Н.Төмөрхүү хуурамч диплом үйлдэж сонгогчдыг мэхэлжээ

УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт АН-аас нэр дэвшигчдийн менежер Ц.Доржпалам, өмгөөлөгч Г.Мөнхболд нарын хуульчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг “шүүхийн харьяаллын бус хэрэг” гэдэг үндэслэлээр хүчингүйд тооцсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар гуйвуулан тайлбарлаж, тангараг өргөх боломж бүрдлээ хэмээх ойлголт төрүүлэх зорилготой мэдээлэл цацаж байгаа учраас бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ.

“Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гарч байгаа магадлал нь УИХ-ын Сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргөх үр дагаврыг бий болгохгүй юм. Учир нь хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байгаа тал хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй” гэж өмгөөлөгч Г.Мөнхболд тайлбарлалаа.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцээгүй, харин архи, бусад эд зүйлс, мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоосны дараа шүүх хэлэлцээд хариуцлага тооцох ёстой байж, энэ журмаар асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэр гаргажээ. Тиймээс нэхэмжлэгч тал энэ журмаар цаашид Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс холбогдох бусад хуулийн байгууллагад хандахаар болсон байна.

Нөгөөтэйгүүр Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс МАН-ын  нэр дэвшигчид сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор эд зүйл, мөнгө, архи дарс тараасан, сонгуулийн сурталчилгаанд хүүхэд ашигласныг цагдаа, прокурор шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан мэтээр ярьж буй. Гэтэл Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр хууль зөрчсөн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай Нийслэлийн прокурорын газраас 2012 оны наймдугаар сарын 20-ны өдрийн албан бичиг ирүүлснийг хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

Мөн МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү анхнаасаа иргэдийг хууран мэхэлж хууль зөрчсөн талаархи өөр нэг ноцтой баримтыг дэлгэсэн юм. Тэрээр их хуралд нэр дэвшихдээ намтартаа 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичжээ. Гэтэл мөн чанартаа МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй, сургуулиа хаясан нь баримтаар нотлогдсон байна. МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн 2012 оны наймдугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” гэдгийг бататгажээ. Ийнхүү хуурамч бичиг баримт хуурамч диплом үйлдэж ашиглан сонгогчдыг мэхэлсэн энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Б.Наран

Эх сурвалж TIME.MN


URL:

Сэтгэгдэл бичих