АТГ-т шалгагдсан хэргүүд эхнээсээ хэрэгсэхгүй болов
Албан байгууллагууд “амралт”-аа авч, ээлжийн амралт нэрийдлээр эрүүгийн хэргүүд ч сунжирлаа. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан Засаг ноёдын хэрэг замхрах шатандаа оров.
Аймгуудын Засаг дарга нарын хэрэг ч эхнээсээ хэрэгсэхгүй боллоо. Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн гээд АТГ-д “данслагдсан” эрхмүүд олон.
Үүнээс гадна Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нар ч дуудагдаж байсан удаатай. Сүр дуулиантай Засаг ноёдыг ангуучилсан хэрэг сонгуулийн чимээнээр сураггүй болж, “Хэргийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн ам таглах. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн Засаг дарга нарын хэрэг жил дамнаж зарим нь хэдэн сараар сунжирч байгаа. Гэтэл шалгасан, шалгуулсан хоёрын хооронд хавтаст хэрэг нээсэн нэр зүүгээд байх шиг.
Он гарсаар 21 аймаг, есөн дүүргийн 11 засаг даргын хэргийг шалгаж, зургаан засаг даргын хэргийг эцэслэн шийджээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг цагаатгасан юм. Харин үлдсэн таван засаг даргын хэрэг шийдэгдээгүй байна.
Сүүлийн үед УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болон Д.Дондог нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн тухай яригдах болсон. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж сэргээн шалгаж эхэлжээ. Мөн гишүүн асан Д.Дондогийн УЕП -ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа аж.
Өнгөрөгч тавдугаар сарын 25- нд “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч түүний хэргийг сонгууль дууссаны дараахан Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон билээ. Гэхдээ ТЕГ-аас түүнийг шалгаж эхэлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Л.Амарсанаа, Сангийн сайд одоо УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарыг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тэднийг тойргийнхоо иргэдэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө тараасан гэж шалгаж байгаа юм.
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа өмч хувьчлалыг хууль бус явагдахад гар бие оролцсон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Тодруулбал, тэрбээр 2007 оны наймдугаар сарын 17-нд анх “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан байдаг. Улмаар НИТХ-аас 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж, дүнг нь танилцуулахыг түүнд даалгасан байна.
Гэтэл тэрбээр ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” компани шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж. Ингээд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудал “Хар дун” компанийнх болжээ. Ц.Батбаярыг албаны эрх мэдлээ ашиглан хууль бусаар оролцож, дэмжлэг үзүүлсэн гэж буруутган, АТГ-т өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн шалгасан.
Э.Цолмон
niigmiintoli.mn
URL: