Дүүрэгт бус, хүн амын тоонд харгалзуулан төсвийг хуваарилъя

Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг нийслэлийн жилийн төсвийн хэрэгцээ 798 тэрбум төгрөг байх учиртай хэмээн албаны хүмүүс хэлдэг. Гэвч нийслэл энэ мөнгөний дөнгөж арван хувь буюу 78 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй болсон билээ. Энэ оны төсвөө өмнөх жилүүдийнхийг бодвол гайгүй батлуулж чадсан хотынхон 78 тэрбум төгрөгийг ямар ажилд хэрхэн зарцуулахаа аль хэдийнэ төлөвлөж, ажлаа эхлээд байна.

Өнөө жил нийслэлд багагүй бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийгдэнэ. Энэ нь сайшаалтай мэдээ ч бас эргэж харах зүйл байна. Тухайлбал, энэ онд хот иргэд олон нийт, хүүхэд багачууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламж бүхий цогцолбор байгуулахад зориулж дүүрэг бүрт тэрбум төгрөг хуваарилаад байгаа. Гэхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг огтхон ч харгалзан үзсэнгүй. Үүнийг энгийнээр тайлбарлавал, аль нэг компани арван хүүхэдтэй айл, нэг хүүхэдтэй өрхөд ижилхэн хэмжээний тоглоомын талбай барьж өгсөнтэй адилтган үзэж болохоор байна.

Энэ нөхцөлд мэдээж нэг хүүхэдтэй айлын хүүхэд хожно. Тэр хүүхэд хүссэн өдөр, цаг, минут тутамд өөрийн дураар тоглоомын талбайдаа “морилох” эрхтэй. Харин олон хүүхэдтэй айлын хүүхдэд ийм боломж хомс. Учир нь тэд тоглоомоо дангаараа эзэмших эрхгүй бөгөөд заавал ах, дүү нартайгаа ээлжлэн тоглох ёстой. Яг үүнтэй адилтган үзэх хуваарилалтыг хот энэ жил хийлээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт нийслэлийн нийт хүн амын 22.9 хувь буюу 275500 хүн ам амьдардаг. Сонгинохайрханд 252.3, Баянголд 185.1, Чингэлтэй дүүрэгт 147.4, Сүхбаатар дүүрэгт 136.9, Хан-Уулд 112.1, Налайх дүүрэгт 31.5, Багануурт 26.9, Багахангай дүүрэгт 3.6 мянган хүн ам амьдардаг гэсэн статистик тоо байна.

Дээрх хуваарилалтаас харвал хот 275500 хүн амтай Баянзүрх дүүргийг 3.6 мянган хүн амтай Багахангайтай адилтгаж, тус бүрт нь тэрбум төгрөг зарцуулах эрх олгожээ. Нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжид хөрөнгө зарцуулж байгаа нь хотынхоо өнгө үзэмжид анхаарсан сайшаалтай боловч дүүргүүдийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзээгүйгээрээ учир дутагдалтай байна. Хүн ам цөөнтэй дүүрэгт байгуулах нэг тэрбум төгрөгийн цогцолбор тус дүүргийнхэнд хүрэлцээтэй байх нь тодорхой.

Харин хүн амынх нь даац хэтэрсэн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүрэгт нэг л цогцолбор барих нь учир дутагдалтай байгаа юм. Уг нь нийслэлд хийгдэж байгаа ажил бүхнийг нэг хүнд ногдох гэсэн хэмжээнд харгалзуулбал сайн сан. Барилга байгууламж, орон сууц, цогцолбор, тоглоомын талбай тохижуулсан ч хүнийхээ тоонд харгалзуулмаар байна. Нийслэлд өнөөдөр цэцэрлэг сургуулиар дутсан хороод бишгүйдээ олон бий. Ядаж л бүтээн байгуулалтын шинэ ажил өрнөхөд цөөн хүнтэй дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлт давхар шийдэгдэж, тэр хэмжээгээрээ нэг хүнд ногдох цалин урамшуулал ч ахиу байх сайн талтай.

Үүнийг дагаад гэр бүлийн амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр дээшлэх магадлалтай юм. Гэтэл хүн амын нягтаршил ихтэй, томоохон дүүргүүдэд энэ мөнгөөр тодорхой тооны л хүн цалинжина. Өөрөөр хэлбэл хүн амынх нь арав хүрэхгүй хувь цалинжиж үлдсэн хэсэг нь бахь байдгаараа л амьдарна гэсэн үг. Харин цөөн хүн амтай дүүргүүдэд энэ мөнгөөр хүн амынх нь 90 хувь нь ч цалинжих магадлалтай. Ингээд бодохоор нийслэл, дүүрэгт хийгдэж байгаа ажлуудыг хүн амын тоо, газар нутгийнх нь хэмжээнд харьцуулж санхүүжилтийг хуваарилах нь чухал байгаа юм.

Ж.Тагтаа

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих