Тагнуулын гурван ажилтан эрүүгийн хэрэгт холбогджээ

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба энэ оны эхний хагас жилд 113 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Өмнөх оны мөн үед тус алба нь 152 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан аж.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 113 хэргээс 138 хүнд холбогдох 99 хэргийг шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн хэргийн холбогдогчдыг авч үзэхэд  шүүгч, прокурор тус бүр гурав,  хэрэг бүртгэгч 12, мөрдөн байцаагч 13, цагдаагийн байгууллагын ажилтан 69, тагнуулын байгууллагын ажилтан гурав, хэрэгт холбогдогчидтой хамтатган энгийн 35 иргэнийг шалгасан байна.

Хууль хяналтын байгууллагынхны холбогдсон хэргийг авч үзвэл хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 49, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 15, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрөв, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 16, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг дөрөв, албан тушаалын гэмт хэрэг найм, бусад төрлийн гурван хэрэгт шалгуулсан байна.

Эдгээр хэргээс 44-ийг нь прокурорын яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 3-ийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, дөрвөн хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорын газруудад шилжүүлж, өдгөө 14 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.

Прокуророос 23 хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс нэг хэргийг цагаатган, 11 хэргийн холбогдох этгээдийг гэм буруутайд тооцож ял шийтгэжээ.

Эрүүгийн хэрэгт холбогдсон тагнуулын байгууллагын гурван ажилтны хоёр нь танхайрсан гэх асуудлаар шалгуулсан бол, нэг нь төрийн нууц задруулсан гэх хэрэгт холбогдсон гэнэ.

Н.Мөрөн

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих