Хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгах гэнэ

Авлигатай тэмцэх газрын зуны амралт дуусгавар болж намрын “авдаа” гарчээ.

Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяраар ээлжит ангаа эхлүүлсэн нь авлигын хэрэгтнүүдийг айлгаж орхив. Түүнийг авлига авсан хэрэгт буруутгасан байна. Тэрбээр хэд хэдэн компанийн татварын өрийн асуудлыг тэглэж чадсан нь авлигын хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Энэ хэрэгт Авлигатай тэмцэх газрынхан тайлбар өгөхдөө “Ж.Батбаярыг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй учир баривчилсан” хэмээв. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. Албан тушаалаа ашигласан хэн ч болов хуулийн өмнө хариуцлага хүлээх учиртай.

Баттай эх сурвалжийн мэдээллээр Авлигатай тэмцэх газрынхан зарим нэг хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгаж сэтэртнүүдэд ял ногдуулахаар шийдсэн гэнэ. Тухайлбал, бүрэн эрх нэрийдлээр баярлаж явсан эрхмүүд ээлж дараалан энэ байгууллагын үүдийг сахих бололтой.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан нэр бүхий эрхмүүдийн нэрс Авлигатай тэмцэх газарт данслагдаж аль хэдийнэ шалгагдаж эхэлсэн гэх аман яриа ч бий.

БҮРЭН ЭРХГҮЙ БОЛСОН ЭРХМҮҮД БҮДЭРЧ “ЭХЛЭВ”

Улсын хөрөнгө идсэн, уусан нь илчлэгдсэн эрхмүүд эхнээсээ тодорч “аавын хаалга” татаж ард түмний анхаарлын төвд байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдээс авахуулаад өнөөх хэдэн Засаг ноёд нь ч авлигын торонд орж айхтар том олз болсон. Гэтэл хэд гурваараа хэмхэрхий торноос мултарч хэсэгтээ л “хэрэгтэн” нэрнээс зугтлаа. Тэгвэл даварч далдагнасан эрхмүүд эхнээс шалгагдаж эхлэв бололтой.

УИХ-ын бүрэн эрх гэдэг халхавчаар бамбай хийгээд байсан нэр бүхий эрхмүүд ч шалгагдаж эхэлсэн сурагтай. Тухайлбал, О.Чулуунбат, Л.Гүндалай, Д.Дондог гээд. Эдгээр гишүүд экс ерөнхийлөгч шиг эрүүгийн хуулиар шийтгүүлэх үү, “эсвэл”… гэдэг ацан шалаанд орох уу. Төр түмэн нүдтэй, төрөөс төрсөн тэрбумтнууд түмний өмнө шийтгүүлдэг гэдгийг мартав уу тэд.

Олон жилийн өмнөөс л УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг шалгаж эхэлсэн. Харамсалтай бүрэн эрх гэх халхавчинд нуугдсан “сэжигтнүүд” төрийн нөмөрт хорогдож эцэстээ ил гарав бололтой. Д.Дондогт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар шалгахгүй гэх. Учир нь эл хэрэгт цагдаагийн ажилтан нэр холбогдож шалгах чиглэлд өөрчлөлт оруулсан гэхэд болно.

Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилсан гэсэн үндэслэлээр сэжигтэн хэмээн үзсэн. Түүний үйлдсэн хэргийг тоймлон хүргэвэл, 2009 онд А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Меритон” компанийн захирлыг мэхэлсэн гэх. Тэрбээр “Барилга барих газар олж өгье” хэмээн хууран мэхлэх ажиллагаагаа эхлүүлсэн гэлцдэг.

Түүний хамтрагч А.Батбилэг нь “Сум бар” компанийн “босс” аж. Тэрбээр өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө залилсан гэнэ. Хотын төвд A зэрэглэлийн газар олж өгөх нэрийдлээр бусдаас авсан мөнгөө 2008 оны сонгуульд цацаж орхиж. Харамсалтай нь хохирогч болсон “Меритон” компани эрхэм гишүүнээс идсэн, уусан мөнгөө нэхсээр хамаг хэрэг илэрч хуулийнхнаас зугтах аргагүй болсон гэх яриа ч бий.

Энэ мэт хэргүүд нь ил болчихоод шаргал ордноор цайны хачир болж байхад “Би хэрэг хийгээгүй. Надад буруу байхгүй” хэмээн томорч явсан нь саяхан. Тэгвэл хуулийнхан хийгээгүй хэргийг нь сэргээн шалгаж сэтэртнүүдийг сиймхий гудсан дээр хэвтүүлэх гээд байгаа хэрэг үү. Ямартай ч идсэн нь илчлэгдэж, идээгүй нь цагаатгагдах байлгүй.

Б.Чанцал


URL:

Сэтгэгдэл бичих