Ц.Нямдорж: Чечений алан хядагчид шиг цээжиндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн Засгийн газар гэхэд буруудахгүй

МАН-ын гишүүд тэсвэр, тэвчээр алдарснаа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсанаараа илэрхийлсэн. УИХ-д бүлэггүй хэмээн тангараг өргөснөөс хойш гомдоллож буй тэд өөсрдийн бухимдлаа ийнхүү илэрхийлж буйгаа ч мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Орон нутгийн сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд өргөн барьсан байгаа. Танай намын хувьд Орон нутгийн сонгуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх УИХ-аас  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталсан шүү дээ. Энэ хууль одоо ч хүчин төгөлдөр байгаа. Хуулиндаа сонгуулийн тухай хуулийн төслийг зургаан сарын өмнө боловсруулж байж  батлах ёстой. Гэтэл өнгөрсөн хавар яалаа. Нийслэлийн сонгуулийн хуулийг хоёр хоногийн дотор батлаад будлиан тарьсан. Одоо бас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, будлиан тарих гээд байгаа юм. Олонхийн суудалтай, эвссэн намууд хуулийг өөрсдийн эрх мэдэлээр өөрчилж, шинэчлэх хүсэлтэй байна. Хуулийн зүйл заалтын хэн нэгэн сайд, гишүүний мэдлээр өөрчилдөг зүйл биш шүү дээ. УИХ бол зөвшилцлийн байгууллага. Тэр тусмаа даргын суудлаар бие биедээ тал зассаар байгаад даргын их хурал болж хувирч байна.  Аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн УИХ-ын шийдвэр хэвээр байхад түүнийг үл тоож, Орон нутгийн сонгуулийг шинэчлэх шаардлагатай гэж яриад байна. Өнгөрсөн жил баталсан Сонгуулийн хууль шударгаар хэлэхэд буруу хөл дээрээ боссон хүүхэдтэй адил юм болсон доо.

-Яагаад. Тэр хуулийг  танай намын гишүүд ч мөн батлалцсан шүү дээ. Сонгуулийн хуулийг батлах гэж бөөн юм болж байж л батлаа биз дээ. Тухайн үед та эсэргүүцэх боломжтой л байсан?

-Уг нь хүүхэд толгойгоороо төрдөг.  Яагаад энэ хуулийг буруу хөл дээрээ боссон хүүхэдтэй адилтгаж байна гэвэл, эхлээд эд нар ямар ч хуулийн сураг байхгүй байхад 24 тэрбум төгрөг төсөвт суулгаж, баталсан. Дараа нь Автомат машины хууль гаргасан даруйдаа Сонгуулийн хуулиа баталсан. Автомат машиныг тойрсон маргаан одоо хүртэл тасраагүй байгаа. Шударга сонгууль боллоо гээд байгаа болохоос автоматр машины дүнг нүдээрээ үзэж, баталгаажуулах шаардлагатай. Үнэн худал эсэхийг нь нягталж байж хэрэглэх ёстой байсан. Анх Америкаас автомат машиныг оруулж ирээд туршиж байсан. Гэтэл тухай үед сонгуулийн луйвар хийдэг гэдгийг нь зарим хэвлэлээр баримтжуулаад бичсэн байдаг.

-Тэгвэл танай намын зүгээс сонгуулиас өмнө автомат машиныг шалгах, луйварддаг гэдгийг нь нягталж үзсэн юм уу. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр мэдээж өөрт таалагдахгүй хариу гарч ирсэн хүмүүс автомат тоологч буруутан болсон?

-Тэр үед нь би Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд тус бүрт нь хувилж тараасан. Энэ ер нь юу хийх гээд байна. Анхаарал хандуулахгүй бол болохгүй нь гэж мэдэгдэж байсан. Хууль батлагдсаны дараа төрийн өмнө үүрэг хүлээсэн тусгай албанаас энэ машины талаар судалгаа хийж, буруу зөрүү дүнг үзүүлдэг болохыг нь хоёр, гурван удаа танилцуулга оруулсан. Гэвч авч хэлэлцээгүй. Би сүүлд нь энэ балмад ажиллагаанд оролцохгүй гэж Сонгуулийн хуулийг эсэргүүцэж байсан. Заавал автомат машин ашиглах гэж байгаа бол гараар тоолж баталгаажуулаарай гэж хэлж байсан. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга хүн луйвар хийдэг, машин луйвар хийдэггүй гэдгийг харууллаа гээд УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахдаа хэлж байсан. Мэдээж машин биш хүн л луйвар хийнэ. Энэ удаагийн сонгууль автомат машинаар тоолоод будлиангүй болсон юм бол яагаад гараар тоолоод баталгаажуулж болохгүй байгаа юм бэ. Шударга сонгуульдсан гээд шударга царайлсан хүмүүс. Өмнө нь Ардчилсан нам 50 суудалтай болж нэг л удаа Засаг байгуулж байсан. Бусад тохиолдолд 60-аас дээш суудалтай нам, эвсэл засаг байгуулж байсан түүхтэй. 1992 онд 72, 1996 онд 50, 2000 онд 70, 2004 онд АН, Ардын нам хоёр нийлээд 72 хүнтэй эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2008 онд дахин 72 хүнтэй засаг байгуулж, түүнээс 14 нь сайд болсон. Бусад нь сайдгүйгээр их хурлаа хийж болдог байсан байхгүй юу. Гэтэл одоо 32 суудалтай байгаа АН-ынхан бүгд л дарга боллоо. Хамгийн сонин нь хэн нэгэн тэднийг шүүмжилбэл албан тушаалаар хахууль өгч байна. Монголын төр ийм заваан болно гэж ёстой зүүдэлсэн ч үгүй явлаа. Үүрэндээ овоороод хоол булаацалдаж байгаа шоргоолжнууд шиг байна шүү дээ, манай улс төрчид. Бүгд л албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж байна. 42 хүнээс 41 нь дарга болсон гэхээр ингэж харагдаад байгаа юм даа, олны нүдэнд. Олонх гэж өөрсдийгөө цолоод байгаа хүмүүс улс төрийн байдлаа эргэж харж, өөрсдийнхөө үйлдэлд дүгнэлт хийх хэрэгтэй.

-МАН бүлэг байгуулах эрхгүй болсон. Хуулиа дагаж мөрдвөл та нар бүлэг байгуулах эрхгүй юм биш үү?

-МАН-ыг бүлэггүй гэж боомилж байгаа жүжгээ зогсоох нь дээр. Бүлэг гэдэг юмыг чинь тэр З.Энхболд байтугай УИХ ч байгуулдаг юм биш. Сонгогчид байгуулдаг юм. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд “Сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулах эрхтэй болсон нам, эвслээс их хурлын даргыг сонгоно” гээд заачихсан байдаг. Мөн УИХ-ын хуулийн 26-ийн дөрөвт бүлгийг татан буулган хоёрхой тохиолдол байдаг. Нам тарсан болон намыг тараасан тохиолдолд бүлэг татан буугддага. Аль нь ч болоогүй байгаа, манай намын хувьд. Ардчилсан нам 24 цаг гэж ярьж байна. Гэтэл УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдоод прокурор санал оруулж ирсэн тохиолдолд 48 цагийн дотор асуудлыг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаг. УИХ-ын нэр бүхийн гишүүдийн дээр ярьсан асуудлын талаар прокурор гурав, дөрвөн удаа санал оруулж ирэхэд Ардчилсан нам завсарлага авах нэрийдлээр тэр 48 цагийг алга болгож байсан. Нөхцөл байдал адилхан л харагдаж байна. Энэ Н.Алтанхуягийн Засгийн газар тогтвортой ажиллахыг хүсч байвал МАН-ыг адлаад байх хэрэггүй л болов уу. Учир нь шинэ Засгийн газрын бааз суурь нь МАН гэдгийг шударгаар хэлмээр байна.

-Тэгвэл МАН төр барилцахад хээл хахууль, албан тушаалын төлөөх тэмцэл үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Ардчилсан нам эвсэл, намуудтай албан тушаалын төлөөх дайнаас болж муудалцаад нэг л өдөр задархад бэлэн Засгийн газар бүрдээд байна. Чечений алан хядагчид шиг цээжиндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн Засгийн газар гэхэд буруудахгүй биз. Сая Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах үеэр МАХН-ынхан МҮАН-ын М.Энхсайхантай албан тушаал булаацалдаад бөөн юм болсон. “Шударга ёё” эвсэл завсарлага аваад гараад ирэхэд гишүүд хоорондоо заамдалцаад, бие биеэ цохиж нүдсэн нь цаанаа учиртай. Ардчилсан намтай цуг дөрвөн сайдын нэр УИХ-д оруулах ёстой байсан. Гэтэл М.Энхсайханд Сангийн сайдын суудал өгнө гэж байснаасаа татгалзаад өөр хүн нэр дэвшүүлэх болсон.

Энэ мэтээр аашлаад байвал Монгол Улс цаашид яаж хөгжих вэ. МАХН-ыг шүүх бүртгэснээс хойш Монгол Улс хуульгүй болсон. Хэн дуртайгаа хэлмэгдүүлж, цагдаагийн албан хаагч цэргийн гэмт хэргийн субект биш байхад ял өгчихдөг. Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “Нам нэрээ сольсон байхад түүнийг өөр иргэн, хуулийн этгээд хэрэглэж болохгүй” гэсэн заалт бий. Үүнийг зөрчөөд МАХН-ыг бүртгэж л байдаг. Аль нэг нь олонхи болоогүй бол УИХ-ын даргыг зөвшилцөж байж томилдог хуулийн заалт бий. Яагаад гэвэл тэр хүн нь бас цөөнхий дарга болох ёстой учраас.

-УИХ-ын даргыг танай намын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэц шийдвэрээ хэзээ гаргах вэ?

-УИХ-ын дарга бол энэ олон нам эвсэл, бүлэг хоорондын эв зүйг зохицуулж байдаг зохицуулагчийн үүрэгтэй албан тушаал. Өөрөөр хэлбэл, эвийн цавуу байх ёстой. Намайг УИХ-ын дарга байхад манай хэдэн нөхөд Ардчилсан намынхантай хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би Ардчилсан намын бүлэг дээр ороод “Одоо та нар больчих” гээд уучлалт гуйгаад явуулж байсан. УИХ тогтвортой байвал төр нь өөрөө тогтвортой байдаг. Энэ төрийг тогтворгүй байлгах бүх өдөөн хатгалгыг З.Энхболд хийж байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр манай намын гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэцийн шийдвэрийг хүлээж байна.

-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг зөрчөөд байвал Үндсэн хуулийн Цэцээс өөр шийдвэрлах субект бий юу?

-Үндсэн хуулийг зөрчсөн асуудалд шийдвэр гаргах газар нь Цэц. Цэц хэр зөв ажиллаж чадахыг би хэлж мэдэхгүй байна. Энэ УИХ-ын даргын томилгоо улаан цайм луйвар болсон. Ахмад нь УИХ удирдана гэсэн хуулийг улан доороо гишгээд л хүнээ сонгочихсон. Дараа нь энэ бүлгийг үгүйсгэсэн үйлдэл нь бол цэвэр Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Дэд дарга нарыг сонгож өгөхгүй байгаа ч зөрчил. Тэгэхэээр энэ бүхнийг шийдэх гэж бөөн маргаан болох байх. Өнөөдөр өөсрдийгөө олонхи гэж нэрлээд байгаа 42 хүн зүгээр л төрийн ордон дотор танхайрал үүсгэж байна. Хүн барьж зодоогүй ч гэлээ хууль зүйн үндэслэлийн хувьд танхайрал. Бидний 25 хүн үүнийг хараад юу ч хийж чадахгүй суугаад байгаа юм биш. Бид нарын цаад талд 400 мянган сонгогч бий. Тэднийг бидэнтэй адил гишгэж чадахгүй. Яагаад ийм балмад үйлдэл хийгээд байгааг ойлгохгүй байна.

-УИХ-ын гишүүн У.Хүрэлсэх, Г.Баярсайхан гишүүнд халдсан. Үүнийгээ МАН-ын гишүүдийн тэсрэлт гэж тайлбарласан?

-Тэд нар хоорондоо учраа олно биз. Би аль алинд нь хэлсэн. Г.Баярсайхантай ч уулзсан. Эр хүмүүс байж хоорондоо учир зүйгээ олцгоо. Энэ чинь зохисгүй үйлдэл гэж хэлсэн. Нэг нь заамдаж, нөгөө нь цохисон болохоор хоёулаа буруутай. Та нар хохирогчийн дүр эсгэж гонгинож гүйгээд байх хэрэггүй гэж хэлсэн. Шүүхэд хандах дээрээ тулбал аль аль нь л хандана. Хэрэв хэн нэг нь УИХ-ын ёс зүй хороонд хандвал, тус хороогоор орж шийдвэрлэгдэнэ. МАН энэ асуудалд их тэвчээртэй хандаж байгаа. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаан дээр Г.Баярсайхан өөрөө У.Хүрэлсүхийг үгээр доромжилсон. Хэн дуртайгаа  шоронд хийлгэдэг хэн юм бэ. Хүнтэй шорон гяндан ярьдаг газар чинь АТГ, Цагдаа, хууль, шүүхийн байгууллага шүү дээ. Хуульд баримтаар нотлогдож, шүүхээр хэрэг нь тогтоогдоогүй үед хэрэг хийсэн хүнийг ялтан гэж хэлдэггүй. Гэтэл яагаад өнөөдөр АН-ынхан ийм том дуугараад байна вэ. Яагаад хэн нэгнийг АН-ынхан цагдаа, шүүхийн нэр барьж айлгаад байна вэ.

Г.Баярсайхан танхай балмад юм ярьж, муухай доромжилсон болохоор л У.Хүрэлсүхэд цохиулсан юм билээ. Г.Баярсайханыг бас шоронд суух ёстой гэж өөр хүн хэлж болно шүү дээ. Парламентад өчнөөн маргаан гардаг. Харин манай парламентийн түүхэнд УИХ-ын танхим дотор ийм ёс бус үйлдэл гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол, харамсалтай л байна.

-Хууль батлагчид нь танхайрч, завхаруулаад байна гэж үзэх хүн олон болж. Хуулиа мэддэг нь хэр олон байна гэдэгт эргэлзээ төрж эхэлж байна?

-УИХ-д хууль бичихээ болъё гэхэд уншдаг хүн цөөхөн дөө. Намайг орон дотроо хууль бичиж, хөнжилдөө засдаг гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн. Би 20 жил хууль бичиж байгаа хүн. Харин эд нар зүгээр л дэмий чалчдаг. Баахан дарга нар л байна, ямар ч гүйцэтгэгч байхгүй. Тэнгэр харж суугаад л сайхан бичнэ. Тэрэн дотор нь “Ингэ ботголов” гэхийг “Тэмээ ботголов” гээд бичсэнтэй адил юм их байдаг. Тэгэхээр нь би зөв болгон бичээд өгөхөөр заслаа, энэ тэр гэж ярьж байна. Ядаж энэ хууль дүрмээ мэддэггүй юмаа гэхэд хэлээд өгч байхад биелүүлж сурах хэрэгтэй. Энэ албан тушаал чинь мөнх биш шүү дээ. Дөрвөн жилийн дараа эдний дийлэнх нь лааз өшиглөнө. Их хурлын даргынх нь байж байгаа царайг хар. Энэ хол явахгүй ээ. Хэдэн сайд нь гадагшаа дотогшоо яваад их хурлынх нь ч ирц бүрдэхгүй. Цаашид яаж амьдрах гэж байгаа юм, бүү мэд. Царцаа шиг нэг үсрээд л тарж унах биз. Одоогийн энэ Засгийн газар жинхэнэ олигархжсан Засгийн Газар шүү дээ. Монголын бүх баячууд сайд боллоо. Тендерийн нэг хэсгийг Д.Тэрбишдагвад, нөгөө хэсгийг нь Ч.Улаанд өглөө. Мөнгө хөрөнгөөр ил далдуур зодсоор байгаад энэ төрийг бузартуулчихлаа. Уг нь бузар байсан юм, одоо бүр хэрэггүй болсон.

Ш.ЧИМЭГ

URL:

Сэтгэгдэл бичих