Өрөнд орсон ”Эрдэнэс ТТ” орд газрынхаа хэсгээс заржээ
Монголчуудыг тэжээх ганц баялгийн эзэн гэгдэж байсан Тавантолгойн их ордыг эзэмшиж ажиллуулах ёстой “Эрдэнэс Тавантолгой” компани улсын төсөвт орлого оруулах нь бүү хэл өөрсдөө өр төлбөрт идэгдэн, төлбөрийн чадваргүй компани гэсэн зэрэглэлд орохоор болжээ гэсэн түгшүүртэй мэдээлэл байна. Гэхдээ энэ бол байсхийгээд дэгддэг хардлага, сэжиг таамаг бус. Бүр тодорхой төвшинд хэзээний ил болсон тайлан тооцоогоор баталгаажсан мэдээлэл байна. Тэртээ тэргүй Тавантолгойн стратегийн түншийг сонгох хийгээд IPO хийх ажил зогсонги байдалд орсноор монголчууд баялгийнхаа эзэн бус алтан дээр сандайлж байгаад алдчихсан гуйлгачин болох нь гэсэн айдсыг хэдийнэ төрүүлээд байгаа ч бүр алтаар өндөглөх тахиа хэмээн харж байсан том орд нь төлбөрийн чадваргүй, цаашилбал нүүрсээ ухаж гаргах ч хөрөнгө, бүр хатуугаар хэлбэл хөрөнгө бий болгох найдвар ч муутай болж, өмнөх зээлээ төлөхийг шаардсан ацан шалаанд ороод байгаа аж. Бүр үйл ажиллагаагаа явуулах ч аргагүйдээ тулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан төрийн өмчийн лицензтэй талбайнхаа хэсгийг “Макмахон” компанид заржээ.
Тавантолгойн ордын нүүрсийг аль хэдийнэ зөвхөн Хятадын төрийн өмчийн “Чанелько”-гийн охин компани болох “Чалько”-д өгөхөөр болж урьдчилгаанд нь 250 сая ам.доллар аваад 21 мянган төгрөг болгоод хүмүүст тараагаад өгчихсөн. Дээрээс нь үйл ажиллагаагаа эхлүүлэх, “өр”-ний нүүрсээ гаргаж авахын тулд бас бус зээл авсан нь эдүгээ нэхэгдэж ацан шалаанд ороод байгаа аж. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкнаас 40 сая.ам.доллар толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компаниараа дамжуулан зээлээд 19 саяыг нь эргүүлэн төлсөн ч төсвийн их уут руу ороод алга болчихсон, Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг тэргүүтэнд шингээд. Үүнээс гадна арилжааны банкуудаас зээлсэн 140 сая ам.доллар гээд нийтдээ өнгөрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар 288 сая ам.долларын өртэй. Гэтэл дансанд нь ердөө л 16,4 сая ам.доллар байгаагаас 10,6 сая нь хөдөлгөх боломжгүй гэрээний барьцааны мөнгө гэхээр таван сая гаруйхан ам.доллартай айл болоод байгааг сонгуулийн сурталчилгааны халуунаар хав даран нуугаад өнгөрөөжээ.
Гэхдээ мэдээж хэрэг нийт монголчуудын нэгэн зууны найдвар болсон энэ ордыг төрийн нэрийн өмнөөс хариуцагчид нь сэтгэл чилээн дээш доош нь танилцуулан арга чарга эрэлхийлж байгаа ч Тавантолгойгоос бөөн мөнгө цутгаад орж ирнэ гэж ангайж суусан төсөв нь хоосон, өмнөх өр зээлээ төлөөгүй найдваргүй зээлдэгчийн тоонд орчихсон учир нэмж мөнгө өгөх “айл” олдох нь бүү хэл одоо бүр уурхайн олборлолтод бараа бүтээгдэхүүн, машин техник нийлүүлэгчид нь цаашид бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхгүй гэж анхааруулж байгаа аж. Ингээд аргаа барахдаа талбайнхаа хэсгээс “Макмахон” компанид зарж, тулгуу нэхэж байгаа богино хугацаатай өрийнхөө заримыг дарж чадсан. Дээр дурдсан хөдөлгөх боломжгүй гэрээний барьцааны гэж буй 10,6 сая ам.доллар нь “Макмахон” компанид газар зарсны үлдэгдэл барьцаа болохыг санхүүгийн тайланд дурдсан байгаа аж.
Хамгийн сүүлийн үеийн буюу долдугаар сарын 31-ний байдлаар Эрдэнэс Тавантолгой хамгийн ойрын хугацаанд төлөх 55 сая ам.доллар /”Чалько”-гийн 223 ам.долларыг эс тооцвол/ нэхэгдэж байгаа ч дэлхийн хамгийн баялаг ордыг эзэмшиж байгаа энэ “айл”-д ердөө 10 сая ам.доллар, үүнээс 8,4 сая нь ашиглах аргагүй, дээр дурдсан газар зарсны барьцаа хэлбэрээр байгаа гэвэл нэг сая гаруйхан ам.доллартой сандарч байна.
Уул уурхайн салбар гэдэг мэдээж хэрэг хөрөнгө оруулалт, урсгал зардал өндөртэй. Гэтэл яаралтай өрөө төлөх ёстой “Эрдэнэс Тавантолгой” олборлолт хийх нь бүү хэл “Чалько”-д өрөндөө өгөх ёстой нүүрсээ тээвэрлэх ч мөнгөгүй болчихоод байгаа юм. Дээр дурдсан 21 мянган төгрөгийн хишгийг Засгийн газарт бүрдүүлж өгснийхөө төлөө Тавантолгой “Чалько”-д 5,2 сая тонн нүүрс нийлүүлэх ёстойгоос одоо 1,8 саяыг нь л гаргаж чадаад байгаа. Үлдэх 3,4 сая тонн нүүрсийг бэлтгэх зөвхөн зардалд нь гэхэд 210 сая ам.доллар шаардлагатай гээд бодохоор “Эрдэнэс Тавантолгой” мөнгө олж олборлолтоо хийгээд өрнүүдээ бас “Чалько”-д өгөх ёстой хэдэн сая тонн нүүрсээ өгч дууссаны дараа л Монголчууддаа ээлээ өгч чадах нь уу үгүй юу гэж итгэл алдармаар. Ёстой нөгөө харганы ноос түүж эсгий хийнэ гэгч үлгэр болохоор байгаа биз.
Уг нь Тавантолгойн орд газар дэлхийд гайхам баялагтайн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гарган асар их мөнгө босгох найдлагатай гэж бид төдийгөөс өдий хүртэл итгэж явсан. Үнэхээр ч тийм боломж байсан. Гэтэл энэ ажил одоо ямархуу явцтай байгааг та бид бүгд мэднэ. Олон улсын зах зээлд IPO гаргахын тулд хууль эрх зүйн орчноо цэгцлэхээс эхлээд мундахгүй олон ажил цэгцлэх ёстой. Хэдийгээр өмнөх Засгийн эрх баригчид иргэн бүрт нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа олголоо хэмээн хөөрцөглөж байсан ч одоогийн байдлаар санхүүгийн зөвлөхүүдийнх нь үзэж байгаагаар нэгж хувьцааны үнэ 222-355 төгрөг буюу иргэдэд тараасан хувьцаа нь нэг сая бус 385 мянган төгрөг л хүрэхээр байдалтай байгаа аж. Гэхдээ мэргэжилтнүүдийн зүгээс үнийг өсгөх арга зам эрэлхийлж л байгаа. Хэдий ингэж чармайж байгаа ч хууль эрх зүйн орчноос болж IPO гаргах ажил саатсаар байгаа.
IPO гаргах асуудал яаж ийгээд сайнаар шийдэгдэж чадах юм аа гэтэл стратегийн түншлэгчээ ч одоо хүртэл тодруулж чадаагүй л байгаа. Ийн дэлхийд гайхам Тавантолгойн ордоо үнэгүйдүүлэх ажлыг улстөрчид хийсээр өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компани төлбөрийн чадваргүй болчихоод байгаа тухай мэдээлэл нь түгшүүрийн аранга дэлдэж байна. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн тулгуур болох ёстой Тавантолгойн ордын талаарх ийм таагүй бөгөөд ноцтой мэдээлэл магадгүй олон улсын тавцанд ч цаашилбал IPO хийх ажилд ч том саад болж, хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй. Гэвч унхиагүй Засгийн газар, увайгүй улстөрчдөөс болж алтан өндөг бэлэглэх тахиа маань амиа алдахад бэлэн болоод байгааг дуулгаж анхааруулахгүй бол үнэхээр болшгүй нь.
Монголчуудыг нэгэн үеэр тэжээх ёстой дэлхийн гайхам ордыг ашиглаж чадахгүй, бүр төлбөрийн чадваргүй гэсэн ангилалд аваачиж сөхрүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ түүх энэ Засгийн газрын эмзэг сэдэв бүү хэл, энэ монголчуудын эмгэнэл болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан ч гэж дээ, уг нь тэд нүүрсний борлуулалтын урьдчилгаанаас орж ирсэн мөнгөөр уурхайгаа ажиллуулж, хөрөнгө оруулалтаа хийж бүтээгдэхүүнээ буюу дараагийн алтан өндөгнүүдээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэж учирласаар байтал тухайн үеийн Засгийн газар, улстөрчид шахамдуулан дарамталсаар байгаад мөнгийг авч иргэн бүртээ 21 мянган төгрөг болгоод тараагаад цацчихсан. Тэр мөнгө өнөөдөр юу болж дууссаныг та бид бүгдээрээ сайн мэдэж байгаа билээ л…
URL: