ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ЦОМХОТГОЁ
Шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээсээ эхлээд бүхнийг өөрчлөх нь. Зөвхөн бүтэц гэлтгүй ажиллах арга барилд томоохон өөрчлөлт гарах нь нэгэнт тодорхой болсон. Ойрын хэдэн жилд хийгээгүй эрс өөрчлөлтийг олон хүн хүсч, хүлээсэн.
Төрийн данхар бүтэц, хүнд суртал, авлигын сүлжээ үүгээр эмх цэгцэндээ орно гэж найдаж буй. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг төрийн хамгийн том бүтэц болох яамнаас эхлүүлж байгаа. Амралтын өдрүүдэд ажлаа авсан сайд нар эхнээсээ Засгийн газрын мөрдөж ажиллах зарчмын дагуу агентлагуудаа цомхотгохоор болсноо мэдэгдээд байна. Төрийн 160 гаруй мянган албан хаагчдын тоо цөөрөхийн хэмжээгээр түүнийгээ дагаад хүнд суртал нь ч арилах ёстой хэмээсээр.
Өөрөөр хэлбэл, болдоггүй төрийн албаныхан нь “баяртай” болж байна гэсэн үг. Тэдний тоонд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар орж магадгүй нь. Дэд сайд нарын нэр яригдаж зарим нь тодорч эхлээд байхад Төрийн нарийн бичгийн дарга гэж огт дуулдахгүй буй нь бүр ч анхаарал татна. Зарим эх сурвалжийн хэлснээр агентлагуудын дарга нарыг цомхотгох шигээ Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалыг ч мөн байхгүй болгох тухай яригдаж буй гэнэ. Яамны бодлого зангидаж, ноён нуруу болох ёстой Төрийн нарийн бичгийн дарга хэмээх албан тушаал сүүлийн үед намын улс төрийн албат шиг л болсон.
Алдаа эндэгдэл гаргасан төрийн нарийнтайгаа сайд нь бус намын хурлаараа тооцоо бодож, ажлаас нь чөлөөлж, халж өөрчилсөөр бараг жишиг болчихсон. Угтаа бол Төрийн нарийн бичгийн дарга гэж яамны бодлого баригчийг төрийн албан хаагч гэж үзэх ёстой. Гэтэл намаас томилолт өвөртлөн ирдэг хүмүүс болчихсон нь харамсалтай.
Төрийн нарийнуудын тухай элдэв хэл ам тасардаггүй. Тендер будлиантуулж, овсгоотой нэгэнд нь цаашдаа албан тушаал ахиж, дэд сайд, сайд болох шат дамжлага нь ч болдог бэлээхэн жишээнүүд бий. Тухайн яамнаас зарлах тендер, шийдвэр тэдний гараар дамждаг учир жинхэнэ авлигын үүр уурхай болсон нь нууц биш. Бас болоогүй хоёр яам нь дөрвөн жил ажилласан Төрийн нарийн бичгийн дарга нараа солилцож ч байсан. Тухайн яамныхаа бодлогыг дөрвөн жил хариуцан ажилласан албан тушаалтнаа огт өөр салбарын яамны хүнээр солино гэдэг сонирхолтой л сонголт. Эндээс л улс төрийн албан хаагч шиг болчихсон нь харагдаж байгаа юм.
Сайдаасаа илүү бүр цаашилбал, Засгийн газрын тогтоол шийдвэрээс ч том толгой гаргадаг Төрийн нарийн бичгийн дарга нар хүссэн зүйлээ нэг өдрийн дотор хийж, хүсээгүй бол нэг сараар ч хамаагүй гацаадаг гэдгийг хэлдэг. Үүний бодит жишээг өнгөрсөн хавар УИХ-ын Тамгын газрынхан баримттайгаар тайлагнаж байв. Төр үйлчилгээний байгууллага биш, хүнд сурталд нэвт идэгдсэн газар болсныг хууль тогтоох дээд байгууллагынхан хэлж байна гэхээр ямар хэмжээнд хүрсэн нь тодорхой харагдаж байв. УИХ-ын гишүүдийн санал, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхийг холбогдох яаманд хүргүүлдэг боловч хариу мэдээлэл өгөхгүй ор сураггүй алга болдог тухай УИХ-ын Тамгын газрынхан хэлж байсан. Ганц жишээ дурдахад, УИХ-ын Тамгын газраас яамдад явуулсан тодорхой хугацаа заасан 3327 өргөдөл, гомдолд зохих хариуг нь ирүүлэхдээ тун хойрго ханджээ. Эдгээрээс 218-д нь буюу 6.6 хувь нь огт хариу ирүүлээгүй. 1377-д хугацааг нь 50-110 орчим хоног хэтэрсэн хойно нь хариу явуулсан болсон аж.
УИХ-аас баталсан хуулиудын хэрэгжилтэд саад тотгор болж Засгийн газарт холбогдох журмыг баталдаггүй аж. Иймээс яамны гол бодлогыг чиглүүлэгч Төрийн нарийн бичгийн дарга нар хуулийн хэрэгжилтийн талд төрийн албан хаагчдын дунд сургалт явуулах хэрэгтэй, түүнд зориулж тодорхой төсөв баталж өгөхийг хүсч ч байв. Хэрэв энэ албан тушаалд мэдлэг, ур чадварыг нь сонгож авдаг байсан бол ийм олон асуудал ар араасаа гарахгүй, хууль сурталчлах ажилд дадлагажуулах гэж мөнгө өгөөч гэж гуйхгүй баймаарсан. Зөвхөн намын харьяалал, хэн гэдэг лидерийн “халаасны” хүн байхаас шалтгаалж яамны Төрийн нарийн бичгийн дарга болдог утгагүй жишиг тогтохгүй байлаа.
Төрийн ажилд явуулах гол албан тушаалтан байж намын нэрийн өмнөөс томилогддог гаж тогтолцоог энэ л Шинэчлэлийн Засгийн газрын үед үгүй хийх боломж бүрдээд буй. Тиймдээ ч өнөөдөр төрийн албаны шинэ бүтэц бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга гэж цаашид байх уу, үгүй юү гэдгийг ид ярилцаж байна. Магадгүй энэ асуудлаар иргэдээс санал асуувал 100 хувь цомхотго гэж хэлэх биз.
ardchilal
URL: