Монгол төр сульдаа, Монголын хил, гааль шүүрэн шанага шиг цоорхой

Миний нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэсэн сүрдэм уриатай Хил хамгаалах газар, “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэж өөрсдийгөө рекламддаг Монголын гааль өнөөдөр үүргээ биелүүлж, үндэстнээ хамгаалж, Монгол Улсын хил хязгаар бүрэн бүтэн, харуул хамгаалалттай байгаа гэж итгэхэд бэрх болоод байна. Хятад иргэд хил давж орж ирэн Монголд дураараа зугаалж, загасчилж, алт олборлож, монголчуудыг хүний наймааны золиос болгож, Олон улсын байгууллага манайхыг “Хар тамхины дамжин өнгөрөх бааз” хэмээн нэрлэж байна. Хамгийн харамсалтай нь гадны луйварчид их хэмжээний залилан, дээрэм тонуул хийж, охид хүүхнүүдийг садар самуунд уруу татсан хэрнээ үүргэвчээ үүрээд зүгээр л хил даван зугтчихаж байна.
Хил давсан луйварчид хэлээ гарган шоолж байна
ОХУ-ын иргэн А.Е.Новожилов нь “Транс” банкнаас 2006-2008 онд баталгаагүй барьцаагаар 2.5 тэрбум, барилга засварын ажил хийх нэрээр 290 сая, хувийн харилцах дансандаа 40 гаруй сая гэх мэтээр банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг шилжүүлж аваад сураггүй болсон юм. “Транс” банкны хувьцааны 51 хувийг Швейцарийн хөрөнгө оруулалттай “Инфрастракчер” гэх компани буюу тус улсын иргэн Армен эзэмшдэг байсан юм. Тэрбээр тус банкны хувьцааг худалдан авахдаа “Швейцарийн банк шиг болгоно. Хувьцаагаа худалдахаар бол хамгийн түрүүнд бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгоно. Монгол Улсаас гарахаар бол Төвбанкинд мэдэгдэнэ” гэсэн утгатай гэрээг Монголбанк болон “Транс” банкны холбогдох албаны хүмүүстэй анх орж ирэхдээ байгуулж байжээ. Гэвч тэрбээр гэрээнийхээ үүргийг биелүүлсэнгүй. 51 хувийн хувьцаагаа нууцаар худалдчихаад чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэдэг шиг хэнд ч мэдэгдэлгүй хил гараад арилж өгөв. Армены араас  А.Е.Новожилов бас л оргон зайлжээ.
“Марко Поло” хэмээх зоогийн газар ажиллуулж байсан Итали улсын иргэн Бернард Франческо 400 гаруй бүсгүйн биеийг үнэлүүлсэн, хууль бусаар зэвсэг хадгалсан, садар самууныг сурталчилсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан ч бас л хил даваад оргон зайлжээ.  Монголын цагдаа түүнийг Итали руугаа явсан байх гэж таамаглаад л сууцгааж байна.
Үүнээс гадна Монголбанкнаас 21 сая гаруй доллар залилсан хэрэгт холбогдоод байгаа АНУ-ын иргэн Ж.Чайлмерс Чингэлтэй дүүргийн шүүхээс оргоод багагүй хугацаа өнгөрлөө. Шүүгдэгч Ж.Чайлмерс шүүх хурал болохоос 3-4 хоногийн өмнө Буянт-Ухаагийн боомтоор нэвтэрсэн дүрс нь хяналтын камерт үлдсэн. Хамгийн гунигтай нь 20 гаруй тэрбум төгрөгийн залилан хийсэн энэ этгээд гадагшаа зугтаж гарсан хэрнээ орчуулагч болон өмгөөлөгч рүүгээ и-мэйл бичиж “Шүүх хурал юу болж байна” хэмээн даажигнаж байх юм.
Хил давсан гэмт хэрэгтнүүдээс хамгийн алдартай нь “Алтан дорнод Монгол”-ын захирал С.Паушок. Тэрбээр арав гаруй жилийн турш манай улсаас 25 тонн орчим алт цөлмөж, нөхөн сэргээлт гээчийг ор тас мартсан этгээд. Бас болоогүй татварт 74 тэрбум төгрөгийн өртэй. Гэвч энэ этгээд мөрдөн байцаалтад байхдаа хил давж зугтсан хэрнээ өнөөдөр Монголын Засгийн газраас нэг тэрбум доллар нэхэж, Оросын луйварчнаас болж бид өмгөөлөгчийн хөлсөнд зургаан тэрбум орчим төгрөг үрсэн. Харин С.В.Паушокийг хилээр гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын ажилтнууд, гаалийнхан ямар хариуцлага хүлээсэн нь өнөөдөр ч тодорхойгүй. Энэ бол зөвхөн жишээ. Солонгосоос орж ирж, зодоон хийсэн мафийн 21 дээрэмчин, олон зуун сая төгрөгийн залилангийн хэргээр шоронд ял эдлэж байсан Со Ян Жу нарын хэдэн арван луйварчин хил давж зугтсан байх юм.
Гэмт хэрэгтнүүд шургадаг “хонгил” хүртэл бий болсон гэж үү?
Монголбанкнаас 21 сая доллар залилсан Ж.Чайлмерсын  паспорт  Чингэлтэй дүүргийн цагдаад хураалгаастай байсан гэнэ. Харин А.Е.Новожиловын паспорт ОХУ-ын Элчин сайдын яаманд байж. Эдгээр гэмт хэрэгтнийг оргон зайлахаас болгоомжилж, Хил хамгаалах газарт албан тоот илгээсэн гэнэ. Гэвч их хэмжээний залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өнөөдөр Монголд алга. Тэднийг оргон зайлсан учир Монголын цагдаа эрүүгийн хэргийг түдгэлзүүлэхээс өөр ямар ч ажил хийж чадахгүй аргаа бараад сууж байна. Харин учир мэдэх улс “Хилээр гэмт хэрэгтнүүдийг шургуулдаг нууц хонгил бий. Мөнгөтэй бол хэн ч хаашаа ч гарчихаж болно” хэмээн ярьж байх юм. Үнэндээ хилийн торон доогуур татсан ямар ч нүх байхгүй. Харин гэмт хэрэгтнүүдтэй хуйвалддаг, тэднийг хил гаргаж, их хэмжээний авлига, хээл хахууль авдаг бүлэг гэмт хэрэгтнүүд байгаа аж. Тэд нартай хуйвалдсан хил, гаалийн ажилтнууд  өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээсэнгүй.
Интерполоор 50 гаруй сэжигтнийг эрэн сурвалжилж байна
Гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаад хил давж оргон зайлсан тохиолдолын дийлэнх нь залилангийн гэмт хэрэг vйлдсэн нөхөд байдаг. Одоогоор гэмт хэрэг үйлдээд хил давсан 50-иад оргодлыг Интерполоор эрэн сурвалжиж байна. Манай улс хоёр хөршөөс гадна Польш, Солонгос , Унгар, Франц, Куба зэрэг 21 улстай эрvvгийн хэргийн талаар хамтран ажиллах олон улсын гэрээтэй ажилладаг. Мөн Казахстан, Хятад зэрэг дөрөвхөн улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай ярилцаж болдог юм байна. Тиймээс хил давсан харийн гэмт хэрэгтнүүдийг бид яаж ч чаддаггүй. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Транс” банкийг луйвардсан А.Е.Новожилов, С.В.Паушок нарыг олж өгөхийг ОХУ-ын талаас хүсч, албан бичиг шидээд ч нэмэр алга. Шүүрэн шанага шиг цоорхой Монгол Улсын хил гаалиар луйварчид дураараа орж гарч байна. Монгол Улсын дархан хилийн бүрэн бүтэн байдал, тангараг өргөсөн хилчид, гаальчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг эргэж харах цаг болжээ.

www.shudarga.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих