Чингис хаанаа худалдаж идэх боломжийг алджээ, бид
“Чингис хааны төрсөн газар ус нь Өвөрмонголын Ордос хошуу, уугуул нутаг нь Өвөрмонгол, тэр нь одоо Хятад улсын мэдэлд байдаг юм байна” гэсэн ойлголтыг дэлхий нийтэд төрүүлсэн өргөн далайцтай суртал ухуулгыг урд хөрш энэ жил тун амжилттай үргэлжлүүлж байна. Их хааны мэндэлсний 850 жилийн ой энэ жил тохиож байгаа нь энэхүү суртал ухуулгыг амжилттай болоход тун их нөлөөг үзүүлж байгаа юм. Саяхан Ордост зохион байгуулагдаж, дэлхий нийтийн, тэр тусмаа эрчүүдийн анхаарлыг гойд татаад авсан “Дэлхийн гоо бүсгүйн шалгаруулалт” ч энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэг хэсэг байсан мэт харагдаж байлаа. Гоо бүсгүйн тэмцээний завсар их хааны бунхан, үүх түүхийг хэтэрсэн тунгаар сурталчилж байсныг нь харахад тэгж санагдахаас өөр аргагүй байсан юм. Харь нутгийнхан эзэн хааных нь нэрийг худалдаж идэхийг зүгээр хараад сууж байгаа бид өмнө нь арай ч ийм байгаагүй юм. Даанч хэт туйлшрамтгай чанар нь ийм балай гэхэд балай биш, ухаалаг гэхэд ухаалаг биш болгочихдог юм болов уу.
Монгол орныг хүрээлэн байсан коммунизмын хана нуран унаж, хүмүүс урьдын түүхээ мэддэг, санагалздаг байснаа батлахаар хошуурч байх үед Чингис хааны зурагтай хивс айл болгонд шахуу байдаг байж билээ. Гэтэл тэр нь хангалтгүй санагдаад архи дарс, зочид буудал, уушийн газар гээд бүгдийг “Тэмүүжин”, эсвэл “Чингис” гэж нэрлэх болсныг түүх гэрчилнэ. Энэ синдром одоо арай дарагдсан ч архи, дарсны үйлдвэрлэлд хадгалагдсан хэвээр л байгааг захын дэлгүүрт ороод мэдэж болно. Улсынхаа нийслэл Улаанбаатарыг хүртэл “Хэтэрхий коммунист нэр” гэж шүүмжлээд “Чингисбаатар” болгочих шахаж байв. Тэр үед нэгэн зохиолч “Одоо 00-ын цаасаа Чингис гэж нэрлэх дутаж байна” гэж хэлж байсан юм.
Намайг бага байхад манай байранд Чингис нэртэй нэг ах байж билээ. Ардчилал хараахан ялаагүй байхад Чээгий хэмээн уриалгахан дуудуулдаг байсан тэрбээр “Цагаан морин жилийн хувьсгал”-ын дараа “Намайг Чээгий биш, Чингис гэж дуудаж бай” хэмээн тэрүүхэндээ агсарч байсан юм гэнэ лээ. Бодоод байхад тэр үед тийм нэртэй хүн ер байдаггүй байж. Харин одоо Чингис, Тэмүүжин, Бөртэ нэртэй хөвгүүд охид маш олон бөгөөд дийлэнх нь энэ жил 20 насны босгыг алхаж байгаа гэж мөрийцсөн ч алдахгүй. Чингис ахаас ялгаатай нь өөрсдийгөө Тэмүүжин, Бөртэ гэж бүтэн нэрээр биш, “Тэмка”, “Бөөгий” гэж дууд гэж уурладаг болсон байж магадгүй. Их оргилсон хүсэл хурдан бөхдөг гэдэг. Түүн шиг, цагийн аясаар Чингис хивс морин хууранд зайгаа тавьж, их хааны алдар суу эх нутаг, үр хойчынхоо дунд бүдгэрчээ.
90-ээд оны үед юмдаг, Шведийн уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” нэртэй кино кино театруудаар гарч байв. Шар үстэй, ногоон нүдтэй швед хүүхэн, дээлэрхүү юмныхаа хормойг чирэн, өөрөөсөө нэг их ялгарахааргүй залуугийн хойноос хазгай муруй аялгаар “Тэмүчин, Тэмүчиэн…” гэж дуудан гүйх нь үнэхээр наалдацгүй харагдаж байсныг яана. Тэр үед зарим нэг цөс ихтэй монгол “Муусайн шведүүд манай их хаан, Бөртэ хатныг яаж доромжилж байгаа нь энэ юм. Шүүхэд, заргалд” хэмээн цээжээ дэлдэх явдал ч гарч байсныг миний бие учрыг нь гүйцэд ухаж ойлголгүй хараад сууж байлаа. Тийм бодолтой хүмүүс олон байсан учраас “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэн гэдэг учрыг арай хожуу мэдэж авсан.
Дахиад хэдэн он өнгөрөхөд бид Чингис хаанаа Монголын хүү, монгол хүн гэж өмчлөхөөсөө илүү дэлхий дахинд алдаршуулан мандуулахыг хүссэн нь зүй ёсных байв. Энэ зорилт ч бүтэн биелж, өвөг дээдсээ “Мянганы суут хүн”-ээр өргөмжлүүлж чадсан билээ. Харин үүний дараа үе, үе хөдөлдөг “өвчин” нь хөдөлж, “Нэгэнт л дэлхийн хүн юм чинь дэлхий нийт өмчилж л байг” гэсхийгээд зөнд нь хаячихаж.
Чингисийг өөрийн хүн болгох оролдлогыг энэ завсар олон улс хийсний зарим нь маш инээдтэй баримтан дээр тулгуурлаж байсныг энд бичээд баршгүй. Жишээ нь, “Нууц товчоо”-ны эхлэл хэсэгт бичигдсэн “Тэнгис далайг гатлан ирсэн Бөртэ Чино, Гоо марал” гэсэн өгүүлбэрээс санаа авч, “Хэтэрхий ихийг хүсч, сёгундаа нүд үзүүрлэгдээд нутагтаа байх газаргүй болсон самуурай далай гатлан Монгол ирж, үр удам нь дэлхийг эзлэх хүслээ гүйцэлдүүлсэн” гэсэн таамаглалыг япончууд хийж байлаа. Иймэрхүү баримтуудыг бол няцаах үндэстэй, харин энэ удаа бол бид өвөрмонголчуудад яалт ч үгүй хожигдчихлоо. Учир нь, өвөрмонголчууд их хааны үр сад гэдэг нь үнэн, бас их хаанд биднээс илүү сэтгэлтэй хандаж байна гэдэг нь ч үнэн юм.
Уг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоогоос гурван жилийн өмнө “Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг 2012 онд Монгол Улс даяар ёслол төгөлдөр тэмдэглэсүгэй. Их эзэн Чингис хааны мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар/С.Баяр/-т чиглэл болгосугай. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулж тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсүгэй” гэх зэрэг заалт бүхий “Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх” тухай 118 тоот зарлиг гаргасан билээ. Гэхдээ зорилго нь зөв мэт харагдах уг тогтоолын ганц том алдаа нь Н.Энхбаярын өөрийгөө дөвийлгөх давагдашгүй их хүсэлд нь байсан юм. Өөрөөр хэлбэл, мань хүн их хааны ойг тэмдэглэх далимдаа эх орноо дэлхий нийтэд сурталчлах бус, өөрийгөө эзэн хаантай зүйрлэх санаатай байсан байж тун ч магадгүй. Учир нь, Чингис хааны төрсөн өдрийг өөрийнхтэйгөө нэг өдөр давхцуулж, зургадугаар сарын 1-нд ёсчлон тэмдэглэдэг болгох талаар яриа хэлэлцүүлэг ид өрнөж байсны цаад учрыг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй, мэдэхгүй өнгөрсөн.
Гэхдээ энэ ойг ёсчлон тэмдэглэх ёстой гэдэг санаа нь зөв байв. Тийм ч учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг аль нэг өдрийг онцлолгүй, жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг энэ оны нэгдүгээр сард буюу он дөнгөж эхэлж байх үед гаргасан юм. Гэтэл тухайн үеийн эрхтэн дархтнууд буюу МАН-ын удирдлагууд нүдэн балай, чихэн дүлий байсаар өнгөрөөчихлөө. Улсын наадмаар ч гэсэн “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой” гэсэн үг Ерөнхийлөгчийн зүгээс л сонсогдоод өнгөрсөн. Их хааны ойг тэмдэглэх ажил Монголд нэг иймэрхүү байдлаар шувтарч байхад Өвөрмонголд хэрхэн сурталчилсныг дээр өгүүлсэн. “Чингис хааны төрсөн газар ус нь Өвөрмонголын Ордос хошуу, уугуул нутаг нь Өвөрмонгол, тэр нь одоо Хятад улсын мэдэлд байдаг юм байна” гэсэн ойлголт одоо ч гэсэн дэлхий нийтэд түгсээр. Хөх толботой, монгол хөвгүүн би бээр “цагаан цаас шиг” байх ахуйдаа Шведийн уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” хэмээх киног үзээд нэг хэсэгтээ л балчир ухаандаа Бөртэ хатныг “шар үстэй” хэмээн төсөөлж байсан юм. Түүний адилаар, энэ жил хятадын явуулсан суртал ухуулгыг үзсэн хичнээн балчир хөвгүүд, охид дэлхийн өнцөг булан бүрт “Чингис хаан хийгээд Монголын өнөөгийн байдлын талаар бүрэн ойлголттой болчихлоо” хэмээн бодож байгааг хэн ч таашгүй. Бид Чингис хааныхаа ойг энэ жил тэмдэглэчихдэг л байсан юм. Тэгсэн бол эх орноо үнэн зөвөөр нь дэлхий нийтэд мэдрүүлэх шиг болохгүй юу. Их хааны нэрээр бараа таваар биш, эх орноо, ард түмнээ сурталчилна гэдэг зүй ёсонд ч нийцнэ, дэлхий нийт ч ойлголт авна. Би энд монголчууд гэж ерөнхий байдлаар хэлээд байгаа боловч яг үнэндээ энэ боломжийг алдсан явдалд тухайн үеийн Засгийн газар, МАН-ын “эвэртэн, тууртнууд” л буруутай. Тэд дэмжчихсэн бол ядахдаа Чингис хааныг өвөг дээдсээ биш “архи” хэмээн ойлгож явдаг балчир үрсийн маань ч нүд чих онгойх байсан ч юм бил үү.
Х.Батсайхан
”Монголын мэдээ”
URL: