Дэд сайд нарын хэн нь хэн бэ
Энэ Засгийн газарт ажиллах дэд сайдуудын нэрс тодорлоо. Харин хэн нь хэн бэ гэдгийг иргэд ихээр сонирхож байгаа. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдад нэр дэвшигч, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэгийг хүмүүс зүс таних ч намтар түүхийг нь тэр бүр мэдэхгүй, Тэрээр өдгөө АН-ын нарийн бичгийн даргын албаас дэд сайдаар томилогдох нь. Түүнийг намын дарга Н.Алтанхуягийн фракц Алтангадасын гишүүн гэдгийг хүмүүс мэдэх байх. Түүний аавыг Бандихүү гэдэг бөгөөд аав нь Санхүүч, худалдааны мэргэжилтэй. Олон жил орон нутагт, тэр дундаа Дундговь аймагтаа худалдааны салбарт ажиллаж байсан нэгэн. Харин Б.Ургамалцэцэг нь ардчилал ялсан цагаас АН-д намын арын албанд ажиллаж байснаа сүүлд удирдах албан тушаалд дэвшиж гарсан. Ийн АН засаг барих цагт боловсролын салбарын бодлогыг тодорхойлолцох нь. Б.Ургамалцэцэгийг боловсролын салбарт томилох болсон нь учиртай. Тэрээр Багшийн их сургуулийн Сурган, сэтгэл судлалын бакалавр, АНУ-ын Бридж портын их сургуулийн боловсролын шинжлэх ухааны магистрын зэрэгтэй юм.
АН-ын ҮЗХ-ны гишүүн Ц.Тувааны хувьд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн хүү. Аав Цэвэгдорж нь цэргийн хурандаа цолтой бөгөөд энэ салбарт насаараа ажиллажээ. Харин Ц.Туваан нь Төв аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн, Чингэлтэй дүүргийн ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байсан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай нэлээд ойр дотно ажилладаг бөгөөд “Шонхор” фракцын гишүүн хүн юм. Тэрээр Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэсэн учраас Эрүүл мэндийн дэд сайдын албанд орох хүсэлтэй байгаа ч намаас нь энэ удаа түүнд итгэл хүлээлгэхгүй сурагтай. Харин түүний оронд АН-ынхан Эрүүл мэндийн дэд сайдаар Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанааг ажиллуулахаар болж байгаа аж. Учир нь Ж.Амарсанаа нь Ц.Туваанаас эрүүл мэндийн талаар арай ихийг мэддэг нэгэн гэнэ. “Нэг ардчилал” фракцын гишүүн түүнийг Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын сайдууд татаж чангаасаар гаргаж ирж байгааг учир мэдэх хүмүүс дуулгаж байна.
Уг нь намынх нь нөхөд “Бага балчир түүнд албан тушаал өгөх арай болоогүй байсан юм” гэж байгаа сураг ч бий. Гэхдээ Японд явж эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн учраас, бас фракциуд дэд сайдын суудлыг нам дотроо хуваасан учраас ийн боломж нээгджээ.
Н.Алтанхуягийн Засгийн газар жендерийн өндөр мэдрэмжтэй гэдгээрээ дуудуулах болоод байгаа. Засгийн газрын гишүүд нь яс үндэс, эр эм харгалзалгүйгээр бүрдэж байгаа учраас ийн цоллогдох болсон биз. Тэрээр дэд сайдуудынхаа нэрсийг гаргахдаа ч эмэгтэй хүн, казах үндэстнээс хүмүүс оруулсан нь жендерийн мэдрэмжтэй гэдгээ харуулах гэснийх биз. Зам, тээврийн дэд сайдын суудалд нэр нь яригдаж байгаа Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан нь “Алтангадас” фракцын гишүүн, Н.Алтанхуяг сайдын хүн гэсэн үг. Тиймдээ ч дэд сайд боллоо гэсэн яриа гадуур гүйж байна. Ержаны аавыг Хабшай гэдэг бөгөөд АН-д 22 жил зүтгэсэн нэгэн гэж байгаа.
Ингэхдээ Хабшай нь Улсын радио хорооны дарга, Налайх, Увсын АН-ын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайванийн Удирдлагын комиссын сургуулийг дүүргэсэн байна. Тиймдээ ч өнөөдөр Зам, тээврийн дэд сайд болохоор хүсэлтээ хүргүүлсэн сурагтай. Энэ хүсэлттэй нь намынх нь удирдлагууд танилцаж Ерөнхий сайд дэм өгснөөр албан тушаалд хүрэх эрхээ өвөрлөжээ.
Уул уурхайн дэд сайдаар мөн л олонд төдийлөн танигдаагүй нэгэн ажиллах хүсэлтээ хүргүүлжээ. Энэ хүнийг О.Эрдэнэбулган гэдэг бөгөөд бас л “Алтангадас” фракцынх. 2005 оноос хойш Сүхбаатар аймгаас АН-ын ҮЗХ-ны гишүүн болж ажилласаар өнөөдрийг хүрчээ. Тэрээр Итали улсад уул уурхайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан учраас “Би энэ салбарт яг тохирно” гэж намынхандаа мэдэгдсэн сураг байгаа. Ийм мэргэжил эззмшсэн учраас л түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр магтаж, сайлсаар дэд сайд болгохоор тохирсон гэх. Харин Гадаад харилцааны дэд сайдад томилогдохоор зэхэж буй “шар” хэмээх Д.Ганхуяг нь энэ салбарт олон жил ажилласан нэгэн. Тэрээр хамгийн сүүлд л гэхэд Гадаад харилцааны яамны Консулын газрын даргын албыг хашиж байгаа. Тэрээр аль нэгэн фракц гэж явдаггүй бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэнэ. Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Гочоосүрэнгийн охин Г.Байгальмаа мөн л дэд сайдаар ажиллах гэж буй. Тэрээр МоАХ, тодруулбал Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гарын хүн гэгддэг. МоАХ-ны нарийн бичгийн дарга гэдгээр нь хүмүүс мэднэ. Нэг ёсондоо фракциудад оногдсон бялууны зүсэм түүнийг дэд сайд болгож байгаа хэрэг л дээ. Бас болоогүй дэд сайдаар ажиллах хүсэлтээ өгөхдөө олон талыг харгалзсан гэж байгаа. Тодруулбал даргынхаа хариуцаж, буй яамны дэд сайдаар ажиллаиа гэсэн бат итгэлтэй яваа аж. Таван жилийн турш МоАХ-ны нарийн бичгийн даргаар ажилласан. Нарийн бичгийн дарга болохоосоо өмнө хуульч, эрхзүйн мэргэжил эзэмшсэнийхээ дагуу ШШГЕГ-т ажиллаж байжээ.
Харин Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайдаар ажиллаж асан А.Баттөр Батлан хамгаалахын дэд сайдад нэр дэвшээд буй. Түүний аав Авирмэд нь Ховд аймгийн гаралтай. Уг нь түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэдэг ч энэ удаа МоАХ-ны нэр дээр дэд сайдын суудал авсан байгаа юм.
Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв ч энэ удаа дэд сайдын албанд суухаар зориг шулуудсан байгаа юм. Санхүү эдийн засгийн сургуулийг саяхан дүүргэсэн тэрээр Төв аймгаас УИХ-д сонгогдохоор АН-аас олон удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа ялалт байгуулаагүй. Үүндээ гутарсан уу, яасан энэ албаа өөр нэгэнд шилжүүлж дэд сайдаар ажиллахаар болж байгаа аж. АН доторх “Мөнхтэнгэр” фракцын гишүүн тэрээр дэд сайдын суудлыг хүртжээ. Ямартай ч Эрчим хүчний дэд сайд болж байв.
Харин Э.Тамир, Н.Пүрэвээ нарын намтар гэвэл нэн товчхон. Э.Тамир нь “Коматцу” компанийн захирал, Хан-Уул дүүргээс ИТХ-д хоёр ч удаа суусан. Түүний улс төрийн түүх гэвэл 2008 оны орон нутгийн сонгуулиас хойш хөвөрдөг. Мөн “Нэг ардчилал” фракцын гишүүн гэсэн тодотголтой, Харин Н.Пүрэвээг ойр дотных нь хүмүүс “улаан” хэмээн тодотгодог бөгөөд өмнө нь улс төр хөөж яваагүй. “Гангар инвест” компанийг нэлээд эрт үүсгэн байгуулж ажилласан. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд их хэмжээний чацарганын мод тариалж анх удаа олны өмнө гарч байсан удаатай. Тэрээр МҮДН буюу УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын фракцын төлөөлөл.
Ийн АН-ынхан дэд сайд нараа тодруулжээ. Эндээс харахад АН-ын “Алтангадас” фракцынхан дэд сайдын суудалд хүч түржээ. Шууд хэлбэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг багаа өөрөө бүрдүүлэх эрхтэй учир фракцынхаа төлөөллийг дэд сайдын суудалд түлхүү оруулсан бололтой.
Түүнчлэн МАХН-аас гурван дэд сайдтай байх бөгөөд Э.Эрдэнэжамъян, О.Чулуунбат, Б.Тулга нар тодорсон. Э.Эрдэнэжамъянгийн хувьд хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Уг мэргэжлийг Шихихутаг их сургуульд эзэмшиж Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан. Энэ мэргэжлээрээ “Эрдэнэс МГЛ-ын хуулийн хэлтсийн даргаар хэсэг хугацаанд ажиллаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАХН-д элссэн түүхтэй. Уг нь тэрээр 1997 онд МАХН-д элсч С.Баярын сонгуулийн штабт хүртэл ажиллаж байсан. Харин түүний аавыг Эрдэнэбилэг гэдэг бөгөөд “Талх чихэр” компанид олон жил ажилласан хүн байдаг ажээ. О.Чулуунбатын хувьд бусад дэд сайд нараасаа нэлээд олонд танигдсан. УИХ-ын гишүүн асан. МАН-аас урваж МАХН-д элсэгчдийн нэг. Уг нь тэрээр Сангийн сайдын түлхүүрийг атгах төлөвлөгөөтэй байсан ч МАХН доторх элдэв зөрчлөөс үүдэн ийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад горилж буй азгүй нэгэн. Уг нь Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан энэ гурав Сангийн сайдаар О.Чулуунбатыгаа ажиллуулахаар тохироод байсан юм шиг байна лээ. МАН-аас гурвуулаа гарсан юм чинь бүгдээрээ албан тушаалд очъё гэж. Гэтэл МАХН-аас УИХ-ын дэд даргаар ажиллах болсон Л.Цог хор хутгаж гүйсээр энэ төлөвлөгөөг нь нураасан гэдэг. Ингэхдээ Л.Цог сүүлд Сангийн сайдаар ажиллах , болсон Ч.Улааны “толгойг угаасан”сураг байдаг. МАХН-ын гурав дахь дэд сайд нь Б.Тулга. Энэ хүнийг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах байсан гэдгээр нь хүмүүс мэдэх болсон. Нэг ёсондоо МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг сөхөгдөх үед “хам” хэрэгтэн болгож хуулийн байгууллагынхан шалгах үёд Б.Тулга гэдэг хүний нэр дуурссан гэх үү дээ. “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчлахад гар бие оролцсон гэгдэх хүмүүсийн нэг нь гэсэн үг л дээ. Түүнээс хойш МАХН-аас зохион байгуулсан элдэв жагсаал цуглааныг удирдаж оролцох болсноор Б.Тулга гэсэн нэр танигдсан. Тэрээр байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллах юм гэсэн.
Дэд сайд гэж тодотгосон бялуунаас МҮАН хоёр хэрчмийг хүртлээ. Энэ нь намын дэд дарга Б.Цогтгэрэл, Ж.Батхуяг нар юм. Жамъяндоржийн Батхуяг гэх энэ эрхэм Батлан хамгаалахын сайд асан. 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож дөрвөн жил ажилласан түүхтэй. Тэрээр эдийн засгийн ухаанд түлхүү шамдсан амжилттай. 1987-1988 онд Москвагийн улсын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, 1992-1993 онд АНУ-д Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, 1997-1999 онд АНУ-ын Денвер хот дэх Колорадогийн их сургуульд суралцаж Эдийн засгийн ухааны мастер болсон гэх мэтээр энэ салбарт суралцаж ажилласан түүх их. “Эх орон” эвсэл задарч АН-аас хэсэг нөхөд салж гарахад М.Энхсайханыг дагасан хүн. Тэрээр МҮАН-ын цөөн хэдэн боловсон хүчний нэг хэмээн тодотгогддог. Б.Цогтгэрэл нь Архангай аймгийн Өлзийт сумын уугуул. Түүний эцэг Б.Баянжаргал нь малын эмч, хуульч мэргэжилтэй бөгөөд аймгийнхаа цагдаагийн байгууллагад олон жил ажиллажээ. Цогтгэрэл нь өөрөө эдийн, засагч, хуульч мэргэжлээр суралцаж төгссөн. “Ажнай” корпораци, Шадар сайдын улс төрийн зөвлөх гэх мэтээр олон ажил хийж байсан. Хамгийн сүүлд МҮАН-ын дэд даргаар сонгогдон ажиллах болсон. Түүний улс төрийн замнал нь Ж.Батхуягийнхтай ижил.
Ийн АН болон эвслээс 16 дэд сайдаа тодруулаад буй. Харин ИЗНН яах юм бол. Уг нь “Гермэс” төвийн захирал Х.Түмэнжаргалыг дэд сайдаар ажиллуулахаар болж нэрийг нь тодруулаад байгаа. Гэтэл дэд сайдын сэнтийд залрах хүмүүсийн тоо гүйцчихээд байдаг “Шударга ёс” эвслийнхэн ИЗНН-д дэд сайдын суудал өгөх ёсгүй гэж үзэж, түүнийгээ илэрхийлж байгаа гэсэн. Харин ИЗНН-ынхан “Яагаад бид хоосон үлдэх гэж” гэсэн асуултыг сөргүүлэн тавьж буй. Хэрвээ ИЗНН-аас Х.Түмэнжаргал дэд сайдаар ажиллавал МҮАН-ын нэг суудал хасагдаж магадгүй байгаа юм гэсэн. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх болно.
Л.МӨНХТӨР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: