Хямрал айсуй, Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

Өмнөд хөршийн үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн наймдугаар сарын 24-нд анх удаа гарван cap дараалан 50 хувиас доош уналаа. Энэ нь БНХАУ-ын үйлдвэрлэл буурч буйн том баталгаа юм. Хятад Улсын засаглалаас хамаараад коммунист статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд нь олон улсын шинжээчид эсрэг байр суурьтай байдаг юм билээ. Гэтэл энэ үзүүлэлт бол хувийн үйлдвэрүүдээс гарсан бодит тоо. Дээр нь сүүлийн гурван жил дараалан Хятадын ДНБ-ий өсөлт тасралтгүй буурч байгаа гэсэн таагүй мэдээлэл бий. Тэгэхээр манай улсаас авдаг нүүрс, зэсийн хэмжээг бууруулах эрсдэлд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хятадын экспорт буурахаар үүнийг дагаад манай улсын түүхий эдийн худалдаа буурна гэсэн үг. Харин Хятадын эдийн засгийн таагүй байдлыг олон улсын шинжээчид өмнөд хөршийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гол түнш болох Европ, АНУ-ын эдийн засаг сүүлийн таван жил буурах үзүүлэлтэй гарсантай холбон тайлбарлаж байна.

Чухамдаа БНХАУ-ын эдийн засгаас шалтгаалж манай улсад 3-4 жилийн хугацаанд хүнд нөхцөл үүсэх эрсдэл бий болоод байгааг ч эдийн засагчид дуулгаж эхэллээ. Хэрэв манай улсын уул уурхайн салбар зогсонги байдалд орвол бид нэн түрүүнд татварын орлогогүй болно. Үүнийг дагаад компаниудын үйл ажиллагаа зогсч, ажилтнуудаа халахаас өөр гарцгүй. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх тусам иргэдийн худалдан авах чадвар ч муудах нь ойлгомжтой. Ийм байдал үүсэх юм бол ноолуур, хүнсний бүтээгдэхүүнд ч халдварлах өндөр магадлалтай. Үнэндээ 2008-2010 оны дэлхий нийтийн эдийн засгийн хямралыг манайхан өмнөд хөршийнхөө тусламжаар хохирол багатай даван туулсан. Гэтэл энэ удаад биднийг аврах хэн ч алга. Тэгэхээр ямар нэгэн гарц хайх шаардлагатай болж байгаа юм.

Гэтэл нь тэр гарц юу байх вэ? Үнэндээ манай Засгийн газар гаднаас их хэмжээний мөнгө зээлж, эдийн засгаа тэтгэхээс өөр боломж ойрын хугацаанд лав гарч ирэхгүй нь бололтой. Харин хатуухан хэлэхэд өмнөд хөршийн эдийн засгийн уналт манай улсын хувьд үнэтэй “сургааль” болж байна гэж үзэхэд ч болохгүй мэт. Маш товчхондоо манай эдийн засаг хойшид Хятадын эдийн засаг жаахан доргиход дагаад савладаг, сэргэхээр нь “босоод” ирдэг байж болохгүй юм байна гэдгийг эрх биш эрх баригчид ойлгож байгаа байх. Тиймээс л нарийн тооцоо, судалгаа хэрэгтэй гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр өгүүлэх болоод байна. Энэ талаар “Мандал женерал даатгал” компанийн ерөнхийлөгч Ө.Ганзориг нэгэн хэвлэлд ярихдаа “Монголын ДНБ 11 орчим их наяд төгрөг. Хэрэв Хятадын эдийн засаг хямарвал 11 их наяд төгрөгөес 4-5 их наяд нь үгүй болно. “Эрдэнэт” үйлдвэрийн гаргаж байгаа зэс нэг орчим их наяд, нүүрсний компаниудын экспорт нийлээд гурав орчим триллион төгрөг болдог. Энэ дөрвөн их наяд төгрөг эдийн засгаас алга болох гээд байна шүү дээ” хэмээн халаглажээ.

Үнэндээ энэ цаг үед өмнөд хөршөөс өөр гуравдагч түнш орон шаардлагатай байгаа тухай ч зарим нэг нь өгүүлж байна. Харин энэ талаар эдийн засагчид юу гэж хэлснийг хүргэе.

Д.ГАНБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих