Иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө хүн амины хэрэгтэн болчихлоо

Хүн амины хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангид ял эдэлж байгаа Ренчиннямын Эрдэнэтөгстэй энэ сарын 10-нд уулзаж тухайн хэргийн талаар ярилцлаа.

-Хэрэг гарсан эхний өдөр яг юу болсон юм бэ?
-2011 оны аравдугаар сарын 16-д орой 21.30-22 цагийн орчим Налайх дүүргийн II хороо Уурхайчдын буудлын хойд талд байрлах “Мираж” хүнсний дэлгүүрийн арын замд өөрийн эзэмшлийн 40-91 НАА улсын дугаартай Хьюндай маркийн портер машинаараа явж байхад уг зам дээр хоёр суудлын жижиг тэрэг миний өөдөөс холын гэрлээ асаагаад зогсож байсан. Би энэ үед хурдаа хасан гэрлээ шилжүүлэхэд нөгөө машинууд гэрлээ гэнэт зэрэг унтраасан. Улмаар хурд багатай цааш явж байтал зам дээр хүн дайруулсан байдалтай хэвтэж байсан. Би ч машинаасаа яаравчлан бууж машинд дайруулсан хүний судасыг барьж үзтэл бүдэг цохилж байсан. Улмаар түргэн тусламж дуудаж, цагдаад мэдэгдсэн. Энэ үед миний хажууд цэрэг хувцастай нэг залуу, мөн өөр хоёр хүн уг ослыг харж надаас өмнө цагдаад мэдэгдсэн байсан. Тэдний надад хэлснээр “Энэ зам дээр хоёр жижиг машинтай гурван залуу энэ хүнийг дайрчихаад машинаасаа бууж ирж хараад зогсож байгаад гэнэт зугатаагаад явчихлаа. Бидний ажигласанаар тэд согтуу байсан” гэж хэлсэн. Харин би энэ үед жолоочийнхоо үүргийг биелүүлж хэрэг гарсан газарт машиныхаа ослын гэрлийг асааж зогссон.

-Тэгээд юу болсон бэ. Дүүргийн замын цагдаагийн ажилчид болон түргэн тусламж хэргийн газар дээр ямар хугацаанд ирсэн бэ?
-Дуудлагын дагуу Налайх дүүргийн Мөрдөн байцаах газрын цагдаагийн ахмад Д.Ган-Эрдэнэ хэргийн газар дээр ирсэн. Тэрээр гэрчүүд болон надаас мэдүүлэг авчихаад хүн дайраад зугатаасан машины араас хөөхөөр явсан. Харин би түргэн тусламж ирэхийг хүлээж байх зуураа өөрийн төрсөн ах болох Р.Эрдэнэбаатарыг дуудсан. Бид хамтдаа түргэн тусламжийн машиныг бараг 30 минут хүлээсэн. Тэгээд ах маань эмнэлгийн машинд хохирогчийг оруулахад нь тусалсан. Энэ үед хохирогч амьд байсан. Тэгээд бид харьсан.

-Хүн дайрч байхыг харсан гэрчүүд байхад яагаад хэргийн сэжигтэн болж, улмаар ял эдлэх болов?
-Хэрэг гарснаас хойш дөрвөн өдрийн дараа надаас мэдүүлэг авсан. Тэгээд байн байн цагдаагийн газарт дуудагдаж нэг мэдэхэд л сэжигтнээр мэдүүлэг авч эхэлсэн. Мөн миний машиныг “Үзлэгт оруулна” гээд мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ аваад явсан. Арав гаруй хоногийн дараа намайг дуудаж “Чи л хүн дайраад алчихсан байна. Одоо хэргээ хүлээ” гэж дайрч дарамталсан. Харин ах Р.Эрдэнэбаатар маань Д.Ган-Эрдэнэд “Чи яагаад гэм буруугүй хүүхдийг гүтгээд байгаа юм. Гэрчүүд байсан. Тэгээд ч хүн дайрч алсан гэм буруутнуудыг олсон байж. Ер нь чамайг холбогдох газрын хүмүүсээр шалгуулна” гэж уурласан. Гэтэл мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ “Энэ хэрэгт чамайг ч гэсэн би буруутгаж чадна” гээд ах бид хоёрыг элдэв янзаар харааж байсан. Удалгүй ахыг маань “Мөрдөн байцаалтад саад учруулсан. Хэргийн газар дээр очиж осол хийсэн машиныг дураараа хөдөлгөсөн.

Түүнчлэн хэрэг гарах үед гэрчүүдийг дарамтлан худал мэдүүлэг өгүүлсэн” хэмээн буруутгаж энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Харин анхан шатны шүүхээр энэ нь үндэслэлгүй болж ах маань гэм буруугүй нь тогтоогдсон юм. Харин намайг гэм буруутан болгох гэж мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ хэргийн газар дээр очиж гэрчүүдээс мэдүүлэг авсныгаа хүчингүй болгосон. Учир нь тэр “Хэрэг гарсан өдөр би энгийн хувцастай явж байсан. Албан ёсоор ажлаа хийж яваагүй” гээд байгаа. Мөн анх хэрэг гарах үед хэргийг гэрчилж байсан хүмүүс дараа нь бүгд мэдүүлгээ өөрчилсөн байсан. Түүнчлэн машинд дайруулж нас барсан хохирогчийн нуруунаас эмнэлэгт байхад нь машины дугуйны боолт гарсан гэсэн.

-Тэр нь ямар учиртай боолт байсан юм бэ. Чиний машиных юм уу?
-Хэрэг гарах үед хохирогчийн цамц нь сугаа хүртэл сөхөгдсөн байсан. Мөн ахыг түргэн тусламжийн машинд өргөж тавихад машины боолт байсан бол унахаар байсан. Харин эмнэлэгт очоод хохирогчийг эргүүлж харуулахад нуруунд нь боолт байсан гээд байгаа юм. Түүнчлэн мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ миний машиныг үзлэгт оруулж байна гээд их удсан. Тэгснээ машины дугуйны маань гоёлын нэг ширхэг боолтыг барьчихаад хэргийн эд мөрийн баримт болгож намайг буруутгасан.

-Гэрчүүд яагаад анхны мэдүүлгээсээ буцав?
-Шүүх хурал дээр анхны мэдүүлгийг үндэслэн хэргийг шийддэг. Гэтэл мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ гэрчүүдийн анхны мэдүүлгийг үгүйсгэж улмаар ахиж мэдүүлэг авахдаа намайг буруутан болгох зорилготой мэдүүлэг авсан байсан. Тухайлбал, гэрчүүд намайг хүн дайрч алаагүй гэдгийг нэг нь ч нотолж хэлээгүй байсан. Мөн “Энэ хэргийн талаар сайн мэдэхгүй. Санахгүй байна” гэх зэргээр мэдүүлэг өгсөн байсан.

-Тэгээд та нар гэрчүүдтэй уулзаж үнэн зөв мэдүүлэг өгөхийг хүссэн үү?
-Бид гэрчүүдтэй уулзсан боловч ахиж мэдүүлэг өгөхөөс татгалзсан.

-Тэгвэл хүн дайрч алчихаад хэргийн газраас зугатаасан гурван залуу яасан бэ?
-Тэднийг олж байцаагаад нотлох баримт хангалтгүй гээд тавиад явуулчихсан. Миний бодлоор Д.Ган-Эрдэнэ хэрэг хийсэн гурван залуугаас мөнгө авчихаад надад хэргийг нь тохож байна гэж бодож байгаа. Түүнчлэн тэрбээр энэ хэрэг дээр ажиллаж байгаа Ш.Нямдорж прокурортой хуйвалдан энэ хэргийг буруу тийш нь эргүүлж байгаад харамсч байна. Миний хувьд гэм буруугүй. Түүнчлэн жолоочийнхоо үүргийг биелүүлсэнийхээ төлөө ял авч байна. Тиймээс би гомдолтой байгаа.

-Шүүх хурлууд яаж явагдаж байв?
-Мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ 21142260 тоот хавтаст хэргийг бүрдүүлж улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд Налайх дүүргийн шүүхэд хянан хэлэлцээд эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэргийг хүчээр тулгаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасч, гурван жил нэг сарыг жирийн дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг бид эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч ялыг хэвээр үлдээсэн юм. Түүнчлэн есдүгээр сард дээд шүүхэд давж заалдахаар болоод байна. Харин гэмгүй хүнийг хүчээр хэрэгтэн болгож үгсэн хуйвалдсан мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ болон прокурор Ш.Нямдорж нарыг холбогдох байгууллагуудад шалгаж өгөхийг бидний зүгээс хүссэн байгаа. Хэргийн талаарх энэ өргөдлөө Монгол Улсын ерөнхий прокурорт өгсөн. Мөн жинхэнэ хэрэгтнүүдээс авилга авч гэмгүй хүнийг ялтан болгосон мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнийг шалгуулахаар АТГ-т өргөдөл гомдлоо өгсөн байгаа. Түүнчлэн энэ хэргийн талаар Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдлөө өгч хилсээр ял эдлэхээр болсон энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгөхийг хүссэн.

-Энэ хэргийн хохирогч нь ямар хүн байна. Тэдний гомдлыг сонссон уу?
-Авто тээврийн ослоор нас барсан талийгаач н.Гомбодоржийн эхнэр н.Нямхорол мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэд “Манай хүнийг портерийн жолооч дайрч алаагүй. Соната маркийн машины жолооч Д.Энхбат согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож байгаад дайрч алсан байсан. Гэтэл яагаад гэмгүй хүнийг гүтгээд байгаа юм бэ” гэж асуусан гэсэн. Гэтэл Д.Ган-Эрдэнэ “Би арыг нь даана. Чимээгүй байж бай. Хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж хэлсэн байгаа юм. Хохирогч тал гэм буруутай этгээдээс долоон сая төгрөг нэхэмжилж байгаа.

-Энэ хэрэгт холбогдохоосоо өмнө ажил хийдэг байсан уу. Одоо хэдэн настай вэ?
-Би “Очир ундраа” компанид тэсэлгээчин хийдэг байсан. Одоо 27 настай. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Тэд маань настай хүмүүс. Би айлын бага. Гэмгүй байтлаа хэрэгт холбогдсоноос хойш аав, ээжийн маань бие үе, үе өвдөх болсон. Тиймээс энэ хэргийг хурдан шийдэж, гэм буруугүй гэдгийг маань дээд шүүх тогтоож хэргийг үнэн зөвөөр шалгаасай гэж хүсэж байна.

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ АНХАН ШАТНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Р.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч С.Батзаяатай утсаар холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.

-Анхан шатны шүүхээр Р.Эрдэнэтөгст ял эдлүүлсэн байна. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гарсан юм бэ?
-Багахангай, Налайх дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Л.Энхбилэг, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй явуулсан. Ингэхдээ налайх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 зааснаар яллах дүгнэлт үйлдэж Р.Эрдэнэтөгст Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1, 252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байсан. Үүний дагуу Налайх дүүргийн шүүхийн танхимд энэ хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,2,283,284 дүгээр зүйлийн 284.1,286,290 дүгээр зүйлийн 290.1, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон шүүгчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Р.Эрдэнэтөгсийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

-Энэ хугацаанд ахыг нь мөн хэрэгт холбон шалгасан байсан. Энэ талаар тодруулж өгөөч?
-Эрүүгийн байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн Прокурорын газраас Р.Эрдэнэбаатарт зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1,252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр ямар шийдвэр гарсан юм бэ?
-Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч З.Цэнгэнбаяр, Г.Алтанчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны зургадугаар сарын 19 өдөр шүүх хурал явагдсан. Энэ шүүх хурлаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн гаргасан 29 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.

-Гэм буруугүй байтал яагаад ийм шийдвэрүүд гараад байна вэ?
-Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй хуультай.

Л.Алтанхишиг


URL:

Сэтгэгдэл бичих