Д.Отгонбаатар: Хотын иргэд сүү нэртэй ус уугаад сурчихжээ
Төв аймгийн Батсүмбэр сумыг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Социалист нийгмийн үед Улаанбаатарыг сүү, хүнсний ногоогоор хангаж, жилдээ олон тонн хадлан авдаг байсан нутаг. Өнөөдөр ч нийслэлийн иргэд Батсүмбэрийн сүү, ногоог хүртсээр байна. Энэ нутгаас тухайн үед 10 гаруй хөдөлмөрийн баатар, гавьяат төрсөн гэдэг. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн жамаар Батсүмбэрт аж ахуй эрхлэгчид хөдөлмөрөө уралдуулж байна. Байгаль цаг уур, нутгийн онцлог, дэд бүтцийг дагаад энд эрхэлдэггүй аж ахуй гэж алга. Үхэр, гахай, тахиа, зөгий үржүүлж байгааг харж болно. Бидний сурвалжлах баг ганц өдрийн дотор тэр бүхнийг үзэх боломж байсангүй. Батсүмбэр сумын дэд бүтцийн хөгжлийг даган аймаг бүрээс айл нүүн ирж суурьшиж байна. Нэг гэм нь нутаг бэлчээр давчдан, ус ургамлын асуудал бий болж байгааг нутгийн иргэд ярьж байна.Тус сумын иргэдийн дийлэнх нь сүүний чиглэлийн ферм байгуулан ажилладаг. Фермгүй үлдсэн хэсэг нь малынхаа сүүг Улаанбаатар хот руу машинаар болон вагоноор зөөвөрлөн худалдаалж мөнгө олно. Ингээд сумандаа фермийн үйл ажиллагаанд сүүлийн үеийн техник хэрэглэдэг, хөдөлмөрч залуу гэгдэх Улсын тэргүүний фермер Д.Отгонбаатартай ярилцлаа.
-Хэдэн оноос фермерийн аж ахуй эрхэлж эхэлсэн бэ?
-Анх 1995 оноос сүүний чиглэлийн үхэр маллаж эхэлсэн. Энэ фермээ 2000 онд байгуулсан. Сүү цагаан идээгээ иргэдэд хүргэх, тэдэнд үндэсний хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхэд нь бага ч гэсэн тус нэмэр болох зорилготой байгуулсан. Батсүмбэрт өмнө нь мах, сүүний чиглэлийн үхрийн фермүүд олон байсан. Тэр фермүүдээс үхэр авч байгуулсан юм. Тэгээд 2004 онд сумын, 2009 онд аймгийн, 2010 онд улсын тэргүүний фермер болсон. Хүн хөдөлмөрлөх бүртээ түүнийхээ үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Төрөөс өгч буй шагнал бол бидэнд урам өгч байгаа л зүйл гэж боддог. Намайг шагналаа гээд миний амьдрал дээшлээд сайхан болж байгаа юм биш. Төр бид бүхний ажлыг үнэлж байна гэдгийн илэрхийлэл. Анх 20 үхэртэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үхрийн байр зэргээс эхлээд 30 гаруй сая төгрөг зарцуулсан. Одоо том жижиг нийлсэн 70 орчим үхэртэй. Мөн тэжээлийн ногоо тарьдаг талбай руу усалгааны систем тавихад 30 гаруй сая төгрөг орсон.
-Өндөр өртгөөр байгуулжээ. Зардлаа нөхөж чадсан уу?
-Одоо үетэй харьцуулахад бас л өндөр үнээр босгосон. Фермээ байгуулахад гаргасан зардлаа нөхсөн. Харин сүүлийн үед гарч буй зардлуудаа төдийлөн сайн нөхөж чадахгүй л байна. Учир нь малын тэжээлийн үнэ өссөн. Тээврийн хөлс гэх мэт урсгал зардлуудаа ч нөхөж чадахгүй байгаа. Усалгааны систем байгуулсан хөрөнгөө босгож чадаагүй байна.
-Тэжээлийн ургамлаа өөрсдөө тарьдаг гэхээр зарлага багатай биш үү?
-30 орчим га талбайд ногоо, тэжээл тарьдаг. Өөрсдөө тарьдаг болохоор харьцангуй зарлага багатай. Талбайгаасаа хадлангаа хураахад таваас зургаан өдрийн ажил шаарддаг. Хашаандаа 42 метрийн гүний худаг ухсан. Секундэд зургаан литрийн ундрагатай сайнд тооцогддог. Энэ худгаасаа тариалангийн талбай руу 1.5 метрийн гүнээр хуванцар турба булж ус татсан. Ойролцоогоор 20 орчим метрийн зайд өгөлтүүдтэй. Тиймээс тэжээл тарихад нэг их хүндрэл гараад байдаггүй. Тэжээлээ худалдаж авдаг айл зарлага ихтэй байдаг.
-Сүүний фермийн аж ахуй эрхлэхэд хүндрэл үүсч байна уу?
-Хамгийн хүндрэлтэй тал нь сүүний үнэ л байна. Анх фермээ байгуулж байхад сүү өвөл 400, зун нь 120-150 төгрөгийн үнэтэй байсан. Тэр үед өргөн хэрэглээний бараа болон малын тэжээл хямдхан байлаа. Одоо сүү хот руу оруулж борлууллаа гэхэд бензин, тос 1500-аас дээш байна. Сүүний үнэ нэмэгдэхгүй бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байхаар фермерүүдийн амьдралд хэцүү байна. Батсүмбэр сум сүүний фермийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Гэтэл бусад аймгуудаас янз бүрийн бухтай айлууд нүүж ирснээр сүүний чиглэлийн үхрийн үйлдвэрлэг шинж чанар нь алдагдах хүндрэлтэй тал бий болоод байна. Өмнө нь ашигтай байсан одоо ч ашиг гарахаа больсон гэхэд болно. Бусад аж ахуйгаасаа амар тайван, стресс багатай, өөрийн санасан бодсон зүйлсээ хийгээд амьдрах боломжтой гэдгээрээ давуу юм даа.
-Нэг үхрээс өдөр хэдэн литр сүү саадаг вэ?
-Өдөрт дунджаар нэг үхрээс 30 литрийг саадаг. Манай бүх үхэр хуучин фермүүдээс худалдаж авсан тул тэр үеийн үхрүүдийн үргэлжлэл гэж болно. Засгийн газраас гадаад орноос оруулж ирсэн хар алаг үхэр манайд нэг ч байхгүй. Монгол Улсынхаа цаг агаар, онцлогт тохирсон хүрэн үнээнүүд бий.
-“Сүү” ХХК-нд фермерүүдээс сүүг хямдхан авдаг гэсэн. Үүнээсээ өндөр үнээр худалдах боломж бий юу?
-Манай сумын фермүүдээс энэ зун 280 төгрөгөөр авсан. Манай сүүг сарын өмнөөс л 380 төгрөгөөр авдаг болсон. 2011 оны өвөл 700 төгрөг хүрсэн. Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас сүүний фермерүүдийн үнийн саналыг авч байгаа. Намар “Сүү” ХХК-тай гэрээ хийхдээ бидний зүгээс сүү борлуулах үнийн саналаа тавина. Сүүний үнэ өсөх боломж бий. Сүүний үйлдвэрүүдэд түүхий сүү авах сонирхол бага байна. Засгийн газрын тогтоолд үйлдвэрлэж буй сүүний 30 хувийг цэвэр сүү байх, үлдсэн 70 хувь нь найруулсан хуурай сүү байж болно гэсэн байдаг. Томоохон компаниуд энэ тогтоолыг мөрддөггүй. Гадаадаас хуурай сүү оруулж ирээд бараг устай холиод л борлуулж байна. Хуурай сүү зарах нь тэдний төсөвт хямд тусдагтай холбоотой байх. Тэгээд үүнийгээ цэвэр сүү хэмээн рекламдаад л зараад байдаг. Зарим нэг байгууллагад нэр төдий ганц хоёр ферм байдаг л юм байна лээ. Гэхдээ зөвхөн тэр фермүүдээсээ сүүгээ 100 хувь хангана гэдэг үлгэр болно. Бас зуны улиралд сүү хямдхан аваад өвлийн улиралд 700-гаас дээш төгрөгөөр авдаг. Энэ буруу. Зун сүүний чанар муу байна, өвөл сайн байна гэсэн зүйл байхгүй. Тиймээс аль ч улиралд 400-500 төгрөгөөр авах хэрэгтэй.
-Та бүхэн сүүний үнээ нэмэх юм бол иргэдийн гар дээр очих үнэ нь илүү нэмэгдэнэ биз дээ?
-Тухайн компани үйл ажиллагааны урсах зардлаа тодорхойлоод хэт их ашиг харахаа больчихвол сүүний үнэ өсөхгүй. Харин ч буурна. Хот руу оруулж борлуулах гэхээр ченж нар биднийг шахах тохиолдол байдаг. Цэвэр сүү иргэдийн гар дээр хүргэхэд хүндрэлтэй болоод байна. Өөрсдөө тээвэрлээд хот орлоо гэхэд борлуулах цэг, хадгалах газар зэрэг хүндрэл үүсдэг. Сүү эмзэг бүтээгдэхүүн тул удаан хадгалаад байж болохгүй. Мөн хотын иргэд сүү нэртэй ус уугаад сурчихсан байна.
-Танайхыг сумынхаа бусад фермерүүдээс илүү дэвшилтэт технологи хэрэглэдэг гэсэн?
-Мэдээж фермийн үхэр бусад малын маллагааны аргаас өөр. Үхрээ хэрхэн тэжээх, хэдэн цагт саах гэх мэт зүйлд сургадаг. Ер нь зун нь бэлчээрт гаргаж малладаг. Өвөл хашаандаа байж байдаг тул маллагаа шаардаад байдаггүй. Сүүлийн үеийн технологиудыг хэрэглэдэггүй. Учир нь техник хэрэгсэл эрсдэл өндөртэй. Саалтуурын аппарат л гэхэд сайн ариутгаж цэвэрлээгүйгээс болоод үхрийн дэлэн хөхний өвчин гарах тохиолдол байдаг. Цаашлаад халдварлах аюултай. Тиймээс бүгдийг л гараараа хийдэг гэхэд болно.
-Гэхдээ өдөр бүр сүүг нь борлуулдаг болохоор бусад аж ахуйгаас ашигтай байна уу?
-Ер нь бусад аж ахуйгаа бодвол ашигтай гэж үздэг. Тухайлбал махны аж ахуйд үхэр нядлах жинд хүрэх л юм бол нядалдаг. Өөрөөр хэлбэл нэг удаа л ашиг өгнө гэсэн үг. Ноос, ноолуур ч гэсэн өдөр бүр гардаггүй. Жилд нэг л удаа авдаг. Энэ бүхнийг бодвол сүүний үхэр жилийн 365 хоногийн 360 хоногт нь ашгаа өгдөг. Улсаас жижиг трактор өгсөн. Нийт үнэ нь таван сая төгрөг. Хоёр сая 500 мянган төгрөгийг нь бэлнээр, үлдсэн мөнгийг нь таван жилийн хугацаанд төлөх ёстой. Үүнийг Засгийн газрын дэмжлэг тусламж гэж ойлгож байна. Зах зээлийн ханшаасаа хямдхан байгаа байх. Би техникт нилээд сонирхолтой. Малынхаа тэжээлийг тарих, хураах зэрэгт техник хэрэгтэй байдаг. Надад нэг том, хоёр жижиг трактор байна. Энэ нь миний хэрэгцээг хангаад л байдаг юм.
Ч.Ариунболд
”Өдрийн шуудан”
URL: