Ардчилал хөгжсөнөөс хойшхи түүхийн хамгийн коммунист шийдвэр
Ардчилсан намынхан хүн бүхнийг ажилтай, орлоготой болгоно гэж амласан. Харамсалтай нь, Н.Алтанхуягийн Засгийн газар анхны шийдвэрээрээ л амлалтынхаа эсрэг хөдөлж 600 гаруй төрийн албан хаагчийг төрсөн биетэй нь гудамд гаргалаа. Сонгуулиа өгдөггүй иргэдийг торгох хүртэл зохицуулалт дэлхийн жишигт байдаг ч эдийн засгийн хөшүүрэг бүхий ийм аргыг энэ удаадаа хэрэглэхгүйгээр хуульчилсан тухайгаа Р.Бурмаа, А.Бакей нар Ардчилсан намын дуу өсгөгч болчихоод ярьж байна. Мөнгөөр торгохгүй ч санал өгөөгүй бол шууд л ажлаас нь халах юм. Эсвэл төрийн албанд орох гэж байгаа нөхрийг “Сонгууль өгсөн үү, санал хураалтад оролцсон уу? Ардчилсан намыг сонгосон уу?” хэмээн эрүүдэн шүүж байж ажилд авах эсэхийг шийднэ. Ийм л уриалга, ухуулга түгээж яваа Р.Бурмаа тэргүүтний гол зорилго нь дэлхийн улсуудыг жишгийг Монголын сонгуульд нэвтрүүлэх бус “Ардчилсан намыг л сонго…” гэсэн хүчирхийллийн утга болж буугаад байгаад л хамар учир байна.
Бүр сүүлдээ А.Бакей “УИХ-ынхаа түвшинд Ардчилсан нам сонгогдчихсон, эрхээ хэрэгжүүлж байгаа юм чинь орон нутагт ч энэ нам л хөтөлбөр, зорилгоо үргэлжлүүлээд явчихвал илүү үр дүнтэй юм шүү дээ…” хэмээн гуйж гувших дүрээр Ардчилсан намд саналаа өгөөгүй иргэнийг ажилд авахгүй гэсэн дарамтлалаа эелдэгээр тайлбарлаж байна.
Өмнө нь ч шинэчлэлийн санаа зорилго, төсөл байвал Засгийн газарт чөлөөтэй худалдаад, үнэд нь төрийн албаны ажил аваарай хэмээн төвийн хэвлэлүүдээр ил цагаан зарлаж байсан Ардчилсан нам энэ удаа төрийн албыг худалдааны хэрэгсэл болгов. Ингээд авлигын, худалдааны, дарамтын хэрэгсэл болчихоод байгаа төрийн албыг цаашид ч дахин хэрхэн яаж ашиглаж, алагчлахыг төсөөлөхөд бэрх байна.
Ер нь тэгээд төрийн алба яагаад ингэж жигтэйхэн их ад үзэгдэх болчихсоныг гайхаад байгаа юм. Яг чанартаа энэ албанд Ардчилсан намын сэтэртэй хэнийг ч хамаагүй чихэх шунал, хүсэл л үзэн ядалт, алагчлал болж хувирчихлаа гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй. Уг нь төрийн ажлыг сайн явуулахын тулд төрийн жинхэнэ, мэргэшсэн албан хаагчтай байх зорилгоор төрийн албаны шалгалт гэхчилэн кампанит ажил сүүлийн бараг арван жилийн турш явлаа. Энэ бүхнийг устгаж, үгүйсгэж төрийн албаныхан л хадны мангаа, хэлгүй дүлий мэтээр Ардчилсан намынхан ухуулж байгаа нь Монгол төрийн ажлыг чадавхижуулж сайжруулахын төлөө өглөө эрт 08.00 цагаас эхлэх ажил амралтын өдрүүдэд ч үргэлжлэх зорилго, төлөвлөлттэй нь огт огтлолцохгүй юм. Өнөөгийн төрийн алба л яаж ч муу байсан тэднийг халж, сольж, хөөж, тууж шинээр авчирсан Ардчилсан намынхан улам л дор байна гэж мөрий тавьсан ч алдахгүй. Өнөөдөр Ардчилсан намынхны хотын удирдлагаар ирж байгаа нөхдийн дотор улсын сургууль төгссөн хүн ч бараг олдохгүй л байна шүү дээ. Боловсролтой, соёлтой залуус сөрөг хүчинд нь, Монгол Ардын Намд байдаг гэх үү дээ. Ийм л боловсон хүчингүй Ардчилсан намаас ажилд ирсэн шинэ “баагий” төрийн албандаа толгойн эргээгээ гаргах гэж нэг хэсэг хугацаа өнгөрөх дамжиггүй.
Энэ бол жинхэнэ төрийн албаныхны хүч хөдөлмөрөөр үнэлэгдэх төрийн ажлын үр дүн завсардаж, муудах шалтгаан гарцаагүй мөн. “Манай намд л саналаа өгвөл төрийн албандаа үлд…” хэмээн нийгмийг хагалж, заагласан ялгаварлах үзлээ аж- 1 хэрэг болгох Ардчилсан намын хэнхэглэлийн золиосонд монгол төрийн ажил боловсон хүчнээрээ завсардаж, хүчгүйдэх ёсгүй. “Сонгогчдын боловсрол” гэхчилэн Төрийн бус байгууллага толгойлохоос хэтрэхгүй насаараа төрд ажиллаж үзээгүй Р.Бурмаа гэх эмэгтэй төрийн албаны тогтвортой байдал, залгамж чанарын ач холбогдлыг яахан мэдэх.
Эцэст нь Монголын сонгуульд хэн санал өгдөг болохыг тодруулбап Ардчилсан намынхны төрийн алба руу гар далайн зангаад буйн учир тайлагдана. Яг үнэндээ нийгмийн боловсролтой хэсгийнхэн буюу муу ч, сайн ч өнөөх төрийн албан хаагчдын нэлээд хэсэг нь сонгуульд оролцдоггүй нь нууц биш. Тэгэхээр Монгол Ардын Нам уруу ч явдаггүй тэр саналыг айлгаж, дарамталж авах Ардчилсан намын зорилгыг Р.Бурмаа, А.Бакей нар айж, ичихгүйгээр хэрэгжүүлж байна. Болоогүй бас, санал өгөөгүй хүмүүсийг сонгуулийн санал будилаантлаа гэж хэм ам тарьж, хэрүүл шуугиан үүсгэсэн гомдлыг хүлээн авч, хөөн хэлэлцэхгүй гээд байгаа юм. Яагаад тэд орон нутгийн сонгууль будилахыг ийм эрт мэдчихээд тэр талаар өргөдөл, гомдол авч хэлэлцэхгүйн тухай дүрэм журам зохиох болов. Тэгснээ 2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний үймээн самуун үүсгэсэн хүмүүсийн дийлэнх нь санал өгөөгүй байсан хэмээн бас л А.Бакей яриад байгаа.
Яг чанартаа тухайн үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн турхиралтаар долдугаар сарын 1-ний үймээн самуун үүссэн. Ц.Элбэгдоржид Чингэлтэйн тойргоо алдчихаад Баянгол руу явахдаа л ялагдлаа хүлээчихсэн байсан Б.Батбаатар болон алдарт гудамжны улстөрч О.Магнай, Ж.Батзандан нар л долдугаар сарын 1-ний үймээн таригчдыг урьж дуудсан шүү дээ. Ямар ч л байсан төрийн албан хаагчид гудамжинд жагсч, шоронд ороогүй дэг. Тийм санал өгдөггүйчүүдийн эгнээг толгойлдог, хонгио халааслачихаад Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр шоудаж суудаг нөхөд одоо яагаад санал өгөөгүй төрийн албан хаагчийн бараг л амь настай нь ярина гэхээс наахнуур ажил хэрэгч болоод явчихав? Орон нутагт ямар ч хамаагүй аргаар ялахын тулд л Ардчилсан нам ардчилал хөгжсөнөөс хойшхи түүхийн хамгийн коммунист энэ шийдвэрээ хууль болгохоор яарч байна.
Б.ЦЭНГЭЛ
unen
URL: