Кран хугарч унан бас нэг хүний амь үрэгдлээ
Өчигдөр буюу 9 дүгээр сарын 7-нд 19 цагийн үед Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байх Хурд хороололд баригдаж буй орон сууцны барилга дээр томоохон осол гарлаа.
Барилгын ажил хийгдэж байхад кран хугарч доош унасан байна. Кран доошоо унаж байх үед кранист кабинаасаа гарч доош үсэрснийг ойр орчимд нь байсан иргэд баталж байгаа юм. Мөн түргэн тусламжийн машин ирсэн ч хоосон буцсан болохоор тэр ажилчин нас барсан бололтой гэж таамаглаж байна. Иргэдийн дуудлагын дагуу ETV телевизийн сэтгүүлч зураглаач нар осол болсон газарт очиход орчин тойронд байх камеруудыг бүгдийг нь бүтээж, далдалсан байжээ. Харин осол чухам юунаас болоод гарсан, ямар хохирол учирсан талаар мэдээлэл өгөх хүн байсангүй. Хурд хорооллын оршин суугчдын хэлж байгаагаар тус барилга дээр ажиллаж байгаа хүмүүст хамгаалах малгай, бээлийнээс эхлээд наад захын хамгаалах хэрэгсэл өгдөггүй. Ажилчидтай гэрээ хийлгүй, цагийн хөдөлмөрийн хөлсийг 1800 төгрөгөөр тооцон, хоол ундгүй ажиллуулдаг байжээ. Барилгын ажлын аюулгүй ажиллагаа монголд үнэхээр дээд цэгтээ хүртэлээ алдагджээ гэдгийг энэ салбарт байнга гарч байгаа үйлдвэрлэлийн осол харуулж байна.
Эх сурвалж noyon.mn
URL: