Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь ”Алтан загас”-ны эмгэнүүд
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцэх байв. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага байгаа тул завсарлага хүсье” гэснээр үдээс өмнөх чуулган завсарлав.
Завсарлага авах нь чуулганы байдаг л нэг стандарт. Гайхаж, шогшрох шалтгаан байхгүй. Гэхдээ “Шударга ёс” бүлгийн завсарлага далд учир жанцантай, гар бариад бугуй барих холын санаа ханхлуулж байгаагаараа содон. Энэ сонгуульд аз нь шовойж, Ардчилсан засагт эвсэж чадсан нь тэдний толгой дээр од гийсэн тохиол. Гэвч ирэх дөрвөн жил хамтрахаар Засаг төвхнүүлсэн Алтанхуягийн багийнхан үхрийн бөөр шиг эрээвэр хураавар, хусмаа чамласан хүүхдүүд шиг гомдомтгой, хэлсэн ярьсандаа тун барьцгүй байна. Ая эвийг нь олох гэж Алтанхуяг аргадаж нэг, аашилж нэг үзэж, эв түнжингүй өрхийн тэргүүн шиг үсээ үгтээж, үгээ барахаас наахнуур байна.
“Шударга ёс” эвслийн дээрх завсарлага наанаа сонгуулийн хуулийг бүлгийн хэмжээнд нягталж үзнэ гэсэн ажил хэрэгч шалтгаантай ч, цаанаа бол мөнөөх л албан тушаалын хуваарилалтад тавьж байгаа ацаг хэмээн харагдаж байна. Анхнаасаа л тэд хуваарилалт нь шог байна хэмээн хошуу цорвойлгож, гарах орохоороо айлгасаар ирсэн юм чинь. Энэ завсарлага үүнийх нь үргэлжлэл зүсээ хувиргаад байгаа нь энэ биз.
Хоёр хоногийн өмнө ИЗНН Засгийн газраас гарах дээрээ тулаад эргэв. Сонгуульд ганц ч суудал аваагүй ИЗНН-ынхныг намын жагсаалт гэдэг юм ивээж, зүгээр сууж байгаад парламентын хоёр суудлаар хишиг хүртчихсэн. Бас болоогүй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудалд эзэн суучихаад байгаа. Гэвч үүнийгээ чамлахаас чанга барьсангүй. Дэд сайдын суудлаар ахиухан зүсэм хүртэх гэж хөөрхий Алтанхуягт нээнтэг үзүүлж байгаа нь энэ байх. Албан тушаалын бялуунаас ахиухан хүртэх гэсэн иймэрхүү гоморхол, тунирхал ард түмэнд бол инээдэмтэйгээсээ илүүтэй эмгэнэлтэй харагддаг. Монголын улс төрд стандарт болж хэвшсэн ам барих шалгарсан арга нь албан тушаалаар шагнах байсан. Ардчилсан засгийн үед ч энэ “стандарт” уламжлагдах шинжтэй. Алтанхуягийн эргэн тойронд “Алтан загас”-ны эмгэн шиг даврагсад албан тушаал горилон алгаа тосон сууж байна.
Алтанхуягийг барьц алдуулж мэдэх шалтгаан нь энэ эвссэн нөхдийнх нь албан тушаалын улангасал байж мэднэ.
Эвссэн нь олон юм болохоор хошуу цорвойх нь бас төдий чинээ. Сонголт нь тийм болж таарсан. Урьдын хийсэн үйлийн эрхээр Алтанхуяг Ардын намтай дахиад эвсэх улаан нүүргүй болчихсон болохоор өөр сонголт түүнд байсангүй. Ханилж яваад хаалга саван гарч оддог, үхрийн сүүлэн дээр хутга хугалдаг зан нь эргээд толгой дээр нь чулуу болон бууж буй нь энэ. Одоо дэд сайдуудын томилгоо гэж дээр дооргүй бужигнаж байна. Энэ мэт цаашдын хуваарилалт, томилгоо эвсэгчдийн будаггүй дүр төрхийг эргэн нэг харуулж, эвдрэл, эвлэрлийн торгон заагийг тодотгож өгөх байх.
П.Булган
sonin
URL: