Усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа
Нийт нутгаар усархаг бороо орсны улмаас зарим гол нууруудын усны түвшин нэмэгджээ. Тухайлбал, энэ сарын 13-ны байдлаар Хангай нурууны арын Хойдтамир, Чулуут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.
Мөн Хойдтамир гол үерийн түвшинг 25 см, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Хараа, Хэрлэн болон Хянганы уулсаас эхтэй Халх голын адгаар үерийн түвшинг 15-40, Орхон голын эх болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдлээ.
Орхон гол Орхон сум (Сэлэнгэ) орчмоор үерийн түвшинг 10-45, Хангай нурууны өврийн Шаргалжуут, Баянбүрд, Таац, Түй гол Богд сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, үерийн түвшинг 15-30 см, даван тус тус хүчтэй үерлэсэн байна.
Түүнчлэн Хархираа голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см орчим нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см, Туул голын адгаар үерийн их түвшинг давсан хэвээр байгаа аж.
Иймд дээрх голуудын сав газар нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. Ялангуяа дээрх голуудын эрэг хөвөө, татмаар суурьшиж буй зуслан, аж ахуй нэгж аялаж зугаалж, амарч буй ард иргэдийг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж эрэг татмаас нүүж холдохыг зөвлөж байна.
URL: