Тэрбумаар нь мөнгө тараадаг хэрнээ цэцэрлэг барьж дийлдэггүй төр

Цэцэрлэгийн дажин удахгүй эхэлнэ. Өнөө жаалуудаа цэцэрлэгт оруулахын тулд “таньдаг цэцэрлэгийн эрхлэгч мэдэхгүй биз” “танил байна уу, цэцэрлэгт” гэх үгсийг хоорондоо солилцож “гар хүндрүүлэх юмыг нь өгөөд ч хамаагүй ганц хүүгээ оруулчих юмсан” гэж шогширцгооно. Харин өөдөөс нь “эртхэн хөөцөлдөөрэй” “харьяаллынх, хуучин явж байсан гээд тайвширч болохгүй шүү. Очиж уулз” гэж шавдуулна. Ингээд л цэцэрлэгийн үүдэнд бухимдсан аав, үглэсэн ээжүүд, өвөө эмээ нараар дүүрнэ. Хонож очерлоно. Бүр байтлаа очер шаглана. Энэ үед нь хэдэн телевизийнхэн камертайгаа ирж бухимдсан иргэн, тайлбар тавьсан цэцэрлэгийн эрхлэгчийн үгийг аваад л яваад өгнө.

Ингэж арайхийн орсон бол амаа хамжиж цэцэрлэгийнхний хэлснийг авчирч байхгүй бол болохгүй. Эрх ярьж, нэхсэн зүйлсийг нь тухай бүрт нь өгөхгүй бол ирэх жил хүүхдээ өгөх боломжгүй болно.

Өмнөх жил ингэж л байсан. Энэ үед хариуцсан яамныхан нь “ирэх жил хэчнээн цэцэрлэг, тийм хөрөнгө оруулалтаар барих гэж байгаа” гэх төлөвлөгөөг үзүүлээд л гаргана. Дараа жил нь дахиад л энэ бүхэн давтагдана.

Энэ жил ч мөн урьдын жилүүдийн адил энэ асуудалтайгаа тулахаас өөр аргагүй нь бараг тодорхой болов. Боловсролын сайд нь өөрөө “энэ жил баригдахаар төлөвлөгдсөн цэцэрлэгүүдээ барьж чадсангүй” хэмээн мэдэгдэв. Яагаад чадддаггүй шалтгаан нь бараг ганц л зүйл. Тэр нь цэцэрлэг барих гэхээр газар олддоггүйн зовлон гэгч аж. Оффис барих, орон сууц барихад яаж ийгээд л газрын зөвшөөрөл олддог. Харин эмнэлэг, цэцэрлэгийн газар хөөцөлдөөд бүтдэггүй аж. Энэ нь хувийн ажлаа лоббидоод хийчихдэг менежерүүд улсын ажлын араас лоббидож хөөцөлддөггүйтэй холбоотой. Угтаа бол Ерөнхийлөгч нь ч “70000 хүүхэд өнөөдөр цэцэрлэгээр дутаж байгаа” гэж хэлээд ч, Сайд нь ч “цэцэрлэг, сургуулийн суудлын тоог нэмэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна” гэж мэдэгдсэн ч энэ ажлыг гүйцэтгэгч дунд шатны албан хаагчид дээр шууд зогсож байна.

Өнгөрсөн жилүүдийн статистикаас төрөлт ихсэж байгаа гэх мэдээ нь цэцэрлэгийн эрэлт ихсэнэ гэдгийг ч харуулж буй хэрэг. Мөн дээрээс нь нийслэл хотод жилдээ нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн нүүж ирж байгаа нь тэдгээрийн хүүхдүүдийн асуудал ч нэмэгдэж буйг харуулж буй юм.

“Бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэх үг бий. Яг үүн шиг төрийг цэцэрлэг барихыг хүлээж байх хооронд цэцэрлэгийн насны жаалууд маань насанд хүрэх нь. Эрэлт ийм их байхад нийлүүлэлт яагаад бага байна вэ.

Нэг хороолол барьж байгаа компани дунд нь сургууль, цэцэрлэгээ өөрөө бариад дараа нь төсвөөс мөнгөө гаргуулаад авах боломж уг нь бий. Эсвэл цэцэрлэгт хүүхдээ өгөлгүй гэртээ хүмүүжүүлэхэд нь зориулсан сан байгуулсан ч болно. Ядаж хөшөө биш цэцэрлэг барьдаг засагтай болохсон. Хүүхдийн цэцэрлэг барих газар олдохгүй нь гэдэггүй менежерүүдтэй болохсон.

А.ШАРХҮҮ

Short URL: http://sharmedee.mn/?p=13745


URL:

Сэтгэгдэл бичих