Цэцэрлэгүүд бүртгэлээ эхэлсэн ч ачаалал их байна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн цэцэрлэгүүдийн бэлтгэл ямар байдалтай байгааг тодруулахыг зорилоо.

Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу энэ сарын 22-ны өдрийн 09.00 цагаас 24-ний 17.00 цаг хүртэл бүртгэл хийгдэх учиртай. Нийт гурав хоног үргэлжлэх цэцэрлэг, яслийн бүртгэлийн комиссоос цөөн зүйл тодруулсан юм.

Биднийг очих үеэр доорх цэцэрлэгүүдийн үүдэнд эцэг, эхчүүдийн урт дараалал үүсчээ. Энэ хугацаанд тухайн цэцэрлэг харъяа дүүрэг, хорооныхоо хүүхдүүдийг бүртгэх бөгөөд ачаалал их байгааг багш, эрхлэгчид хэлж байсан юм.

Бид ийнхүү Улсын тэргүүний 161, 162, 88 дугаар цэцэрлэгийг зорилоо. Нийслэлийн 162 дугаар цэцэрлэг шинээр бүртгэж буй хүүхдүүдээ тодорхой хуваарьт өдрийн дагуу хүлээн авч бүртгэж байсан учраас эмх цэгцтэй, эцэг, эхийн дараалал үүсээгүй байлаа.

Харин Нийслэлийн 88 дугаар цэцэрлэгийн үүдэнд өглөөний 10.00 цагаас ирж 16.00 цаг хүртэл орж чадаагүй байна хэмээн гомдоллох эцэг эхчүүд олон байв. Биднийг 88 дугаар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр зогсож байсан БГД-ийн иргэн Г. Чанцалдулам “Их л зохион байгуулалт муутай байна. Эгч нь өглөө 10.00 цагаас ирсэн боловч одоо болтол хүүхдээ бүртгүүлж чадаагүй байна. Шинээр орж байгаа болон хуучин сурч байсан хүүхдүүдийн бүртгэл зэрэг явагдаж байгаа учраас энэ дараалал үүсч байна” гэлээ.

Г.Олонцэцэгээс (цэцэрлэгийн эрхлэгч)

-Сайн байна уу. Цэцэрлэгийн засвар дууссан уу. Хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ хэр хангав?
-Манай цэцэрлэгийн засвар хараахан дуусаагүй байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Сэрүүн-Өрөө” буюу биеийн тамирын өрөөг тохижуулах ажил хараахан дуусаагүй. Гэсэн ч энэ нь дотор ангийн засвартай хамаагүй. Ер нь ихэнх ангиудын засвар дууссан учраас цаг хугацаанд нь хүүхдүүдээ хүлээн авна.

-“Сэрүүн-Өрөө”-ний засварын ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Нийслэлээс нийт 28 сая төгрөгийг төсөвлөж өгсөн.

-Энэ жил танай цэцэрлэг хэчнээн хүүхэд шинээр элсүүлэх вэ?
-Бид 2-3 насны 60 хүүхэд хүлээж авна. Хуучин хүүхдүүдээ 27, 28-ны өдөр бүртгээд, хэрэв 4-5 насны хүүхдийн орон тоо гарвал харъяаллынхаа дагуу хүүхэд нэмж бүртгэнэ.

-Зарим цэцэрлэг хандив нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө авч хүүхэд бүртгэж байна. Танай цэцэрлэгт хандивын анги бий юу?
-Эцэг, эхчүүд өөрсдөө хандив өгч хүүхдээ оруулъя гэж ирдэг. Гэтэл манай цэцэрлэгт хандивын анги гэсэн тодотголтой тусгай анги байдаггүй. Харин сайдын тушаалаар байгуулагдсан “цэцэрлэг дэмжих сан” гэж бий. Уг санд эцэг, эхчүүд сайн дураараа хандив өгч болно. Гэхдээ бэлэн мөнгөөр бус бодит зүйлээр тусламж үзүүлвэл бид дуртайяа хүлээн авна. Жишээ нь, манай цэцэрлэгт эцэг эхчүүд сайн дураараа гадна хогийн савыг шинэчилж өгсөн. Үүнд манай хамт олон маш их баярлаж байгаа.

-Улсын төсвөөс сургуулийн өмнөх насны боловсролд төсөвлөсөн хөрөнгө хүрэлцээтэй байж чаддаг уу?

-Төрийн хангамж урд, урьдын жилүүдийг бодвол маш сайн байгаа. Сүүлийн жилүүдэд манай БГД-ийн сургууль, цэцэрлэгүүдийн гаднах болоод дотоод орчин сайжирсан. Манай цэцэрлэг энэ жил дээврийн засвартаа л гэхэд 28 сая төгрөг, ашигладаггүй байсан “Сэрүүн-Өрөө”-г засварлахад 28 сая, гал тогоонд 3 сая төгрөг зарцуулсан. Мөн анги бүрт нэг, нэг компьютер тавьсан. Хүүхдийн биеийн тамирын чийрэгжүүлэх хэрэгсэлтэй боллоо. Энэ мэт олон шинэчлэл хийлээ.

-Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ, анхааруулах зүйл байна уу?

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, тухйн хүүхдийн сүүлийн нэг жилд авахуулсан 3:4 хэмжээтэй 2 хувь цээж зураг, харъяа хорооны тодорхойлолт, шээс, цагаан хорхойн шинжилгээ хийлгэсэн бичиг зэргийг бүрдүүлж авчирна. Бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй байх хэрэгтэй. Мөн заасан хугацаанд ирж бүртгүүлэх шаардлагатай.

Д.Одончимэг, Ц.Номин-эрдэнэ

”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих