Вьетнам авто засварын газруудын ажлын алагчлал арай л дэнджээ

Сүүлийн жилүүдэд вьетнам авто засварын газар эрс нэмэгдэх болжээ. Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 150 мянга хол давсан. Тэдгээрийн дийлэнх нь насжилт ихтэй, эвдрэл гэмтэлтэй байдгаас авто засварын газрын эрэлт хэрэгцээ ч бас өндөр байдаг. Харин энэ сэжүүрээс лавхан атга, боломжийг жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа газар вьетнам засварын газрууд. Вьетнамчуудын манайд оруулж байгаа “хөрөнгө оруулалт” нь энэ байхыг үгүйсгэх аргагүй. Уг нь монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдаг ч, сонголт нь вьетнам засварын газар болчихоод байдаг. Монгол авто засварын газраас хэд дахин илүү үнээр үйлчилгээ үзүүлдэг хэрнээ тэднийг зорих машины цуваа тасардаггүй. Үүний нууц нь вьетнамчуудын чанар сайтайн дээр хугацаандаа өгдөгт гэх.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй вьетнам засварын газрын талаар сурвалжиллаа. Хотын төвийн зам дагуух авто засварын газрын дийлэнх нь “Вьетнам засвар баталгаат хугацаа нэг жил” гэсэн хаягтай харагдана. Ер нь монгол зас­варын газрууд тун цөөхөн. Анх монгол эхнэртэй нэгэн вьетнам эр энэ бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Харин эдүгээ вьетнам засварын газруудын эздээр монголчууд ажилладаг болжээ. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах вьетнам засварын газарт очлоо. Дотогш орвол хүүхэд гэхэд арай оворжуу байрын дөрвөн вьетнам залуу тус тусын ажлыг хийж байв. Энэ засварын газрын ажилчид ямар шугамаар монголд хэрхэн ирсэн болохыг сонирхвол Пон Мы гэх вьетнам залуу монголын нэг хүн “Ажил байна, машин зөндөө байгаа” гэсэн тэгээд л ирлээ гэх хариултыг хэлсэн юм. Хачирхалтай нь ажилгүйдэл гэдэг манай улсын ядуурлын хамгийн том шалтгаан гэж нэрлэгддэг. Монголд ажил олдохгүй байна гэсээр олон хүн хилийн чанадыг зорьсон бол, Монголд ажил эрхлэхээр орж ирж байгаа гадныхан ч бас цөөнгүй бололтой. Вьетнамаас уригдаж ирсэн эдгээр засварчдыг хараад эх орондоо хөдөлмөр эрхлэх эрхээ эдэлж чадахгүй яваа монгол хүнийхээ үнэ цэнийн талаар эргэцүүлж нэг бодоход хүрлээ.

Тус засварын газарт машинаа засуулахаар ирсэн залуутай яриа өрнүүллээ. Тэрбээр машиныхаа гуперыг засуулах гэнэ. Ард, урд талаа нийлүүлээд 200 мянган төгрөгөөр засуулахаар тохиролцжээ. Харин монгол засварын газрууд энэ мэт засварт 60-70 мянган төгрөг авдаг гэх. Гэвч эндээс үйлчилгээний чанар чансааны ялгаа нь бэлээхэн харагдана. Монголчууд болохоор амласнаа хугацаандаа хийдэггүй, нүд хуурдаг гэхчлэн шүүмжлэл дагуулдаг аж. Уг нь ур чадварын хувьд ямар ч ялгаагүй. Харин вьетнам засварын газрын хурдан шуурхай, хэлсэн ярьсандаа яг таг байдагт нь жолооч нар дуртай байдаг гэнэ. Мөн тэд аливааг сэтгэлээсээ, найдвартай хийдэг. Харин манайхан болохоор халтуурдаж нүд хуурах гээд байдаг гэмтэй хэмээн ярьж байх юм.

Монголд вьетнам засварын газар хэд байгааг хэлэхэд хэцүү, харин борооны дараах мөөг шиг олширч байгаа нь үнэн. Эрэлт байгаа болохоор л энэ байх. Вьетнамаас ажиллахаар ирсэн засварчин Пон Мы манайхаас өөр сайн монгол авто засварын газар “олон” бий гэдэгт зайлсхийнэ билээ. Тэд “Бид монголчуудаас илүү сайн хийдэг” гэх зүйлийг хээв нэг ярьж байна. Бүх ажлаа сайн чанартай хийдэг учраас бага зэрэг өндөр үнэтэй байдаг. Тэгээд ч монголд амьдрахад өртөг их гардаг болохоор тэр ухааны юм ярив. Вьетнамчууд чанар ярих дуртай улс бололтой. Ам л нээвэл өөрсдийгөө магтаж, чанарын талаар цухуйлгаж байна. Тэд бас монголчуудын талаар үг унагахаа ч мартсангүй. Тэр нь юу гэвэл засвар хийлгэхдээ урьдчилгаа гэж тал хөлсөө төлөөд дараа нь засвараа харж байж үлдэгдэл мөнгөө өгдөг. Гэтэл зарим жолооч нар үлдэгдэл мөнгөн дээрээ “луу унжих” нь олонтаа гэнэ. Засварчдын цалин cap бүр өөр өөр хийснээрээ байдаг ч, ихэнхдээ 800 мянган төгрөгөөс эхэлдэг гэнэ. Гэтэл монголчууд энэ хэмжээний цалин авч байгаа нь тун ховор. Хүний хүнд манай нутаг элгэмсүү бололтой. Харин хүний нутаг манайханд дэндүү ширүүн байдаг даа.

Вьетнам авто засварын газрууд монгол ажилчин авч ажиллуулах нь ховор. Учир нь ур чадварын хувьд шаардлага хангахгүй гэх нэрийдлээр ажиллуулдаггүй аж. Гэсэн хэрнээ монголд ажиллаж байгаа вьетнам засварын газруудын ажилчид оюутны амралтаараа ирсэн залуучууд голчлон байдаг нь хачирхалтай. Монголчуудыг мэргэжил боловсрол, ажлын байрны хатуу шалгуураар хориг тавьсан хэрнээ хүний нутгийн оюутан хүүхдүүдийг олноор нь авчирч ажиллуулдаг гэсэн үг. Хэнийгээ ажиллуулах нь тухайн ажил олгогчийн эрх байх. Ажлын эрх ашиг талаасаа ч ийм сонголт хийдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л эх орны нийслэлд таван алхамд тааралдах вьетнам засварын газрууд монгол хүнийг мэргэшүүлж дадлагажуулаад ажиллуулах хүсэлгүй бололтой юм. Асуудлын учир шалтгаан ч бий байх. Гэхдээ л вьетнам засваруудын газрын ажлын байрны алагчлал арай л дэндэж байна.

Барилгын салбарт дүүрэн хятад, авто засвараар дүүрэн вьетнам, хоолны газраар дүүрэн солонгос ажилчидтай Монголын маань нүүр төрхийн нэгээхэн дүр зураг нь иймэрхүү байна.

О.Мөрөн

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих