Яагаад АНУ, Хятад хоёр монголыг тойлно вэ?
Эдийн засгийн хувьд жижигхэн загас боловч газар нутгийн хувьд аварга том Монгол Улс АНУ болон Хятадын стратегийн улам бүр тэлж буй ашиг сонирхлыг татаж байна гэж the-diplomat.com сайт тэмдэглэжээ.
“Эдийн засгийн хувьд аварга том улс” гэсэн нэр томъёо Монголтой холбоогүй.
Улс орон нь хангалттай сайн хөгжөөгүй, улс төрийн байдал нь тодорхойгүй, бага хэмжээний нөөц баялагтай нь тус улсын хөгжил дэвшилд урьдын адил саад тээг болсоор байна. Монгол Улсыг бас “стратегийн тулгуур цэг” гэх ч аргагүй. Эцсийн эцэст, энэ улс боомт ч үгүй, далайд гарах гарц ч байхгүй. Бага хэмжээний армитай, дэд бүтэц муутай. Гэхдээ Ази-Номхон далайн бүс нутгийн болон өөр бүс нутгийн олон орон газар нутгийн хувьд том Монгол орныг /Франц, Испани, Японы газар нутгийг нийлүүлснээс том газар нутагтай улс/ стратегийн гол түнш болох бодитой боломжтойг ойлгож эхэлж байна.
Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Вьетнам улс бүгд тоос шороотой нийслэл Улаанбаатарт төлөөлөгчийн газартай. Гэхдээ тус улсыг сонирхох сонирхол бүс нутгийн хөршүүдийн хүрээнээс хальжээ. АНУ, Канад, Австрали болон Европын Холбооны хэд хэдэн улс Монголтой хоёр талын харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна.
Яагаад сонирхох болов? Хэрвээ Хятад, Орос хоёр нэг түүх болоод газар нутагтай байсан бол Монголыг бусдаас хамгаалан даатгах улсын хувиар стратегийн чухал түншээ болгоно. Тэрчлэн Хятадтай залгаа Монголын дорнод хил Умард Солонгосоос 1000 хүрэхгүй километрийн зайтай оршдог нь тус улсыг аюулгүй байдлын асуудлаар нэлээд сонирхолтой бөгөөд боломжийн түнш болгож байгаа юм. Монгол Улс стратегийн хамгаалалтын системтэй болохыг хүсэхгүй эсвэл боломжгүй байж болох боловч, Ким Чен Ирийн дэглэм сүйрвэл байдал нэлээд өөрчлөгдсөнийг илтгэх болно.
Ямар ч байсан Монгол Улс аюулгүй байдлын салбарт АНУ-тай улам бүр нягт харилцаатай болсон. Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх хүрээнд тус улсын үндэсний армийг бэлтгэхийн тулд Монгол Улс 150 орчим цэргээ илгээсэн билээ. Хүн амынх нь тоотой харьцуулбал энэ тийм ч бага тоо биш юм.
Хэдийгээр Афганистан руу илгээсэн цэргийнх нь гуравны хоёр нь аль хэдийн нутаг буцсан боловч эдгээр алхам Монгол Улсаас НАТО болон АНУ-тай хийж буй харилцааг бэхжүүлжээ. Афганистан руу цэрэг илгээсэн нь Монгол Улс АНУ-тай сайн харилцаатай байх гэсэн эрмэлзэлтэй холбоотой. Хоёр орны сайн харилцаатайг нотолж, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд, тус улсын Ерөнхийлөгч Жорж Буш нар Монголд айлчилсан билээ. Буш Монгол Улсад айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа энэ үйл явцыг цааш үргэлжлүүлэх бодолтой байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Монголын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал жил тутмын хамтарсан “Хааны эрэлд” сургуулилтаа хийв. Уг сургуулилтийг анх 2004 онд явуулсан бөгөөд энхийг сахиулах болон терроризмтэй тэмцэх ажиллагаанд оролцох Монголын зэвсэгт хүчний туршлагыг зузаатгах зорилгоор явуулдаг байна. “Хааны эрэлд” цэргийн сургуулилт нь дэлхийн ажиглагчид, түүнд оролцогчдын анхаарлыг татсаар байгаа юм. Хамгийн сүүлд болсон сургуулилтад Өмнөд Солонгос, Таиланд, Энэтхэг, Япон болон Фижи улс оролцжээ.
Гэхдээ америкчууд тойлоод байгаа нь зөвхөн Монголын армийг бэлтгэхэд бус, илүү алсын зорилготой юм. Сэтгэл санаагаар унахад хүргэж байсан хэдий ч АНУ урьдын адил Киргизстан дахь оролцоогоо хэвээр хадгалж байна. АНУ Афганистанд НАТО-гийн цэргийг хүргэхэд Бишкекийн ойролцоох агаарын дамжин өнгөрүүлэх Манас төвийг ашиглаж байгаа юм. Харин одоо Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчин болон “Дарагдашгүй эрх чөлөө” ажиллагаа дуусч байгаагаас үзвэл тус төв шаардлагатай эсэх асуудал гарч байна. Дамжин өнгөрүүлэх Манас төв нь Вашингтоны ахар хугацааны ашиг сонирхол байсан байж болох ч, АНУ удаан хугацааны хэтийн төлөвтөө илүү бат бэх харилцаатай түнштэй болох шаардлагатай байгаа юм. Хэдийгээр газар зүйн байршлын хувьд алслагдмал оршдог нь дамжин өнгөрөх цэг болгоход ашигтай бус ч, Монгол Улс нутаг дэвсгэртээ Америкийн цэргийн баазыг байрлуулах боломжийг авч үзэж болох ажээ.
Үнэн хэрэг дээрээ АНУ-д тус бүс нутагт иж бүрэн харилцаа тогтоож болох итгэлтэй бөгөөд найдвартай түнш хэрэгтэй байгаа юм. Эндээс харвал, Монгол Улс дэлхийн энэ тогтворгүй хэсэгт Вашингтоны хамгийн боломжийн холбоотон болох энэ бүх шаардлагад нийцэж байгаа аж.
Гэхдээ ганц АНУ Монголыг анхааралдаа аваагүй бололтой. 2004 онд болсон “Хааны эрэлд” анхны сургуулийн дараахан Хятадад намын дээд албан тушаалтай хүмүүс аюулгүй байдал болоод батлан хамгаалах асуудлаар умард хөрштэйгөө илүү идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэх болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард аюулгүй байдал болоод батлан хамгаалах асуудлаар Хятад-Монголын тав дахь удаагийн зөвлөлдөөн болсон. Зөвлөгөөний дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн Ерөнхий штабын орлогч дарга Ма Сяотянь хэлсэн үгэндээ, хэлэлцээ “талуудын хоорондын харилцан итгэлцлийг дээшлүүлэхэд нааштай хувь нэмэр” оруулсныг тэмдэглэсэн юм.
Хоёр талын уулзалтаар хэлэлцэх асуудалд эдийн засаг болон худалдаа багтсан байлаа. Хятад улс нь худалдааны салбарт Монголын томоохон түнш болохыг өнгөрсөн сард Улаанбаатар хотноо Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Зечи тэмдэглэсэн билээ.
“Хятад улс Монголтой хамтран өндөр хэмжээнд яриа хэлцээгээ үргэлжлүүлэх талаар хүчин чармайлт гаргах, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа ялангуяа томоохон төслүүд дээр хамтран ажиллах чиглэлээр гүнзгийрүүлэх, хоёр талын харилцаагаа шинэ түвшинд гаргаж, цаашид улс орон, ард түмнийхээ тусын тулд ажиллахыг эрмэлзэж байна” гэж сайд хэлснийг Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг иш татан мэдээлжээ.
Бүс нутагт нь Вашингтоны сонирхол ихсэж буйг Бээжин анзаарч, хариу авахаар шийджээ гэвэл зохилтой байх. Хэрвээ АНУ Монголтой байгуулсан түншлэлээ бүс нутагт нь нөлөөгөө тэлэх зорилготой удаан хугацааны хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байгаа бол америкчууд стратегийн холбоотонтойгоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн тулд өөрийн гол санал санаачилгаа дэвшүүлэн тавих хэрэгтэй болно.
З.Амгалан
“Монцамэ”
URL: