ЧАНАРГҮЙ ЗАМЫН ГАЧЛАН БУЮУ НИЙСЛЭЛИЙНХНИЙ БАРТААТ ЗАМЫН УРАЛДААН

Улаанбаатар ундуй сундуй, өнгө гундуу байна. Улсын маань нийслэл жил жилийн намар нүүх гэж уналга ачилгаа зэхсэн, хог шил юугаа овоолсон айл аятай хөглөрнө. Хотын зам угаас ачааллаа дийлэхээ больсон. Өнөө дөр нийслэлд найман зам засвартай бай на. Цаа шид ч хааж засварлах төлөвлөгөөнд ор сон зам хэд хэд байгаа гээд бодоход нийслэлийн зам зас ва рын ажил мөд дуусахгүй нь ээ. Тэгэхээр Улаан баатарын “цусны эргэлт” улам муудна, өвч тө нөөр бол үхлийн ирмэгт тулах бололтой. “Зам засварын ажлыг хавар эрт эхлүүлж, эрт дуусгана” гэж хотын дарга ярьдаг, холбогдох алба ныханд үүрэгддэг ч энэ даалгавар биелж байсан удаагүй.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангахаар хөдөөгийнхөн хотыг зорих, шинэ оюутнуудаа сургуульд нь оруулахаар ирэх олон мян ган хүн, машин хотод бөөгнөрөх тэр цаг тай зам засварын ажлыг давхцуулдаг нь ёс бо лов. Үүнийг “зохион байгуулалттай түгжрэл” гэх үү. Замын хөдөлгөөнд оролцогч хүн бүрийг энэ нь бухимдуулж, жил жилийн намрын бараан “дурсамж” болдог. Нийслэлийн хойд чиглэлийн гэр хорооллыг хотын төвтэй, баруун зүүнийг холбож ихээхэн ачаалал үүрдэг 100 айлын замыг энэ жил бас л засаж байна. Жил болгон засдаг 100 айлын замын нэг урсгалын өргөн нь тус бүр долоон метр аж. Урсгал тус бүрийг дөрвөн метрээр өргөтгөж, зорчих чадварыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Хаагаад сар шахам болсон уг замын эхний ажлыг ирэх сарын 7-нд дуусгаж, нэг урсгалыг нээнэ. Үүний дараа бас нөгөө урсгалыг хааж замаа өргөтгөх гэнэ.

Тэгэхээр 100 айлын зам газар хөлдөхийн өмнө л дуусах бололтой юм. Ийн замын нэг урсгалыг хааснаас Сансарын шатахуун түгээх станц уруудаад Баянбүрдийн тойрог хүрэх нэг км хүрэхгүй зайд өглөө ажил эхлэх, орой ажил тарах цагт бүтэн цаг түгжирдгийг жолооч зорчигчид сайн мэднэ. Таван минут явах замд бүтэн цаг гацан хайран цагаа үрж, шатахуунаа агаарт ууршуулж байна. Энэ жил нийслэлийн зам засвар, шинэч лэлийн ажилд улсын төсөв, нийслэлийн замын сангаас нийт 114 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Сүүлийн жилүүдэд замын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлсээр атал замын чанар сайжрахгүй байгаа нь нийслэлчүүдийг бухимдуулдаг. Нэг замаа л жил болгон засаж, эсвэл жилийн өмнө тавьсан замдаа нөхөөс хийхээс өөрөөр замын засварын чанарт дэвшил гарахгүй байна. Монголчууд замын салбарт туршлага муутай гэдэг нь үүгээр батлагдана. Жолооч нар япончуудын 2004 онд тавьсан Нарны замыг сайн замын жишээгээр дурдах дуртай. Замын цагдаагийн газар, “Нарантуул” худалдааны төв гээд хүн, машин хамгийн ихээр хөлхөлддөг тэр ачаалалтай зам өнөө хэр нь индүүдсэн мэт гөлгөр толигор хэвээр байгаа.

Хотын дарга Э.Бат- Үүл наадмын өмнөхөн тавьсан 22-ын товчооны замыг нөхөж байгаатай таараад нүд нь орой дээрээ гарсан тухай өөрөө ярьж байв. Замын ажил их хэмжээний хөрөнгө шаарддаг, тэр хэрээр урт хугацааны эдэлгээ даах учиртай. Гэтэл тавьсан замаа сарын дараа нөхөж суудаг чадваргүй дээрээ сэтгэлгүй компаниудтай хатуу хариуцлага тооцох газар байна уу? Япончууд замаа технологийн дагуу өндөр чанартай хийдэг. Тэгвэл ажлаа мэддэг хүмүүст үнэ хөлсийг нь төлөөд чанартай зам тавиулъя. Тэд өндөр үнэ хэлж мэднэ. Ойрын 5-10 жилд “гар хүрэхээргүй” чанартай замтай болохын тулд ихийг төлөхийн буруу нь юу байх вэ. Хоёр дахин ихийг төлдөг харамч хүний үлгэрийг замын салбарт давтдагаа одоо зогсооё. Энэ нь замын хөдөлгөөнд оролцогч нийслэлчүүд бидэнд ашигтай. Замын түгжрэл нь хотын удирдлага төдийгүй, тээврийн хэрэгслээр зорчигч хүн бүрийн толгойн өвчин болсон. Тиймээс хотын шинэ дарга замын ажлын явцдаа танил цаж, замчдад ажлаа түргэн бөгөөд чанар тай гүйцэтгэхийг үүрэг болгохоос ажлаа эхэлсэн байх. Дараа нь Улаанбаатарын замын түгжрэлийг хэрхэн багасгах талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Нийслэл Иргэний танхимтай болж анхны уулзалтаа замын сэдвээр хийсэн нь бас нүдээ олсон хэрэг байв. Уг уулзалтаас авууштай санал, санаачилга олон гарчээ.

Иргэд олноор төвлөрдөг худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийг авто замын ачааллын цагтай зөрүүлэх санал гаргажээ. Бас машины дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцох, оролцохгүй өдрийг товлодог урд хөршийн нийслэл зэрэг хүн ам олонтой хотуудад шалгарсан туршлагыг нэвтрүүлэхийг санал болгосон байна. Төрийн албан хаагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах зэрэг санал гаргасныг хотын шинэ дарга сайшааж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо амласан байна. Улсын хэмжээнд Төрийн албанд 155 мянган хүн ажилладгийн дийлэнх нь нийслэл, дүүргийн төрийн захиргаанд харьяалалтай. Тэднээс хамгийн багаар бодоход 15 мянга гаруй хүн хувийн машинаар ажил, гэрийн хооронд зорчдог. Тиймээс хувийн унаа наасаа татгалзаж, нийтийн тээврээр зорчих нь замын ачааллыг багагүй хувиар бууруулна. Энэ нь ажил эхлэх, тарах үеийн түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулахад төрийн албан хаагчдын оруулж буй том хувь нэмэр болно гэж Хотын ерөнхий менежер Ч. Бат ярьжээ.

Үүний тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр манайд амьдрал дорой хүн л автобусаар зорчдог гэх өрөөсгөл ойлголт бий болоод байх шиг. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хувийн унаатай байх нь илүү зардал гаргахаас өөр давуу тал үгүй гэж үздэг тул дарга, цэрэг, хүүхэд, хөгшин, залуу цөм нийтийн тээврээр зорчдог аж. Цагаа яс барьдаг нийтийн тээврээр зорчих нь тэдэнд илүү амар гэдэг. Шведийн Стокгольмын их сургуулийн багш, ХБНГУ-ын иргэн Бенжамин Брусег “Надад хоол хүнсээ их хэмжээгээр татахад сард ганцхан удаа хувийн машин хэрэг болдог” гэж ярьжээ. Эдийн засгийн талаас нь харвал нийтийн тээврийн үйлчилгээ хүн бүрт ашигтай. Харин манайхан зогсоол дээр удаан хүлээлгэдгээс нь тээршаадаг. Ариун цэврийн шаардлага хангахгүй, өвөлдөө хүйтэн, тохь тух муутай, мөнгө хураагч нь харилцааны соёлгүй гэх зэргээр гоочилбол хувийн машинаараа давхих нь хавьгүй дээр байдаг. Өдгөө нийслэлд 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн.

Машин нь замдаа багтахгүй толхилцоно. Нийслэлд машины жолооч нар эгнээ байраа булаацалдан давхилдах нь бартаат замын уралдаантай тун төстэй. Бартаат замын уралдаан гараа, бариатай байдаг бол нийслэлийн замд эцэс, төгсгөл үгүй. Иймээс жолооч нар ихээхэн стресс, бухимдалтай явдаг. Улаанбаатарт машин жолоодох нь тийм амаргүй даваа атал эдийн засгийн боломж байвал хөлтэй болгон машинтай болох сонирхолтой. Цаашид хувийн автомашинтай хүмүүсийн тоо хүссэн, хүсээгүй нэмэгдэнэ. Улаанбаатарын замын бодит боломжоос хэтийдсэн энэ санаархлыг дарах ганц арга нь нийтийн тээврийн салбарын чанартай үйлчилгээ юм. Хотын түгжрэлийг бууруулах, иргэддээ эрүүл сэтгэлгээ төлөвшүүлэхийн тулд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ нь замын түгжрэлийг бууруулах, эвдрэлийг багасгах, иргэдээ ч амар тайван амьдруулах хамгийн оновчтой ажил болно. Тэр цагт өнөөдрийн бартаат замын уралдаан үлгэр домог мэт санагдах биз ээ.

Э.Энхмаа

mongolnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих