2040 он гэхэд Арктикийн мөс хайлж дуусч магадгүй

НЬЮ-ЙОРК./ИТАР-ТАСС/. Арктикийн мөсөн давхаргын талбай эрс хумигдаж эхэлсэн нь дэлхийн уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж магадгүй байна. Одоогийн байдлаар мөсний талбайн хэмжээ 4,1 сая ам.км байгаа бол 2007 онд 4,17 сая гаруй ам.км байжээ. Энэ тухай АНУ-ын Цас, мөсний судалгааны Үндэсний төвийн өнөөдөр нийтлэгдсэн илтгэлд дурдсан байна.
    “Сүүлийн 30 жилийн хугацаанд Арктикийн мөсөн давхаргын талбай болон зузаан нь эрс багассан. Энэ хугацаанд мөсний түвшин 13 хувиар багассан бөгөөд Арктикийн мөс жилд 155 мянган ам.км-ээр хумигдаж байгаа нь Америкийн хоёр муж улсын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй тэнцэнэ” гэж Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Уолт Мейр хэлжээ.
    Арктикийн мөс хайлж байгааг эрдэмтэд агаар мандалд хаягдаж байгаа хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан байна. Мөс их хэмжээгээр хайлж байгаа нь дэлхийн дулаарал болон далай тэнгисийн усны түвшин эрс нэмэгдэхэд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2040 он гэхэд Арктикийн мөс бүрэн хайлж дуусна гэсэн тооцоо гарсан нь тэдний сэтгэлийг түгшээж байгаа ажээ.
    Гэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн дулаарал нь эерэг нөлөөтэй гэнэ. “Арктикт 2,5 сая жилийн өмнө бүрэлдэн бий болсон мөс хайлснаар Хойд мөсөн далайн замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх болно” гэж Норвегийн Экологийн судалгааны төвийн захирал Нансен Ола Йонханссен үзэж байна.
    “Энэ үйл явц нь тус бүс нутагт оршдог болон түүний ойролцоох орнуудын эдийн засагт ашигтай. Түүнээс гадна Арктикт дэлхийн газрын тос, хийн нөөцийн 32 хувь нь байдаг учраас олборлолт эрс нэмэгдэнэ” гэж тэрбээр ярьжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”

URL:

Сэтгэгдэл бичих