“Тиранозавр батаар”-ын зарга дуусаагүй

Монголын говиос гаралтай аварга үлэг гүрвэлийн олдворыг дуудлагаар худалдсан Флоридагийн эртний олдворын наймаачин Эрик Прокопигийн өмгөөлөгч “Тиранозавр батаар”-ын араг ясыг эргүүлэн авахаар Холбооны шүүхэд давж заалдсан.

Эрик Прокопигийн өмгөөлөгч саяхан Монголын Засгийн газрыг Эзэмшлийн эрхийн маргааныг шийдвэрлэх  олон улсын төвд үлэг гүрвэлийн олдворыг эргүүлж авах нэхэмжлэл явуулаагүй гэж мэдэгдсэн тухай CBS news сайт мэдээлсэн байна.

Үлэг гүрвэлийн араг ясыг Монголын говиос олсныг олон улсын палеонтологич эрдэмтэд тогтоосны дараа олдворыг урлагийн бүтээл болон эртний ховор олдворыг түр хадгалах газрын хамгаалалтад аваад байгаа билээ. Хойд Америкийн махан идэшт “Тиранозавр Рекс”-ийн ойрын төрөл “Тиранозавр батаар” гэх үлэг гүрвэлийн араг яс, олдвор зөвхөн Монголын говиос олддогийг палегтеологичид хөдөлшгүй баримтаар нотолсон.

“Тиранозавр батаар”-ын араг ясыг эх оронд нь буцаахаар ажиллаж буй Манхеттэнийн өмгөөлөгч Роберт Пэйнтер Эрик Прокопигийн давж заалдсаны хариуд түүнийг олдворыг хулгайгаар хил давуулсан, гаалийн хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдсээр байж АНУ-ын хилээр оруулж ирсэн гэж заргалдаж байгаа аж.

Эртний олдворын наймаачин Эрик Прокопи Монголд огт очиж байгаагүй гэж мэдүүлсэн ч Монгол дахь гаалийн албаны хүмүүс түүнийг 2008, 2009, 2011 онд Монголд ирж байсныг тогтоосон. –“Тиранозавр батаар”-ын өмгөөлөгч Роберт Пэйнтерийн олж тогтоосноор эртний олдворын наймаачин англи эр үлэг гүрвэлийн араг ясыг Эрик Прокопи руу хөлөг онгоцоор илгээсэн аж.

Харин Эрик Прокопи олдворыг хүлээн авч, Нью Йоркт өнгөрсөн тавдугаар сард дуудлага худалдаагаар худалдсан юм. Роберт Пейнтерийн олсон мэдээллээр олон сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны сарвууны яснаас авахуулаад үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, бүтэн араг яс, чулуужсан мод зэрэг олдворыг жилд хэд хэдээр нь Монголын хилээр хулгайгаар  гаргах наймаа бүр 2003 оноос эхэлсэн аж.

Өнгөрсөн тавдугаар сард дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдагдсан аварга үлэг гүрвэлийн бараг бүтнээрээ шахуу араг ясыг энэ есдүгээр сард эх оронд нь авчирна гэж албаны хүмүүс хоёр сарын өмнө мэдэгдэж байсан ч зарга дуусаагүй байгаа бололтой.

Н.ЭНХ

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих