Хятад, Солонгосын сагсчид тоглолтыг хошуучилж байна
Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
“Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон энэхүү тоглолтод эхний өдөр манай баг Бахрайны багтай 20:00 цагт тоглосон юм. Эхний үед манай улсын баг хоёр оноогоор илүүрхэж явсан ч хоёрдугаар үеэс оноо алдаж эхлэв. Ингэснээр дөрвөн үе тус бүр арван минут тоглоход Бахрейн улсын баг 95:74 харьцаатайгаар манай улсын багийг хожсон юм.
Дараа нь Сири, Сингапурын багууд өрсөлдөөнийг улам бий болгосон. Арван минутаар дөрвөн үе тоглох уг тоглолт эхэндээ өгөө аваатай байсан ч Сирийн баг 78:47 харьцаатайгаар анхны хожлоо авав. Харин Спортын төв ордонд болж буй тэмцээн Индонез, Бахрейны багуудын хооронд өрнөж Индонезийн тамирчид эхний учраагаа төвөггүйхэн хожлоо.
Монголын баг тамирчдын хувьд хамгаалалт маш муу байгаагаасаа болж хожигдол хүлээсэн байна. Харин “С” группт Тайвань, Бахрейны хооронд тоглолт болж 94:61-ээр Тайванийн баг гурав дахь хожлоо аван хэсгээ тэргүүллээ.
Тус хэсэгт тоглож буй Бахрейны баг энэ тоглолтод ялагдсанаар хоёр хожил, нэг хожигдолтой болон юм. Спортын төв ордонд “В” группт БНСУ, Сингапурын багуудын тоглолт болж, 110:32-оор БНСУ-ын баг ийнхүү гурав дахь ялалтаа авлаа. БНСУ-ын багийн дасгалжуулагчаар Kim Young Rae ажиллаж байгаа бөгөөд тус багт 17, 18 настай нийт 15 тамирчин тоглож байна. Сонирхуулахад, БНСУ-ын багийн хамгийн өндөр тамирчин нь 206 см өндөртэй Lee Jong hyun бол хамгийн намхан тамирчин нь 187 см өндөртэй Choi Seongmo, Cheon Gibeom нар юм.
Хятад, Ливаны багууд тоглож, 96:74-өөр Хятадын баг ялж, Хятадын сагсчид гурав дахь хожлоо аван эхний гурван өдрийн байдлаар нэг ч хожигдолгүй тоглолтыг хошуучилж байна. Уг тэмцээнд нийт 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан тойргоор тоглож байгаа ба хасагдах шатны тоглолтууд энэ сарын 24-нд буюу ирэх баасан гаригаас эхлэх аж.
Ийнхүү одоогийн байдлаар Хятад гурван хожил, Филиппин, Ливан, Иран, Тайвань, Энэтхэгийн багууд хоёр дахь хожлоо аваад байгаа юм. Эндээс харахад аргагүй л сагсан бөмбөг өндөр хөгжсөн орны багууд ялалт байгуулсаар байна.
Спортын төв ордонд “В” группт Япон, Сирийн багийн тоглолт болж дараа нь 71:73-аар Сирийн сагсчид хоёр дахь хожлоо авлаа. Үүний дараа дугаар шилжих мөчид мөн тус ордонд “В” гурппт: БНСУ, Сингапурын багууд тоглож байв.
Д.Гэрэлт
URL: