Саяхан хэлсэн “Хутга шаана шүү” гэдгээс өмнө, “Буудна, дробинкдоно” гэж байсныг санаж байна
Ц.Нямдорж уг нь ихээхэн шударга дүртэй байлаа. Хууль зүйн сайдаар удаан жил ажилласан түүнийг ард түмэн ингэж бодож явсан нь саяхан. Чуулганы хуралдаан дээр, хааяа цэнхэр дэлгэц, сонины хуудаснаа бага зэрэг ярвайсхийн хууль дүрэм, шударга үнэний тухай ярьсан Хууль зүйн сайд байлаа, тэр. Хэвлэлийн магнат Ц.Балдорж агсан хүртэл өөрөө ярилцлага авч, түүний нэр хүндийг улам өсгөж байсан түүх бас л саяхных. Харин өдгөө мань Ц.Нямдоржийн имиж алдагдаж, үнэн нь цухуйгаад эхлэв. Сүүлийн жил гаруйн хугацаанд улам ч ил болов.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж ярьдаг шигээ шударга, ажил хэрэгч хүн биш ажээ. Энэ хэрээр түүний өмнөх үйлдлүүд шулуун шударгадаа бус, зүгээр л хүн доромжилж, хов ярих дуртай, Ц.Нямдорж гэдэг хувь хүний характерийн илрэл байсан нь мэдэгдэж эхлэв.
Эргэн саная. 2006 оны тавдугаар сар. УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүн С.Оюуныг чуулганы нэгдсэн хурал¬даан дээр “Yглэж байгаад хугацаагаа дуусгавал хохь чинь шүү, Оюун аа” гэжээ. Гишүүн С.Ламбаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асуугаад хариулт хангалттай болсонгvй гэж үзэж тодруулах хүсэлтэй байсан ч УИХ-ын дарга Ц.Нямдорж боломж олгоогүйд түүний дараа үг хэлсэн С.Оюун гишүүн УИХ-ын даргыг шүүмжилж, УИХ-ын гишүүн хүн төр, олныхоо төлөө яагаад асуултаа тодруулж болдоггүйн учрыг асуухад, УИХ-ын дарга ийн “хариулжээ”.
2010 оны нэгдүгээр сар. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж хэлжээ. Үзэл бодол, байр суурийн зөрүүгээс болж маргалдахдаа Х.Тэмүүжин ч мөчөөгөө өгөлгүй “Би гөлөг бол та нас бие гүйцсэн нохой” гэж хэдэрлэсэн байна.
2011 оны дөрөвдүгээр сар. Сайд Ц.Нямдорж, гишүүн Х.Тэмүүжин нар эвлэрч чадаагүй л байв. Х.Тэмүүжин “Албан ту¬шаал болгон дээр өөрийн хүнээ тавихаас өөр чи юу хийж байгаа юм бэ” гэж байсан бол Ц.Нямдорж “Чам шиг нам дамжиж золбинтоогүй” гэсэн байна.
Ц.Нямдоржтой холбоотой иймэрхүү асуудал зөндөө. Бусдыг дарамталсан, доромжилсон үг Төрийн ордонд ч, Тусгаар тогтнолын ордондоо ч байнга унагаж суух нь түүний ажил аж. Тэр УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш өнгөрсөн пүрэв гаригт анх удаа чуулганы танхимд орж ирэв. Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилж, С.Батболд тамгаа өгсөн өдөр. Энэ чуулганд Ц.Нямдорж тун идэвхтэй оролцов. Ингэхдээ АН-ын, МАХН-ын гишүүд рүү ээлж дараалан дайрч, нөгөө л зангаараа “ажилласан”.
Харин энэ үеэрээ “Хутга шаана шүү” гээд чуулганы танхим дүүрэн хашгирсан нь тэнд байсан гишүүд, сэтгүүлчид, УИХ-ын Тамгын газрынхан, намын бүлгүүдийн ажлын албаныхныг “шоок”-д оруулж орхиж. Ц.Нямдорж энэ үгийг хэнд ямар зорилгоор хаяглаж хэлснийг энд ярих гэсэнгүй. Хамгийн гол нь яг тэр өдөр Монгол Улсын Их хурлын ги¬шүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын эрх эдэлж байсан Ц.Нямдорж ингэж хэлсэн нь хачирхал төрүүлж байгаа юм.
Хутга шаана шүү гэдэг үгийг хэн ч ойлгоно, харин хүн болгон хэрэглэдэггүй, хэлдэггүй. Хутга бол хүйтэн мэс. Шаана шүү гэдэг зооно, хутгална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүнийг ална шүү гэж заналхийлсэн утга. Монголын төрд хурц үгтэй олон л эрхэм байлаа. Мэндийн Зэнээ, Очирбатын Дашбалбар агсан гээд үгийн хурцыг сонгож хэрэглэдэг төрийн түшээдийн түүх бий. Мөн Л.Гүндалай, Б.Жаргалсайхан зэрэг хэл ам, хэрүүл тэмцэлд дайчин гишүүд ч байв. Харин Ц.Нямдорж шиг гу¬дамжны, тэр дундаа шо¬рон¬гийн маягийн хэл¬лэгтэй түшээ дуулдаж бай¬сан түүх үгүй билээ.
Саяхан хэлсэн “Хутга шаана шүү” гэдгээс өмнө, “Буудна, дробинкдоно” гэж байсныг санаж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Ө.Энхтүвшингээр толгойлуулсан намынх хэдэн нөхөр жигүүр байгуулсан. Тэд Ц.Нямдоржоос ийм үг сонсч байлаа. “Жигүүр байгуулж нисэх гээд байвал дробинкоор буудна” хэмээсэн түүний үг тухайн үедээ бас л хүмүүсийг цочирдуулаад авч байв. Тэр иймэрхүү үг ярианаас гадна зартай худал¬чийн шилдэг жишээ болоод удаж буй. Хошин шогийнхон хүртэл Ц.Нямдоржийн худлаа ярьдгаар шоу, реклам зохиогоод овоо ашиг олох болсон. Түрээсийн байранд амьдардаг, зурагт үзэх боломжгүй гээд л хөвөрнө.
Мөн хүн гүтгэхдээ гаргууд. Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал болон “Сайд ба сэтгүүлч” хэвлэлийн ярилцлагад орохдоо ЗТБХБ-ын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан тухай гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан.
Энэхүү мэдээлэл нь илт худал хуурмаг, гүтгэлгийн чанартай байсан тул Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасны дагуу шүүхээс Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн шийдвэр гаргаж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгс¬лээр уучлал гуйхыг даалгасан юм.
Нийслэлийн шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэ¬рийг хэвээр баталсан байна. Харин тэр өнөөг хүртэл албан ёсоор уучлал гуйгаагүй л байна. Энэ мэтчилэн Ц.Нямдоржийн хуудуу үргэлжилсээр л байх. Тэр 2002 онд батлагдаад, өнөөг хүртэл үйлчилж буй Эрүүгийн хуулийн автор нь би хэмээх дуртай. Сайн хууль гэж магтдаг.
Өөрийнх нь хэлж, хийж байгааг Эрүүгийн хуульд хамааруулбал, Ц.Нямдорж өнөөдөр Доромжлох гэдэг 110, Гүтгэх гэдэг 111, Зандалчлах гэдэг 177, Дураараа аашлах гэдэг 236 дугаар зүйл ангиар ял сонсоход бэлэн болчихож. Хэрэв хэн нэгэн гомдол гаргавал шүү дээ. Хамгийн сүүлчийн “хэрэг” буюу “Хутга шаана шүү” гэсэн нь Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягт хаяг¬ласан үг. Энэ нь Ерөнхий сайдаар томилогдож буй Н.Алтанхуягийг зориуд хатгасан үйлдэл аж. Үүнийг Эрүүгийн хуулийн Зандалчлах гэсэн 177.1-т “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас то¬дорхой шийдвэр гаргуулах буюу татгалзуулахад шууд буюу шууд бусаар нөлөө¬лөх зорилгоор, олон ний¬тэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн болон хэ¬рэг-лэхээр зандалчилсан бол 5-15 жилийн хорих ялаар шийтгэнэ” гэж заажээ.
Монголын төрд, тэр тусмаа Хууль зүйн сайдаар олон жил ажилласан энэ хүний үг яриа, үйлдэл нь нэг иймэрхүү. Уг нь тө¬рийн ажлыг төрөлх араншиндаа хөтлөгдөж явуулах учиргүй. Цэргийн прокурор, тэгээд нам, улс төрөөр явсан гэх товчхон замналтай Ц.Нямдорж хаана, яаж байгаад “Хутга шаана шүү, эсвэл буудна, дробинкдоно” гээд сурчихсан нь хачирхалтай. Ийм хүнээр хуулиа тогтоолгож, батлуулж, засуулж байсан Монголын төрдөө эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: Зууны мэдээ Б.ГАРЬД
URL: