Хөл нь хугарсан ч тэмцээнээ дуусгажээ
АНУ-ын гүйлтийн тамирчин Мантео Митчелл өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа тэмцээний сүүлийн 200 метрийг хөл нь хугарсан ч гүйж дуусгажээ. Бэртлээ үл тоон тэмцээнээ дуусгаснаар Митчелл багаа хоёрдугаарт оруулж, финальд оролцох эрх авсан байна.
” 200 метрийн замаа эхлүүлээд л хугаралт мэдэрсэн. Гэхдээ би бусад гурван тамирчин болон багаа доош нь татахыг хүсээгүй учир гүйгээд л байсан” хэмээн ярьсан байна. Тэрээр 46,1 секунд гүйсэн бөгөөд баг нь 2 минут 58,87 секундын амжилт гаргасан юм.
“Хөл маш их өвдөж байна. Гэхдээ хугарсан хөлтэй ч бараг 45 секундэд орж ирсэндээ өөртөө их гайхсан шүү” хэмээн 25 настай тамирчин хэлжээ.
Даваа гаригт Митчелл олон шат алгасан алхаж яваад эвгүй гишгэсэн байна. “Би эмчилгээ хийлгээд зүгээр болчихсон байсан” хэмээн хэлэхдээ пүрэв гаригийн уралдааны өмнө халаалт хийж байхад бие нь сайн байсныг нэмж хэлсэн байна. Гэхдээ тэмцээний дараа авсан рентген зурагт түүний яс хугарсан байсан нь илэрчээ.
Одоогоор Митчеллийг орлуулах хүнийг зарлаагүй байна.
Ц.Мишээл
URL: