Хар тамхины хэрэгт 66 хүн шийтгүүлжээ
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн талаарх судалгааг Дээд шүүхийн Судалгааны төв гаргажээ. Судалгаагаар сүүлийн таван жилд энэ төрлийн 28 гэмт хэрэгт 66 хүн ял шийтгүүлсэн байна.
Судалгаанаас харахад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг харьцангүй олон аж. Тухайлбал, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийн улмаас 62 хүн “шүүгджээ”. Мансууруулах бодис олж авсан бодисоо хадгалсан гэмт хэрэгт 22, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт 14 хүн холбогдсон аж. Мөн хар тамхи тээвэрлэсэн гэмт хэрэгт 10 хүн, борлуулсан гэмт хэрэгт 14 хүн тус тус шийтгүүлсэн байна.
Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт долоон хүн ял шийтгүүлжээ.
Үүнээс гадна ийм төрлийн бодисыг бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, худалдах, хуваарилах, тээвэрлэх журмыг зөрчсөн гэмт хэрэгт гурван хүн шүүхээс ял сонссон байна.
2007 онд энэ төрлийн гурван гэмт хэрэгт 16, 2008 онд хоёр гэмт хэрэгт найм, 2009 онд дөрвөн гэмт хэрэгт найм, 2010 онд таван гэмт хэрэгт долоон хүн тус тус ял шийтгүүлжээ. Харин өнгөрсөн онд 14 гэмт хэрэгт 27 хүн ял шийтгүүлсэн нь өмнөх дөрвөн жилийн тоотой тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн хар тамхины гэмт хэргийн тоо ихээхэн өссөнийг харуулж байгааг судалгааны багийнхан хэлсэн.
Эндээс үзвэл 19-30 насны залуус хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй олон байгаа аж. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт дээрх насны 50 залуу ял шийтгүүлсэн нь нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх олонхи буюу 75.8 хувийг эзэлж байгаа юм. Мөн насанд хүрээгүй буюу 17-18 насны хоёр хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлжээ.
Ц.ӨРНӨХ
URL: