Э.Цасчихэр нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж сая дууслаа. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэрэгт нэмж тодруулах зүйл байна гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.

Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 7-нд тэдний гэм буруутай нь нотлогдсон тул ял оноосон юм. Тодруулбал, Засаг дарга Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Шүүхийн дээрх шийдвэрийг Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Хэргийг сануулбал, Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325 м, Тээлийн голын 75.3 м зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгасан. Нийслэлийн Прокурорын газраас Э.Цасчихэрийг төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан гэж буруутгасан юм.

Д.ЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих