Эвтэй найртай, эн тэнцүү хувааж хүртэхийн учир…
Оюутан залуус дотуур байранд орох, сургуульдаа бүртгүүлэхийн тулд заавал эрүүл мэндийн үзлэгт орж, ДОХ-ын шинжилгээ өгдөг болж. Энэ бүх үзлэг, оношилгоо нь нийлээд 5000 төгрөг болж буй.
Эмч нар оюутнуудын амыг нь ангайлгаж үзсэнийхээ төлөө 5000 төгрөг авч, бизнес хийж байгааг манай сонин хөндсөн учир энд хүргээд орхие. Харин үүнээс үүдсэн өөр нэгэн санаа бол оюутнуудаас ДОХ-ын шинжилгээ авч буй явдал. Хүн төрөлхтнийг хөлдөө сөхрүүлсэн энэ аймшигт өвчин Монголд газар авсан учир ийнхүү оюутан залуусаас хүртэл ДОХ-ын шинжилгээ авч болгоомжилж буй хэрэг биз.
Гэхдээ зөвхөн намар сургуульдаа бүртгүүлэхэд нь бус cap бүр ДОХ-ын шинжилгээнд хамруулж байх хэрэгтэй. Учир нь уурхайчид, оюутнууд болон хоригдлууд ДОХ-ын халдвар тээх хамгийн өндөр магадлалтай хүмүүс болохыг ДЭМБ судалгаандаа дурьдсан байсан. Ялангуяа оюутан охидын хувьд биеэ үнэлэх явдал газар авсан учраас бусаддаа халдаахгүй гэх баталгаагүй.
Тиймээс тэднийг дотуур байр болон сургууль дээр нь cap бүр сайн дурын оношилгоонд хамруулж байваас бусдыг аюулаас сэргийлэх боломжтой. Одоогоос 20-иод жилийн өмнө хоёр хар нөхөр Монголд ДОХ “бэлэглээд” буцсан. Тухайн үедээ ДОХ гэгч чухам юу болохыг бидний хэдэн монголчууд тааж ядаж байтал маш аюултай халдварт өвчин болох нь аяндаа мэдэгдсэн юм. Ямар сайндаа л “Тэр ДОХ гэдэг нь маньд олдохгүй бололтой. Дээгүүрээ хуваагаад авчихсан гэнэ” гэж хөдөөгүүр цуурч байх вэ дээ.
Харин өдгөө дээгүүрээ биш бүх нийтээрээ эн тэнцүү, эвтэй найртай хувааж, хүртэж байгаа гэвэл нэг их хилсдэхгүй. Монголд саяхан ДОХ-ын 112 дахь тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ бол зөвхөн албаны мэдээлэл. Нэг хүний цаана таван халдвар тээгч байдаг гэж үзвэл 2.7-хон сая хүн амтай цөөхөн монголчуудын хувьд энэ бол аюулын харанга.
Учир нь Монгол бол өдөрт 2-3 саяараа үерт үйж үхэхэд гарз гэж тооцдоггүй хоёр тэрбум хүн амтай Хятад биш. Ердөө 2.7-хон сая хүн амтай. Хүн амынх нь талаас илүү хувь нь хүүхэд, залуус. Тэднийх нь 112 нь ДОХ-ын халдвартай, зарим нь эдгэрэшгүй хүнд өвчтэй, нөгөө хэсэг нь эрүүл боловч эрсдэлт бүлгийнхэн, Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн өвөл донорын цуснаас ДОХ илэрсэн талаар мэдээлэл цацагдаж, монголчуудыг тэр аяар нь айдаст автуулсан. Үүнд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа няцаалт өгснөөр тэгсхийгээд намдсан.
Гэтэл уршигт ДОХ-ын талаар бас л шуугиан дэгдэв. Тодруулбал, Филиппин улсад албан ажлаар явсан төрийн албан хаагч халдвар тээсэн талаархи яриа чих дэлссэн. Түүнчлэн хэдхэн сарын өмнө Дархан-Уул аймгийн харьяат иргэнээс Ганцхудагт хоригдож байхад нь ДОХ-ын шинжилгээ авахад мөн л аймшигт өвчний вирүс илэрсэн гэдэг. Хамгийн сүүлд Дархан-Уул аймгийн дунд сургуулийн гурван сурагч охиноос өнөөх “хэцүү нэрт” илэрсэн талаар хэсэг шуугисан.
Зарим нь үнэн гэж зүтгэж, нөгөө хэсэг нь худлаа гэж “гүрийв”. Нэгэн үе хэзээ ч бидэнд тохиохгүй мэт санагдаж, тэртээ хол сонсогддог байсан хар тамхи, мансууралт, ДОХ, хүний наймаа гэгч зүйлс хэдийнэ бидний чихэнд ижил, дасал болж, дөжирчихөж.
Ингээд бодохоор энэхүү аймшигт өвчнөөс сэргийлэх төрийн бодлого үгүйлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 112 халдвар тээгч бий. Харин маргааш 113 дахь тохиолдол нь та ч байж мэднэ. Учир нь ДОХ-ын аюул чамд ч бас хамаатай.
Х.Өнөржаргал
URL: