Төрийн албаны муу нэр, луу данс АН-ын халхавч дор өөрчлөгдөнө гэв үү
Ардчилалд олсон ололт, амжилтаа бататгах тухай АН- ынхан амаа цангатал ярьдаг ч харамсалтай нь ам, ажлын зөрүү алд дэлэм зөрсөөр байна. Үүний нэгэн бодит жишээ нь төрийн мэргэшсэн зарим албыг “улстөрийн албан тушаал” болгох сонирхол юм. Эл сонирхлоо ажил хэрэг болгохын тулд яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж, орных нь хүмүүсийг улстөрийн шалгуураар томилох хуулийн төсөл хүртэл өргөн барив. Уг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дэх заалтад “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” хэмээн заажээ.
Гэтэл эрх баригчид энэ заалтыг “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар томилж, чөлөөлнө гэж өөрчлөхөөр төсөл санаачлаад байна. Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл санал болгох, Засгийн газар зөвшилцөх нэрийдлээр нэр оруулахын хооронд агуулгын алд дэлэм зөрөө бий.
Төрийн албыг улстөрийн болон аливаа бусад нөлөөллөөс ангид байлгах үүрэгтэй ажилладаг Төрийн албаны зөвлөлийн ажилд алдаа, мадаг байдаг л биз. Гэхдээ 20 шахам жилийн турш ямар ч байсан алхам алхмаар ахиц дэвшил олсоор ирсэн нь лав юм.
Улстөрчдийн шахааны хүмүүс төрийн албанд шургалах, буруу зөрүү “нөхөрлөл”-д үнэнч байх хандлага бий юу гэвэл бий. Гэхдээ төрийн албан хаагчдад тэдний ёс суртахууны хэмжээг заасан, төрд үнэнч, түмэн олонд ээлтэй байх утга агуулгатай хууль үйлчилдэг. Хуулийн хүрээнд ажиллах эрмэлзэлтэй төрийн албан хаагчид олонхи гэдэгт эргэлзэх ч хэрэггүй биз ээ. Гэтэл АН-ын эрхэм дарга нар хуульд бус, өөрсдөдөө захирагдаж байх дуулгавартай албан хаагчдаар яам, агентлагийг дүүргэхийн тулд толгойноос нь эхлэн тооцоо бодож эхлэв бололтой. Яамдын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр зохион байгуулж буй энэ үед төрийн нарийнуудыг ажлаа хийх эрхгүй болгосон нь ч учиртай аж. Төрийн албаны мэргэшсэн удирдлагагүй яамдад хэнийгээ төвхнүүлж, хэнийг явуулахыг зөвхөн шинэхэн сайдууд л мэдэж зохицуулж байна. Хэрэв АН-ынхны хүссэнээр дээрх шинэ заалт хуульд амь орвол төрийн захиргааны алба гэдэг зүгээр л хэн хүссэн улстөрчийн утсан хүүхэлдэй болж хувирна. Мэргэших, хараат бус байх зарчим ардчилалтайгаа түүх болон үлдэж таарах нь.
Төрийн албаны зөвлөл ажлаа хийхгүй байгаа тухай, уг зөвлөлийг татан буулгах тухай Төрийн тэргүүнээс эхлээд өнгөрсөн сонгуулийн өмнө хангалттай олон ярьсан. Одоо бодоход АН хэрвээ сонгуульд ялбал өөрчлөлт, шинэчлэлт хийх нэрээр өөрийн хүмүүсийг шургуулах сэтгэл зүйн бэлтгэл л хийж байсан мэт санагдана. Нэг яамны нэрэн дээр ганц, хоёр үг нэмж оруулаад бүтцийг шинэчлэх нэрээр баахан хүнийг хольж, солих тактик баримталсан шигээ төрийн албанд ч ингэж л хандаж байна.
“Төрийн” гэдэг нэр нь муухай санагдсан учир ‘‘нийтийн” гэдэг тодотгол дагуулах гэнэ. Нэгэнт нэр нь муухай юм чинь ажиллагсад нь бараг бүгд гологдох биз. Ингээд л нэрээ өөрчилсөн төрийн алба мэргэших нь байтугай мэддэг юмгүй АН-ынхны гар, хөл болсон хүмүүсээр дүүрч, хөөрхий ард түмэн хэндээ хандахаа мэдэхгүй балрах шинжтэй болов. Яам, агентлагийн дарга нар тэр чигээрээ “улстөрийнх” болох тул нөгөө Нийтийн алба нийтэд бус цөөн хэдэн дарга нарт л үйлчилж таарна. Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг цөөрөх бус, улам бүр гаарч, ардчиллаас ухарсан алхмынхаа амт шимтийг АН- ынхан л ганцхан мэдэрнэ ээ гэсэн үг. Чухам үүний л төлөө “төрийн” гэсэн муу нэртэй, луу данстай албыг “нийтийн” гэсэн гоё нэртэй болгох гэж байна. Муу нэр, луу данс АН- ын халхавч дор өөрчлөгдөж, сайн сайхан болно гэдэг үлгэр зохиож, үүндээ итгүүлэхийн тулд сайхан гэгч яриад л, хүч түрэмгийлэн шийдчихнэ.
Өөрсдийгөө ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн ярьдаг, ард түмэнд ч ингэж ухуулдаг АН-ынхан ардчиллын бэлгэ тэмдэг биш, ардчиллын баталгаа бол бүр биш болохоо үүгээр дахин харууллаа гэхэд болно.
Т.БУД
unen.mn
URL: