Б.Бадамцэцэг: Түүхэн кинонд л тоглож байвал шивэгчний дүр ч яах вэ гэж боддог байлаа
Залуу нас гэдэг эгэлгүй олон чимэглэлэээр бус энгийн сайхан инээмсэглэлээр гоёдог нандин үе байдаг. Тэгвэл нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан Б.Бадамцэцэгтэй энэ удаа энгийн гэж хэлж болмоор хувь хүний зан авир, залуу бас эмэгтэй хүн гэсэн үүднээс ярилцлаа. Та бүхэн түүнийг “Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр илүү мэдэх байх. Цаг зав давчуу явсан хэдий ч тэрбээр бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан юм.
-“Ану хатан” кинонд түүхэн дүр бүтээж байгаа. Киноны зураг авалт дуусчихсан уу?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хавраас хойш их завгүй байлаа. Би “Ану хатан” кинонд Ахай гэдэг гүнжийн дүрд тоглосон. Энэ бол Монголын төрийг 30 жилийн турш барьсан Цэвээнравдангийн бага хатан. Киноны маань зураг авалт дууссан. Одоо монтаж хийгдэж байгаа.
-Ямар хувь зохиолоор энэ кинонд тоглох болов?
-Б.Шүүдэрцэцэг эгчтэй танилцахаасаа өмнө номнуудыг нь их уншдаг байлаа. Кинонд тоглохын өмнө “Ану хатан” романыг уншсан. Дараа нь “Монос” группийн хүлээн авалт дээр Б.Шүүдэрцэцэг зохиолчтой танилцсан юм. Тэр үед Шүүдэрээ эгч “Чамайг пробонд оруулах гэсэн юм. Хүрээд ирэх үү” гэсэн. Пробонд орж тэнцсэнээр кинонд тоглохоор болсон.
Түүхэн кинонд тоглох нь миний мөрөөдөл байсан. Гэрийнхэндээ “Түүхэн кинонд л тоглож байвал шивэгчний дүр бүтээж байсан ч яах вэ” гээд инээлгэж байсан удаа ч бий. Мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байна. Гүнжийн дүрд тоглосон нь миний насан туршийн бахархал.
-Гуравдугаар курсийн оюутан болчихлоо. Хичээлийн шинэ жил ямаршуу байна вэ?
-Бүх юмаа цэгцэлж амжаагүй байхад хичээл орчихлоо. Зуны турш киноны зураг авалт гээд ажил ихтэй байлаа. Сургууль дээрээ очоод хичээлд суусан чинь сонин санагдаж байна.
Ангидаа ороод лекцэнд сууснаа “юу билээ” ч гэж бодох шиг. Хоёр, гурван сар их хөдөлгөөнтэй байж, хөдөө гадаа их явсан болохоор хичээл номноос төсөөрчихжээ. Хичээл, ажил гээд бүх зүйлээ зохицуулах гээд хичээж л явна. Өглөө л нойр их хүрэх юм.
-Нойрондоо харам бололтой?
-Тийм шүү. Өглөө сэрэхэд тааз л харагддаг. Хичээл, ажилтай үед хамгийн түрүүнд утасныхаа цагийг хардаг. Хамгийн их хардаг зүйл маань утасны цаг юм даа.
-Өглөө бүр өөртөө зориулсан онцгой зоог барьдаг уу?
-Би багадаа “сүүний хулгайч” хочтой байлаа. Олон жил хоёр муур тэжээсэн. Ээж маань муурныхаа сүүг ууж болохгүй шүү гэж захина.
Гэвч хөргөгчинд байдаг хайрцагтай сүүг өөрийн мэдэлгүй л уугаад дуусгачихсан байдагсан. Одоо ч гэсэн би өглөө бүр сүү уудаг.
-Үргэлж холбоотой байдаг найз нөхдийнхөө тухай яриач?
-Надад хамгийн дотно гурван сайн найз бий. Дунд сургуульд байхдаа наймуулаа нийлдэг байлаа. Би тэр найзууддаа үргэлж баярлаж явдаг. Хүн орчноо дагаад тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг юм билээ. Бага байхдаа “Хэзээ ч их зантай болохгүй” гэж өөртөө амладаг байсан.
Гэвч хүний зарим зан авир, үзэл бодол байгаа орчноо дагаад өөр болдгийг мэдэрсэн. “Хэцүү анги” кинонд тоглож, “Мисс Монголиа 2010”-ын титэм хүртээд тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байх. Мэдээж би албаар өөрчлөгдөөгүй л дээ. Тэр үед сайн найзууд маань хамгийн үнэнийг хэлж, ухааруулсан. Би найзуудаасаа тийм зэмлэл хүртээд бүр уйлсан.
Найзууддаа маш их баярлаж явдаг. Б.Бадамцэцэг гэдэг хүнийг өдий хүртэл өөрөөрөө байхад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн хүмүүс бол миний найзууд.
-“Нөхөрлөл” гэдгийг танд утгаар нь мэдрүүлдэг дотны найз бий юу?
-Би шатрын спортын дэлхийн аварга А.Энхтуултай их дотно. Бидний нөхөрлөлөөс “найз нөхөр” гэдгийн мөн чанарыг бүрэн дүүрэн харж болно гэж ам бардам хэлж чадна. Хэдий үргэлж хамт байж чаддаггүй ч жаргал, зовлонгоо байнга хуваалцдаг. Хамтдаа ямарваа нэгэн зүйлийг хэнд ч гологдохооргүй хийж чаддаг.
Бидний хамгийн үнэт зүйл бол итгэл. Тиймдээ ч би нөхөрлөлийг итгэлцэл дээр тогтдог гэж боддог. Бидний нэг нь ямар нэгэн тэмцээн уралдаанд орлоо гэхэд залбираад, захыг нь мушгиад суудаг. Ээжүүд маань бие биеэ сайн мэддэг. Гэр бүлийн найзууд гэж хэлж болно. Бүх юмаа хуваалцдаг учраас хэн хэнийгээ хэнээс ч илүү мэддэг.
А.Энхтуул бид хоёр зан чанарын хувьд их ялгаатай. Тиймдээ ч хоёр биенээ нөхөөд явчихдаг. Тоондоо бус тулж түших итгэлд л найз нөхдийн үнэ цэн хадгалагддаг юм болов уу.
-Гэхдээ эмэгтэй хүүхдэд ээжээс илүү дотны найз байдаггүй гэдэг?
-Хүмүүс ээж бид хоёрыг яг найзууд шиг гэдэг юм. Миний ээж их эмч мэргэжилтэй. Бүх төрлийн өвчин эмгэгийг үзэж, эмчилж чаддагаар нь маш их бахархдаг. Би зан араншингийнхаа хувьд ээжийгээ өвчсөн мэт дуурайсан.
Бага байхаас минь надтай бүхий л зүйлсийн талаар ярилцаж, зөвлөлддөг байлаа. Тиймээс ч би ээжээсээ юу ч нуухыг хүсдэггүй. Ээж маань ч намайг их сайн ойлгодог. Ярилцах бүртээ л маш сайн ойлголцдог. Хүнд байдаг нандин бүхнийг агуулсан хүн гэвэл би ээжийгээ л хэлнэ.
-Тэгвэл хүний хамгийн нандин чанарын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүний сайн сайхан бүхнийг ээжээсээ мэдэрдэг. Түүнээс өдөр бүр үлгэр дууриал авдаг. Өглөө бүр сэрээд тэр хүний хайр халамжийг мэдэрч, эрч хүч авдаг. Ерөнхийдөө эмэгтэй хүний гоо сайхан хоёр талаасаа харагддаг.
Гадаад гоо үзэсгэлэн алаг нүд, туранхай биеэс эхлэх албагүй. Харин дотоод гоо сайхан гаднаасаа, дотроосоо ч харагддаг давуу талтай. Хүн гаднаа хөөрхөн, сайхан, өв тэгш байлаа ч бусдад сайхан сэтгэл гаргаж, өрөөлийг хайрлаж, хүндэтгэж чаддаггүй бол тэр хүн хэзээ ч үзэсгэлэнтэй харагдахгүй. Би онгирч, омогшдоггүй хэдий ч өөртөө итгэлтэй байдаг.
-Өөрөөрөө хамгийн их бахархаж байсан мөчөө дурсвал?
-11 дүгээр ангидаа мисс болоод хамгийн их бахархсан. Гэхдээ надад мисс гэдэг нэрнээс титэм нь илүү санагдсан. Энэ бол зүгээр нэг бардамнал биш. Надад асар их хүндлэл үзүүлж байгаа юм шиг санагдсан.
Гоо үзэсгэлэн, эрхэм бүхнээ өрөөл бусдад үнэлүүлж, хүндлэл хүлээх нь эмэгтэй хүн бүрийн нууцхан хүсэл байдаг юм болов уу. Өөрөө өөртөө сэтгэл ханамж авсан болохоор илүүд шунах хүсэл надад байхгүй. Одоо байгаа давуу талаа цаашид хадгалж, улам хөгжүүлэхийг л хүсдэг.
-Таны хамгийн том давуу тал юу бол?
-Багадаа маш сахилгагүй хүүхэд байлаа. Би зан араншиндаа баригдаад байдаггүй. Байгаа орчиндоо тохируулаад л биеэ авч явдаг. Хаана ч, хэнд ч өөрийгөө зөв илэрхийлж чадна. Миний хамгийн эрхэмлэдэг зүйл бол харилцаа.
-Хавар “Удахгүй жолооч болно” гэж ярьж байсан. Жолооны үнэмлэхээ авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Машинтай болж хараахан амжаагүй байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Алтанбулаг руу хүмүүнлэгийн ажлаар ээжийгээ хажуудаа суулгаад явсан. Ээж маань унтчихаар нь сахилгагүйтээд бага зэрэг давхитал нэг машин надтай яг зэрэгцээд ирсэн. Би их зөрүүд л дээ. Тэгээд зэрэгцээд хурдлаад байсан чинь Дархан хүрээд шатахуун түгээх станц дээр гүйцээд ирсэн. Тэгсэн жолооч нь бууж харснаа “Өө, эмэгтэй жолооч байсан юм уу” гээд буцсан. Гэхдээ би ямар ч үед дээд зэргийн анхаарал, хариуцлагатай явдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: