Жолооч нарын анхааралд!!!

ЗАХИРАМЖ: Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.1.6 “а”, “ж”, 36 дугаар зүйлийн 36.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 2, 3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. 
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай.

1.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавих;

1.2. Автозамын хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтныг авч ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.

Хоёр. 
Энхтайваны өргөн чөлөө замын 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх хэсэгт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг зорчуулах, нийтийн тээврийн үйлчилгээний замналыг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тэмдэг, тэмдэглэл хийх, цаашид тусгаарлах хашлага тавих зураг төслийг боловсруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж 2013 оны нийслэлийн төсвийн төсөлд тусгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

Гурав. 
2012 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Худалдаа үйлчилгээний томоохон төв, захын үйлчилгээний цагийн хуваарьт нэгдүгээр хавсралтаар өөрчлөлт оруулан баталж, мөрдүүлж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад, тэдний үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад, зогсоолын талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн цагдаагийн газар /Ө.Энхтөр/-т тус тус даалгасугай.

Тав. 
Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг зохион байгуулахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д даалгасугай.

Зургаа. Улаанбаатар төмөр замыг хот орчим, хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжийг Төмөр замын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран судалж, санал боловсруулж, 2012 оны 10 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д даалгасугай.

Долоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Баатархүү/-д, Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т тус тус ДААЛГАХ нь:

7.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээл болон хүүхдийн цэцэрлэгүүдийн эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах арга хэмжээ авах;

7.2. Хоёрдугаар хавсралтанд дурьдсан сургуулиудын сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;

7.3. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж сурагчдын цүнх, хувцсыг гэрэл ойлгогчтой болгох ажлыг зохион байгуулах.

Найм. Сургууль, цэцэрлэгийн ойролцоох автозамуудад хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

Ес. 
Орон сууцны хороолол доторх автомашины хөдөлгөөний орц, гарцыг хаасан хашаа, хаалтыг чөлөөлөх “Хашаа” арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /М.Буяндэлгэр/-нд даалгасугай.

Арав. Автомашины төлбөртэй зогсоол байгуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтаар хийлгэх журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

Арван нэг. 
Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд мэдээлэх, сурталчилгааны самбаруудыг ашиглан улсын дугаараар хөдөлгөөнд оролцох хязгаарлалтын талаархи мэдээллийг байршуулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг хэвлэл, радио, телевизээр сурталчилах ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /н.Оюунбат/-нд тус тус даалгасугай.

Арван хоёр. Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын гэрээний үүрэг, стандартын шаардлагыг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т даалгасугай.

Арван гурав.
 Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахад шаардагдах 1 тэрбум 778.2 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн давсан орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Арван дөрөв.
 Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дөрөвдүгээр хавсралтаар баталж, гүйцэтгэл үр дүнг 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАЛТТАЙГААР ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн гуравдугаар хавсралт


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙРОЛЦООХ АВТОЗАМУУДАД
ХУРД СААРУУЛАГЧ ХИЙХ, ТЭМДЭГ БАЙРЛУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ


Нийслэлийн Засаг даргын 2012 оны
08 дугаар сарын 24-ний өдрийн А/532
дугаар захирамжийн дөрөвдүгээр хавсралт

Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг
зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах
ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн ахлагч:    Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр

Орлогч:    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

Нийслэлийн Газрын албаны дарга

Нийслэлийн Боловсролын газрын дарга

Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга

Нийслэлийн Автозамын газрын орлогч дарга

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга

Нарийн бичгийн дарга:    Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга

ulaanbaatar.mn

URL:

Сэтгэгдэл бичих