Нүх бол саад мөн

“Эв нэгдэл бол хүч”, “Хэзээд бэлхэн”, “Нам бол төрийн улаан булан мөн” гэх зэрэг большевик уриануудыг хүний тархинд хүчтэй суулгаснаар төр өөрийн бодлоор хүмүүсийг хөдөлгөдөг. Төр иргэдийн хувь заяаг шийддэг байсан цаг өнгөрч, иргэд төрийн хувь заяаг шийддэг болсон. Гэвч иргэд тархиндаа суулгасан хуучин хэрэггүй үгсээ толгойноосоо авч хаяж чадахгүйгээс шинэ нөхцөлд хуучин арга барилтайгаа зууралдсаар. Уг нь ийм үед төрийн тархинд мөн хүчтэй нөлөөлөх уриаг гүн суулгаж байж сайн ажиллуулах ёстой мэт. Жишээ нь, “Нүх бол саад мөн” гэх уриа байж болох юм. Үүнийг төр засагт ажиллаж буй сайд дарга нарын толгойд “хувьсгалын улаан туг шиг мандуулж чадвал” бид элдэв янзын “нүх”-нээс ангижрах биз. Энгийн нүх, замын нүх, улстөрчдийн нүх, намуудын малтсан нүх, өөрсдөө малтсан нүх гээд олон төрлийн нүх бий. Гол нь ямар ч нүх байсан гэлээ, тэр нь хэзээд гай, саад болж байв.  Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт улс төр, нам хөдөлгөөн, нийслэл, хууль цагдаагийн байгууллага, иргэд эдгээр “нүх”-нүүдийн алины талаар хэрхэн бодож байсан бол гэдгийг олж харах гээд үзье.

МАН ЮУ БОДОЖ БАЙВ?

Тус намынхан өнгөрсөн долоо хоногт өөрсдийн бодож буйдаа хатуу хэвээр байлаа. Тэд УИХ-ын тухай хуулийн дагуу бүлэг байгуулах тухай мэдүүлгээ хугацаанд нь өгч чадаагүйгээ УИХ-ын даргын томилгоотой холбон тайлбарлаж “УИХ-д бид бүлэгтэй” гэдгээ зарлаж, үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсоор байв. Өнгөрөгч өдрүүдэд Ц.Нямдорж “Би урвагчидтай тэмцэнэ” гэх мэдэгдлээ мөн л үргэлжлүүлж, Н.Энхболд “Одоо бол Ардчилсан намынхан их л бяртай байна. Гэхдээ дандаа ингэж явахгүй байлгүй дээ” гэж шүд зуун, Ө.Энхтүвшин нь “Н.Алтанхуяг бүлэглэлүүдийн сонирхолд нийцүүлж Засгийн газрыг байгууллаа” хэмээн эсэргүүцэж, Д.Лүндээжанцан “Зөвшилцөхийн оронд хүч түрэмгийлэх замаар асуудлыг шийдвэрлэж байна” хэмээн тайлбарлаж, намын өнгө төрхийг илэрхийлэх ёстой гэгдэж байсан Ж.Сүхбаатар ордны гаднаас “Энэ засгийн үед парламентын ардчилал аюулд орлоо” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлж байв. МАН-ынхан ийнхүү МАХН гэх нэрээ авч үлдээд амжилтад хүрсэн хэдийгээ урвагч хэмээн тодорхойлж,  өөрсдийнхөө замд буй “нүх”-ийг өрсөлдөгч улс төрийн хүчин болох “Ардчилсан нам” гэж харж байлаа. Гэвч намын удирдлагын харж буй “нүх”-ний талаарх бодол тус намын зарим нэгэнд нь өөр байгаа нь интернэтийн орчинд цухалзаж эхлэв. МАН-ын зарим гишүүдийн хувьд намынх нь “нүх” нь “төрийн ажилд ташуур биш чөдөр шиг аяглаж буй намынх нь удирдах хэдхэн хүн” гэж харагдаж буй гэдгээ тэд хувийн цахим хуудас, интернэт орон зайд илэрхийлсээр байв. “ГАНГНАМ СТАЙЛ” гэх солонгос дуу дэлхийд үзэгдэл болж гайхуулж байхад “МАННАМ СТАЙЛ” гэх ажилд саад болох үзэгдэл Монголд гаарч, үүнийг нь шүүмжлэсээр байтал МАН-ын удирдлага өөрсдийн байр сууриндаа бат зогссоор байлаа.

АРДЧИЛСАН НАМ ЮУ БОДОЖ БАЙВ?

Тус намынхны хувьд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хэд хэдэн “нүх”тэй таарав. Хамгийн том нь “МАН-ын гөжүүдэл”, тэгээд цааш нь жижгэрсээр “намын гишүүдийн дотоод амбици” зэргээр дуусав. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах, юу юугүй болох дөхсөн Орон нутгийн сонгуулийн хуулийг батлах, төсвийн тодотгол хийх зэрэг олон ажлын боловсруулах бэлтгэхийн хажуугаар МАН-д бүлэг байгуулах боломжийг нь хангаж өгөх, зэрэг бодлууд байгаа нь тодорхой. УИХ-ын даргын томилгоог хууль бус болсон гэж МАН-ынхан үзээд энэ тухай Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн тул “юмыг яаж мэдэх вэ, цэцийн шийдвэр яадаг бол” гэх айдас ч тэдэнд бий. Хэдийгээр олонх болоогүй ч УИХ-аас гарах шийдвэр бүрийг Ардчилсан намд оноож олонх хэмээн олон нийт харж буй. Ингэснээр “Яамдын тоог нэмж төрийн албыг данхайлгах нь, УИХ-ын гишүүн нь засгийн газрын гишүүн байлгахыг болиулах хэрэгтэй гэсэн яав” гэх зэрэг шүүмжлэл тус нам руу чиглэснийг тэд хүлээж авахаас аргагүй. Иймд хийж буй ажлаа иргэдэд хэрхэн ойлгуулах вэ гэх бодол Ардчилсан намд байгаа.

МАХН ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙВ?

МАХН өнгөрсөн долоо хоногт “нүх”-ний оронд “дов”-он дээгүүр харайлгасаар өдрүүдийг барав. Тэдэнд намынх нь дарга Н.Энхбаярын биеийн эрүүл мэнд муудлаа гэх зовнил, уулзалтын цаг гаргаж өгсөнгүй гэх гомдлоос өөр “нүх”-ний талаар бодох цаг байсангүй.  Идэвхитэй хэдэн гишүүд нь сайд, дарга, байртай болж, шинэхэн дарга нар ажилтайгаа танилцаад завгүй байлаа. УИХ-ын суудалд суухдаа шулуухан хэлчихдэг, “шуудхан гаргачихдаг” зантай гэж үнэлүүлсэн Ш.Сайхансамбуу гишүүн “Н.Энхбаяр даргын зовлого дээр хэдэн хүн даргын суудалд очиж байх шиг байна даа” хэмээн МАХН-ын гишүүдийн талаар тодорхойлов. Энэхүү тодорхойлолттой олон хүн санал нэгдэж Н.Энхбаярынхаа төлөө тэднийг засгийн ажилд бойкот хийх байх гэж бодсон ч МАХН-ынхан тэгсэнгүй. “Хууль шүүхийн ажил хууль шүүхээрээ, төр засгийн ажил тусдаа байх нь зүйтэй” гэж үзсэн бололтой.

МҮАН ЮУ ГЭЖ БОДОВ?

Тэд МАХН-тай тэнцүү эрхтэйгээр хамтран сонгуульд оролцсон ч сайдын суудлын хуваарилалтад тэнцүү эрхээ эдэлж чадсангүй. Сангийн сайдад М.Энхсайхан нь гарч ирэх нь гэж байсан ч намд нь очих квот ганц сайд болон хязгаарлагдсан тул нэр дэвшигч өөрөө татгалзав. Тус намын толгой М.Энхсайхан юуг бодож ийн татгалзсан нь тодорхойгүй байгаа ч үр дүн нь эерэг тусч “албан тушаалын хойноос улайрдаггүй овоо эр байна даа” гэх үнэлэлтийг авав. Энэ үед УИХ-д ороод авсан Ц.Цолмон нь Ардчилсан нам Монгол Ардын намын маргаан дундуур орж УИХ-д бүлэг байгуулах боломжийг олгох хуулийн төсөл санаачлан өргөн бариад авав. Үүний үр дүн нь мөн л намынх нь болоод хувь гишүүний нэр хүндийг өсгөх зорилготой байв.

ЗАСАГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙВ

Засгийн газрын хувьд өнгөрөгч долоо хоногийн “нүх” бол намуудын олон янзын ааш аяг байлаа. Гэвч “төрийн ажлыг намын эрх ашгаас дээгүүр тавихгүй” гэх зарчим эдгээр жижиг “нүх”-нүүд дээгүүр гарах боломж өгч байлаа. Ер нь өнгөрөгч долоо хоногийг бүхэлд Засгийн газрыг байгуулах өдрүүд ч гэж хэлж болохоор байлаа. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН, Ардчилсан намын эрх ашгийг Засгийн газрын цаашдын ажиллагааг тогтвортой байлгахад хэрхэн зангидах вэ гэх асуултад хариулав. Өмнө нь “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхаас аль болох татгалзах нь зүйтэй” гэх зарчим баримталж байсан гишүүд үүнээсээ буцвал олон нийтийн зүгээс шүүмжлэл ирнэ гэдгийг мэдэж байсан ч Засгийн газрын бүрэлдэхүүний 80 илүү хувийг УИХ-аас сонгов. Засаг өөрөө тогтвортой байхын тулд ийн шийдэж. Олон намын эрх ашиг хүчтэй байх үед Засгийн газрын гишүүн нь УИХ-д сууж байгаа тохиолдолд засгийг унагаах явуулгад автах нь бага байх улс төрийн онол бий. Ийм онолыг засаг энэ удаад барихаас аргагүй байдалд хүрэв. Ийнхүү байгуулагдсан Засгийн газрын эхний шийдвэр нь ард түмнээс тусгаарлагдсан Төрийн ордныг нээлттэй болгох байлаа. Иргэд Чингис хааны хөшөөг ойроос харах, Төрийн музейг үзэх боломжтой болгов. Өмнө нь энэ бүхэн хаалттай туузны цаана, “холд, болохгүй” гэх үгстэй хамгаалагч нарын хяналтан дор байдаг байсныг өөрчилж буйд иргэд баярлав. Засаг үүгээрээ “төрийн ажлыг нээлттэй ил тод байлгахын эхлэлийг хийж байна” гэж ойлгуулах зорилготой байгаа нь ч тодорхой байв.

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙВ?

Сүүлийн өдрүүдийн хотын номер нэг асуудал нь “зам, замын түгжрэл” болоод байгааг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн удирдлага хүлээн зөвшөөрч буй бололтой. Тэд өнгөрсөн долоо хоногийн ажлынхаа ихэнхийг зам засварын ажил, замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөнд зарцуулжээ. Онцлог нь тэдний хувьд “нүх”-ний талаарх бодол нь шууд утгаараа бууж байлаа. Даацаа хэтрүүлсэн зам нь энэ сарын цаг агаарын өнгийг илэрхийлэх үргэлжилсэн бороонд эвдэрч, зам онгойсон нүхээр дүүрэв. Энэ нь замын түгжрэлд хүч өгч, “Нийслэлийн удирдлагынхан ажлаа муу хийж байна” гэж үзэх иргэдийн тоог нэмэгдүүлэв. Иймд нийслэлийн удирдах байгууллага замын түгжрэлийг бууруулахын тулд хэд хэдэн арга ашиглах нь зүйтэй гэж бодож. Машиныг дугаараар нь ялгаж долоо хоногийн аль нэг өдөр хотын төвөөр зорчуулахгүй байх, гол захуудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулах, төрийн байгууллагад ажиллагсдыг нийтийн тээврээр зорчуулах, төлбөр өндөртэй машинаар байнга хүргүүлдэг хүүхдүүд голдуу суралцдаг сургуулийг автобустай болгох зэрэг нь хэрхэн хэрэгжих бол гэх бодол тэдэнд ч бас бидэнд хүлээлт үүсгээд байна.


ХАРИН ИРГЭД ЮУ БОДОЖ БАЙВ?

Иргэдэд үнэндээ засаг байгуулагдах, хэн сайд болж, хэн даргаас татгалзах нь сонин биш байв. Харин тэдний хувьд өнгөрөгч долоо хоногийн том “нүх” нь сургууль цэцэрлэгт хүүхдээ оруулах, оюутнуудын сургууль, суух байрных нь төлбөрийг олох гэгч байв. Танилгүй, эсвэл гар хүндрүүлэх зүйлгүй бол хүүхдээ цэцэрлэгт оруулахад бэрхтэй, цалингийн зээл авахгүй, эсвэл хэдэн малаасаа зарж үрэхгүй бол оюутнууд руугаа шилжүүлэх мөнгөгүй байдал нь том “нүх” болж байлаа. Мөн нийслэлчүүдийн хувьд “замын нүх” жинхэнэ утгаараа толгойны өвчин болж байлаа. Өмнө нь иргэд машинаа зарахдаа “Хөдөө явж байгаагүй, хотод гэр ажлын хооронд л явж байсан” гэж рекламддаг байсан бол өнөөдөр “хотод явж байгаагүй, оруулж ирээд шууд хөдөө байсан юм” гэж хэлэхээр болов. Ийм нөхцөлд идэх хоол, явах түлшээ бодохоос гадна эвдэрсэн машинаа засуулах гэгч асуудал давтагдсаар.

Иргэдэд инфляци хэдийн тоотой байна гэж статистикчид ухуулах нь чухал биш нэг килограмм мах хэдэн төгрөг болох нь чухал. Зам барихаар ямар компани тендерт шалгарч буй нь чухал биш нүхгүй замаар зорчих нь чухал. Хотод хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт орох нь чухал биш хороон дээр нь хуримтлагдсан хур хог алга болох нь чухал байна.

Энэ мэтээр нүхний талаарх бодлууд үргэлжилсээр. Хэний ухсан “нүх” вэ гэдэг нь одоохондоо чухал биш, хэрхэн “нүх”-энд саатахгүй өнгөрч болох вэ гэдгийг л бодох учиртай. Нүхийг бөглөж болно, тойроод гарч болно. Гол нь “нүх бол саад мөн” гэдгийг ойлгох бүгд ойлгож байгаасай билээ.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих