Жүжигчин Г.Золбоот музейгээс XIII зууны үеийн баатрын хөө хуяг авснаа алга болгожээ
Их Монгол улсын үеийн түүх, соёлыг харуулах хосгүй үнэт өв, үзмэрээрээ алдартай Дундговь аймгийн музей XIII зууны үеийн баатрын хөө хуяг, дээл зэрэг үзмэрээ хувь хүнд өгөөд алдчихсан тухай мэдээллийг албаны хүнээс сонслоо. Музейгээс хосгүй үнэт эдгээр түүх, соёлын өвийг авч явсан хүн нь жүжигчин Г.Золбоот гэнэ. Энэ мэдээллийн мөрөөр Дундговь аймгийн музейн эрхлэгч М.Бямбажавтай бид утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Танай музейгээс жүжигчин Г.Золбоот XIII зууны үеийн баатрын хөө хуяг, дээл зэргийг авч яваад эргүүлж өгөөгүй гэдэг мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Наадах чинь надаас аваагүй. Манай музейн өмнөх эрхлэгч Мөнхбаяраас авсан юм билээ. Гэхдээ яг жүжигчин Г.Золбоот ч биш түүний эхнэр Мөнхтуяа гэж эмэгтэй авсан гэдэг.
-Яах гэж авсан юм бол?
-Тэрийг нь мэдэхгүй.
-Өгч, авалцахдаа гэрээ хэлэлцээр байгуулаагүй юмуу?
-Гэрээ байгаа. Надаас аваагүй болохоор би сайн мэдэхгүй. Тэгээд ч музейн сан хөмрөг, үйл ажиллагаатай холбоотой болохоор би энэ талаар юм яримааргүй байна. Олныг шуугиулмааргүй байна.
-Олныг шуугиулахдаа гол нь бус эргүүлж олж авах нь гол асуудал биш гэж үү. Хэддүгээр зууны үед хамаарах зүйлс байсан юм бэ?
-Олж авах гэж аймгийн цагдаагийн хэлтэст хандаж, өргөдөл гаргасан ч одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болох тийшээ хандаж байгаа юм шиг байсан. XIII-XVIII зууны үеийн өвүүд байгаа. Доторгүй хоёр дээл нь XVIII зууны үеийнх юм билээ.
-Хэзээ авсан юм бол, яагаад эргүүлж өгөөгүй юм болоо?
-2006 онд авсан юм шиг байсан. 2007 оны тооллогоор илэрсэн асуудал. Алга болгочихсон гээд буцааж өгөөгүй гэдэг юм билээ.
Ц.ЭРДЭНЭ
”Өдрийн шуудан”
URL: