Улс төр хийн сатаарч байх зуур…
Монгол Улс дараагийн Катар болох уу? “Financial times” цахим сонины шинжээч Дэвид Пилинг энэ асуултад “Одоохондоо үгүй” гэж хариулж байна.
Тэрбээр “Монголыг “Дараагийн Катар” гэж нэрлэхэд эрт байна” хэмээх нийтлэлдээ яагаад ингэж дүгнэх болсноо тодорхой бичжээ. Тэрбээр нийтлэлийнхээ эхэнд “Кувейт 1950 он. Абу Даби 1970 он. Катар 1995 он. Монгол 2012 он?” хэмээн асуусан өгүүлбэр оруулжээ. Энд байгаа нэрнүүд нь баян тансагаараа зартай улс, нийслэл хотын нэр. Харин он нь хөгжлийнхөө түлхүүр болсон хөрөнгө оруулалтыг татаж чадсан “онгодтой жил” нь юм.
Манай улсын хувьд ч гэсэн гаднаас зургаан тэрбум ам.доллар татаж, дэлхийн томд тооцогдох алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулж байгаа билээ. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэвч гадны хүний нүдээр харахад ямар байгааг Дэвид Пилингийн энэхүү нийтлэлээс олж харахыг хичээсэн юм.
Түүний нийтлэлээс иш татъя. “Монгол бол ашигт малтмалаар баялаг, эдийн засаг нь өнгөрсөн жил 17 хувиар өссөн орон. Улаанбаатарт ирсэн уурхайчид, банкирууд, хуульчид бүгд л энэ орныг “дараагийн Эльдорадо /Өмнөд Америкийн алтаар баялаг нутаг. Алт газар дээр зүгээр л хэвтэж байсан гэлцдэг/” хэмээн итгэхийг хүсч байна”. Монгол руу зорин ирж байгаа доншуучдын дотор ямар бодол эргэлдэж байгааг илүү дутуу зүйлгүй онож тодорхойлжээ.
Монголын ”Голомт банк”-ийг удирдаж байгаа Жон Финигэн гэгч “Катар улс 1995 онд найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт олж авсан. Одоо ДНБ нь 174 тэрбум болж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсч байна. Монгол яагаад ийм болж болохгүй гэж. 10 том уурхайгаа ашиглахад л Монголын 2.7 сая хүн бүгд саятан болно” хэмээн ярьсныг ч дурьдсан байна.
Дэвид Пилинг түүнийг “супер өөдрөг үзэлтэн” гэж тодорхойлсон байсан бөгөөд ардчилал, шударга ёс, сайн засаглалгүйгээр энэ бүхэн хий хоосон мөрөөдөл болохыг сануулжээ. Эдийн засгийн алуурчид ихэвчлэн улс орны эдийн засгийн өсөлтийн талаар өөдрөг таамаглал гарган, их хэмжээний өр зээл тавиулдаг гэсэн санаа энд цухалзаж байна.
Нийтлэл рүү эргээд оръё. “Монгол Катар шиг болохоор зүтгэж, Нигери шиг болох боломж бас байгааг анхаарах хэрэгтэй. Хүн ам сийрэг суурьшсан, Францаас гурав дахин том газар нутагтай зэрэг бол том давуу тал. Гэхдээ л энэ тухай бодох хэрэгтэй. Одоогоор нэг хүнд ногдох 3000 ам.долларын ДНБ-ий хэмжээг сая долларт хүргэж болно. Ингэж болно оо. Гэхдээ ингэхийн тулд дөрвөн зүйл шаардлагатай.
Эдгээр нь 1. Хяналт, 2. Шударга ес. 3. Эдийн засгийн хяналт, 4. Геополитикийн оновчтой бодлого юм. Эдгээрээс хамгийн чухал нь төрийн хяналт. Энэ улс ЗХУ-аас салсны дараа /Энд зохиогч алдаа гаргасан байна. Монгол Улс хэзээ ч ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй юм/ ардчиллын замаар замнаж, 1992 оноос эхлэн анхны парламент, Ерөнхийлөгчөө сонгож ирсэн. Гэвч хамгийн сүүлийн сонгуулийн үед л хүчирхийлэл гарчээ /Нийтлэл энэ оны тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнө бичигдсэн/.
Монголчуудын 95 хувь нь бичиг үсэгтэй. Бусад улстай харьцуулахад гадаадад боловсрол эзэмшсэн гайхмаар сайн боловсон хүчинтэй. АНУ, Европын улсууд руу боловсрол эзэмшихээр одож байгааг нь харвал яг л Япон улс “Хөшгөө нээснийхээ дараа” Баруунтай танилцах гэж хэрхэн тэмүүлж байсан үе санаанд орно.
Тэд “баялгийн хараал”-д өртөхгүйн тулд Персийн булангийн орнууд Чили, Норвеги, Канадын хөгжлийн загварыг нухацтай судалж байна. Гэвч мэдээж сөрөг үзэгдлүүд байна. Сард 800 ам.долларын цалинтай парламентын гишүүн болохын тулд бүгд үхэн хатан зүтгэж байна. Энэ бүхэн парламентын гишүүний өмнө нээгддэг эрх мэдэл, боломжийг атгахыг хүссэнийх юм.
Transparency International олон улсын байгууллагаас гаргасан авлигагүй орнуудын жагсаалтад Монгол Улс 120 дугаарт жагсчээ. Ерөнхийлөгч байсан хүн авлигын хэргээр шоронд хоригдож байна” гэжээ. Бичигч авлигын тухай хөндсөнөөрөө Монголд хөгжлийг авчрах дөрвөн гол хүчин зүйлийн нэг болох шударга ёс үгүй байгааг хэлсэн байна. Тэрбээр Монголын улстөрчдөд “Эхлээд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Дотооддоо хэрхэн хуваарилах вэ, гадныхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёстой” гэсэн зөвлөгөөг өгчээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс өмнө нь тэнэг сүйт бүсгүй шиг байсан. Одоо харин маш боловсролтой, үзэсгэлэнтэй болсон. Хөрөнгө оруулагчид манай баялгийг олборлох гээд дугаарлаж байна. Газар доор баялаг байсан цагт тэд хэзээ нэгэн цагт Монголд хөрөнгө оруулахдаа л оруулна. Тэгэхээр, монголчууд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Сонгуулийн өмнө хэдэн зуун ам.доллар хүн бүрт тараах нь асуудлыг шийдэх зам биш” хэмээн хэлснийг тэрбээр ишлээд, монголчуудын 500 000 нь гэрт амьдарч, зуд ирэхэд хэзээ ч алга болж болохоор баталгаагүй хөрөнгө эзэмшиж байгааг дурьджээ.
Түүний хэлснээр бол, монголчууд эхлээд баялгаа хэрхэн хуваарилахаа шийдчихээд дараа нь хөрөнгө оруулагчдад хаалгаа нээх ёстой байжээ. Оюутолгой, Тавантолгой гээд хэзээ хэзээгүй хөдлөх гэж байгаа “галт тэрэг”-ийг хөдөлгөхөөсөө өмнө хэн, хэнийг суулгах вэ гэдгээ шийдэх учиртай байж. Энэ асуудалд бид хэтэрхий яаруу хандсан байна.
Тун удахгүй дарга нар “Оюутолгой хөдөллөө”, “Бодит үр ашгаа өгч эхэллээ” гэх мэтээр сүржигнэж өгөх байх. Улс орныхоо хөгжлийг хоёрхон уурхайд даатгаад санаа амар сууж байсан хүмүүс нэг ч гэсэн уурхай нь ашиглалтад орохоор баярлах нь мэдээж л дээ. Гэхдээ инфляци Оюутолгойн хувьд хэрхэн гэрлийн хурдаар өссөн, Монгол Улс хичнээн төгрөгийн өрөнд орчихоод байна вэ гэдгийг тооцож үзвэл баярлаж хөөрөх биш, харин ч уйлж, халагламаар санагдана.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд Монголын тал уг ордын 34 хувийг жилийн 12-13 хувийн хүүтэй зээлээр олж авч, 250 сая ам.долларыг таван хувийн хүүтэй зээлж авсан билээ. Тэгвэл ТЭЗҮ хийгдсэнээс хойш хөрөнгө оруулалт гурав дахин өсч, эдүгээ зургаан тэрбум ам.долларт хүрээд байна. Бүдүүн тоймоор хэлэхэд манай улс 700 сая орчим ам.доллараар 34 хувийг эзэмших байсан бол одоо хоёр тэрбум гаруй ам.доллар төлж байж эзэмших болчихоод байна.
Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодроогүй, төмөр замаа дөнгөн, данган барьж эхэлж байна. Газар доор байгаа нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс гурав дахин хямдаар урьдчилаад зарж, орж ирсэн мөнгөө 21000 болгоод тараачихлаа.
“Супер өөдрөг үзэлтэн”-ий хэлснээр бол Катар найман тэрбум ам.доллараар эдийн засгаа тэтгэж чадсан. Харин Монгол эсрэгээрээ өрөнд орж, өтөнд идэгджээ. Энэ бүхэн Дэвид Пилингийн хэлсэн, хөгжилд хүргэх дөрвөн хүчин зүйл болох хяналт, шударга ёс, эдийн засгийн хяналт, геополитикийн оновчтой бодлого Монголд байхгүй гэдгийг л харуулаад байгаа юм биш үү.
Х.Батсайхан
URL: