Ардчилсан нам, Ардчилсан ерөнхийлөгчөө сонсохгүй

Албан тушаал, эрх мэдлийн төлөөх тулаанаас болж хүн хүнээ байх нь энүүхэнд аж. Бүр Ардчилсан ерөнхийлөгч өөрийнхөө намдаа “амьтан” болохыг ч бид харах нь.
Төрийн цомхон бүтцийг бий болгоно гэж эцэж цуцталаа ярьсан АН-ынхны үг зүгээр л хоосон авиа байсныг 21 яамтай болох хар төлөвлөгөө харуулна. Хар төлөвлөгөө гэсний учир нь хуучин 11 яамтай байсан засгийн газар хоёр дахин тоогоо өсгөж 21 болговол ард түмэн дааж давшгүй их ачаа үүрэх болж байна. 21 яамны сайд, ерөнхий сайд, тэргүүн шадар сайд, шадар сайд, дээр нь мөнөөх яамд нь тус бүр хоёр дэд сайдтай байна гэж байгаа. Эдгээр эрхтэн дархтангууд бүгд төсвийн хөрөнгөнөөс эрх ямба эдэлнэ. Бүгд унаатай малтай байна. Мэдээж сүүлийн үеийн өртөг үнэ ихтэй машин хөлөглөнө. Цалин пүнлүү, утас шөрмөсний төлбөр, бензин тос, хэвлэл захиалга, гадаадад зорчих, туслах хүүхнийх нь цалин гээд бүгд ард түмний хөрөнгөөр л тансаглах нь тодорхой.

Чиг үүргийг нь тодорхой болгож,гол салбаруудаар дагнасан яам байгуулж байна гэж өөрсдийгөө зөвтгөнө л байх. Гэвч үгүй юмаа. Үнэн хэрэгтээ гурван нам хоорондын тохиролцоогоор бий болгох гэж байгаа шинэ яамдууд юм. “Манай намын фракцууд л албан тушаалуудаа хуваалцаж, асуудлыг шийдчихэж байгаа юм байна лээ. Энэ фракц гэдэг нь мөнгө төгрөг ихтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн бөөгнөрөл. Тэд фракцийнхнаасаа өөр хүмүүсийг хүн гэж үздэггүй гэж УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа АН-хан дотроо албан тушаалд улайрч алийгаа алддагийг шууд хэлжээ. Өөрөөр хэлбэл АН-ын амьдрах стандарт нь ашиг сонирхолд тулгуурласан албан тушаалын хуваарилалт аж гэдгийг Л.Гүндалай олон нийтэд илчлэв.

Төрийн бус байгууллагууд ч татвар төлөгчдийн мөнгөөр төрийн нүсэр аппа­рат бий болгож ард түмнээр өөрсдийгөө тэжээлгэж тансаглах АН-ын санаархлыг эрс эсэргүүцэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга Н.Алтанхуяг нарт шаардлага хүргүүлжээ. “Шударга ёсны дугуйлан, “Ард түмний мөрөөдөл” төрийн бус байгууллагууд, “Алтан соёмбо” хөдөлгөөний шаардлагад Ерөнхий сайд, тэргүүн шадар сайд, шадар сайд болон 21 яамны сайд, дэд сайдуудтайгаа нийлээд 66 сайдын суудал болгож, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаах санаархлаа таслан зогсоох, албан тушаалын төлөө яахаас ч буцдаггүй, бүр “Бүдүүн бүлэг гээчийг байгуулж санаагаа гүйцэлдүүлсээр ирсэн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг засгийн газарт оруулахгүй байх, хувийн бизнесээ улс төртэй хутгах гэж байгаа “Женко” группын ерөнхийлөгч Х.Баттулга, “Бридж” группийн ерөнхийлөгч Д.Ганхуяг, “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригт, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, “Шунхлай” группийн ерөнхийлөгч Г.Батхүү, “Монуран”-ы Б.Наранхүү нарын бизнесийн бүлэглэлийг засгийн газарт оруулахгүй байх, тэргүүн шадар сайдын орон тоог хасах, засгийн газрын бүтцийн гуравны хоёрыг УИХ-ын гаднаас бүрдүүлэхийг шаарджээ.

АН-аас сайдын суудалд горилогсдын дийлэнх нь ашиг сонирхлын зөрчилтэй болохыг хэвлэлүүд дэлгэн тавьж байна. Тухайлбал, ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн сайд болохоор санаархаж буй Х.Баттулга нар гэхэд л Монголын махны зах зээлийн 60 гаруй хувийг атгадаг. Тэд гурилын зах зээлийг ч бас гартаа хийсэн. Хөлжсөн цөөнхийн дарангуйлалд байгаагаа манайхан тэр бүр мэддэггүй. Сонгуулийн үеэр “Алтан тариа” гурил гаргахаа больж баахан бухимдал үүсгэсэн. Судлаад үзтэл “Алтан тариа” компани АН-ын улс төрчдийнх байсан. Тодруулж хэлбэл боссууд нь ноён Баабар ба Цэнгүүн. 1996-2000 онд З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад нь тэд хувьчилж авсан байдаг. “Алтан тариа” компанийн захирал нь АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Гурилын зах зээлийн 40 хувийг Н.Цэнгүүний “Алтан тариа” компани, Женко Баттулгын “Милл хаус” ХХК 24 хувийг эзэлдэг.

Монголчууд бидний үндсэн хэрэглээ болсон махны үнэ тэнгэрт хадаад байгаа нь ч АН-тай холбогдож байна. Женко Баттулгын “Max импекс”, АН-ын дарга Н.Алтанхуягийн “Max экспорт”, “Жаст”-ын Батхүүгийн компани Монголын махны нийлүүлэлт, ханш нь ямар байхыг тодорхойлж байна. Max, гурилын үнийг хөөрөгдөж хөлждөг бүлэглэл их хуралд байгаа гэдгийг манай сонгогчид мэдэж байх учиртай. Ашиг сонирхлын зөрчил нь дээд цэгтээ байгаа гишүүд засгийг бүрдүүлэхээр улайрч байгаа учраас л сэтгүүлчид, жирийн иргэд, төрийн бус байгууллагууд байн байн сануулж буй нь ч энгийн хэрэг биш юм. Х.Баттулгын үйлдвэржилт, хөдөө аж ахуйн сайд болох гээд яваад байгааг нь зүгээр нэг гоочлоод байгаа асуудал биш гэдэг нь эндээс тодорхой харагдана.

Ингээд харахад хэнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” үйлчлэх юм боллоо. Хувьдаа бизнесгүй насаараа төрийн албанд зүтгэсэн доогуур албаны хэдэн хүнд л үйлчлэх нь ээ дээ янз нь. Сайд дарга нар эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөөрөө далайлгаад л хуулийн гадна үлдэх нь. Тэгэх нь ч тодорхой болж байна. АН-хан хуулийг өөртөө зориулж засаж залруулдаг жишгээрээ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл хэдийнээ санаачлаад бэлэн болгоод буй. Ж.Сүхбаатар нарын гишүүдийн санаачилсан засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх тухай хуулийн төсөл бий. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бас тийм зүйл ярьдаг. Гэхдээ ярихаас хэтрэхгүй л болов уу. Яагаад гэвэл Н.Алтанхуягт баахан гишүүдийг сайд болгохоос өөр аргагүй, тэд нар нь сайд болгохгүй бол засгийг чинь хөнтөрнө гэж үргэлж дарамталж байгаа.

Ийм нөхцөлд насан туршдаа мөрөөдсөн ерөнхий сайдын сэнтийд суухаар эргэлт буцалтгүй шийдсэн АН-ын дарга Н.Алтанхуягийн амбицийг албин чөтгөр ч зогсоож чадахгүй. Тиймээс данхайсан төртэй, Ардчилсан ерөнхийлөгч нь “амьтан” болох цаг хугацаа тун ойртсон, удахгүй үүд хаалга балбаад зөвшөөрөлгүй орно гэдэгт огт эргэлзэх хэрэггүй та минь ээ.

А.БАТАА

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих