хөдөлмөр хамгааллыг чанд сайн сахиж чадахгүй, ноцтой осол гарч байхад бид зөвшөөрөлгүй барилга яриад сууж байх цаг үү, биш үү гэдэг нь сонин байна. Ямар ч байсан салбарын сайд энэ асуудалд онцгой анхаарч, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид ч авлигад идэгдэж, ялхайж сууж байхын оронд хяналт шалгалтаа олигтойхон тавиад, үнэнч ажиллахгүй бол барилгын салбарт шүглэсэн “чөтгөр” хэчнээн ч хүний амийг авч явж мэдэх нь. Магадгүй авлигаар авсан байр чинь нэг өдөр нурж унаж ч мэдэх юм.

Н.ПУНЦАГБОЛД

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих