Улаанбаатарт алхах зам алга
Олуулаа ялсан АН-ынханд дайж, бодлогод нь тусгах үг байна. Хотын удирдлагууд замын түгжрэлийг бууруулах аянд мордож тодорхой ахиц гарч эхэллээ гэж цахимжсан монголчууд “жиргэх” боллоо. Тэд яах вэ, унаа малтай улс. Бүхэл бүтэн улсын нийслэл атал явган хүн тайван алхах замгүй болсныг эрхэм мээр Э.Бат-Үүл, Иргэдийн хурлын тэргүүн Д.Баттулга нар анхааралдаа авахгүй бол горьгүй нь.
Дээрээс юу юугүй нураад уначихаар барилгын хамгаалалттай шат энд тэндгүй сарзайж байхтай та бүхэн таарсан байх. Ажилдаа алхаж ирдэг моодыг хотын захиргаанд дэлгэрүүлээд байгаа мээр эрх биш энэ мэт зовлон, бэрхшээлийг тойроогүй дайрсан байлгүй.
Нийслэлийнхнийг автомашины дугаараар нь ялгаварлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Тиймээс хотын төвөөс холгүй гэртэй төмөр хүлэгтнүүд алхаж эрүүл мэнддээ анхаарах нь нэмэгдсэн. Дээр нь оюутан, сурагчдын арми нэмэгдэж “алхаад марш”-ийнхан АН-ынхны уриаг дагаж олуулаа болсон. Харамсалтай нь барилга, бүтээн байгуулалтын ажилд бүслэгдсэн нийслэлд явган алхчих аятайхан зам тун ховор болжээ. Яг л дайн болсон нутаг аятай нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай нэлэнхүйдээ сүйджээ. Үүний хариуцлагыг хүлээх нэг ч мэргэжилтэн, албан хаагч нийслэлд алга.
Энэ олон тохьгүй, тухгүй явган хүний замаас болж бэртэж, гэмтсэн хүмүүсийн хохирлыг хотын захиргаа дангаараа хариуцмаар юм. Хальтирдаг хавтангийн бурууг тухайн байгууллага үүрдэг жишиг шиг. Хотын төвөөс дөнгөж хөдлөөд л шороонд хучигдсан явган хүний зам хаа сайгүй таарна. Эсвэл ухсан нүх, овоолсон шороо, хавтангийн хэлтэрхий, муу усны онгорхой нүхийг “аргадаж” гэмтчихэлгүй уртын харайлт хийнэ. Уг нь өмнөх мээр Г.Мөнхбаярын үед “Явган хүний зам” арга хэмжээг нийслэлд эхлүүлж иргэдээс овоо оноо авч байсан үе бий.
Явган хүмүүс ч гэсэн нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах их аяны нэг хэсэг болох учиртай. Тиймээс түгжирдэг авто замдаа анхаарсан шиг явган хүний замыг даруйхан анхаарч засахгүй бол олонхийг адалсан хэрэгт унах вий. Ардчилсан нийгэмтэй, ийм засагтай байж машинтай, мөнгөтэй, өнгөтэй эрхэм Улаанбаатарт хүний тоонд ордог. Харин явган маршийнхан гадуурхагддаг байж таарахгүй болов уу.
Түгжрээд урагшилдаггүй гацаатай замыг нь журамлаад эмх цэгцэнд оруулсан юм чинь явган хүний замыг шинэчлэхэд Үүл баатарт юухан байхав.
Хотын төв гэлтгүй нийслэлийн гэр хороололд явган хүний замын талаар ярих гэхээр нэг эвлэж өгөхгүй нь. Шавар, шалбаагаар дүүрч гахайн оромж шиг болсон гудамж, талбай нийслэлд өчнөөн бий. Өнгөрсөн зун Дарь-Эхийн авто замыг шинэчлэхдээ дагуулаад явган хүний зам барьсан санагдана. Тэр зам одоо явган битгий хэл машинтай эрхэм явахад бэрх болжээ. Шавхай шалбаагаар дүүрч тэр хавийн зам тийм гэхийн тэмдэггүй болсныг Дамбадаржаад өнгөрсөн ням гаригт ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчилнэ.
Явган хүнд ээлгүй замуудыг нэрлэвэл бараг газар үлдэхээргүй болжээ. Нийслэлийн Хүүхэд залуучуудын төвийн ордны дэргэдэх авто болон явган хүний зам “дэлбэрч” том том хайрга энд тэндгүй хөглөрч, явган хүний замын хавтан шороонд булагджээ. Нийслэлд явган хүний ийм тамтаггүй болсон зам хаа сайгүй элбэгшжээ. Гэтэл гэнэт орсон бороо, үерийн ус, барилгын ажил энэ бүхэнд буруутай гэнэ. Ингэж сүйдсэн эзэнгүй нийслэлд эзэн нь юм шиг ажиллаж өгөөч. Иргэн нь амгалан, тайван, айх аюулгүй аж төрдөг нийслэлийг “олуулаа” багийнханд даатгаад нэг үзье.
Д.Мягмар
”Зууны мэдээ”
URL: