Оюутан хүний зовлон айсуй
Намар цаг айсуй. Оюутан сурагчдын хичээл эхлэх цаг хаяанд ирлээ. Энэ л үед “Хаана амьдарна аа. Оюутны байранд авахгүй, нийтийн байранд орох гэхлээр эсэн бусын хүмүүстэй хамт арайл заваан юм” хэмээн бодлогоширч суудаг ахлах курсын оюутнууд олон болно. Сургуулийнхаа дотуур байранд орох гэхээ авдаггүй. Учир нь бага курсын оюутнуудыг оруулаад л дүүрчихнэ.
Энэ үеэр нөгөө хөгзөрсөн, үмхий үнэртэй байрнуудын эрэлт нэмэгдээд ирхээр байрны эздүүд нь амандаа багтсан тоогоо хэлж, төлбөрийг бөөн авна гэнэ. Боломжтой айлын оюутнууд нь төлбөрөө бөөнд нь өгчихдөг ч ихэнхи нь хамаатан саданындаа байхаар болдог. Улмаар тэд аяга хоол, бас бус зүйлээс болж нүдэнд орсон шороо шиг л гадуурхагдана. Эрэгтэй оюутнуудын хувьд байр олох бүр ч хүндрэлтэй. Учир нь байрны эздүүд эрэгтэй оюутнуудыг авах дургүй. Яагаад гэвэл тэд байрандаа архи дарс уудаг, олон хүн цуглуулдаг, заваан суудаг гэнэ. Гэхдээ эрэгтэй оюунтан бүр ийм байхгүй шүү дээ. Цэвэрч нямбай, хэсүү зантай оюутнууд зөндөөн бий. Нэгэнт байрны эзэд гадуурхагддаг тэд яаж ийгээд л бор зүрхээрээ яваад өөрсдийгөө болгоод явчихдаг. Харин ганц бие царайлаг охидуудад боломжийн үнэтэй байр амархан олддог ч ихэнхи охидуудад нэлээд асуудалд тулгардаг. Хамаатан садныдаа амьдрах эхний сар дажгүй байдаг ч хуучраад ирэхээр “боолын боол, босгоны шороо” болж хувирах нь холгүй. Ая таваар нь байхгүй бол хөөчихөж магадгүй хэмээн айна.
Энэ мэт асуудлуудаас гадна “Дайран дээр давс” гэгчээр сургалтын төлбөр гэж оюутнуудын толгойны өвчин болно. Сургуулиуд жилээс жилд сургалтынхаа төлбөрийг хараат бусаар өөрсдөө мэдээд үзэмжээрээ нэмж орхидог. Оюутнууд хөдөөнөөс ирэхдээ боломжийн хэдэн төгрөгтэй ирдэг ч дээрх төлбөр, байрны асуудлаас болоод хэдхэн өдрийн дотор дуусна. Ингээд оюутан л болсон хойно өлсч, ядарна. “Яаж мөнгө олох вэ?” гэсэн хөнгөн шингэн явдалтай охид телевизийн чатаар “Мөнгөний бололцоотой ахимаг насны эрэгтэйтэй танилцана” гэх зэргээр шал тоохгүй мессеж илгээдгийг та бүхэн мэдэх байх. Телевизүүд энэ байдлыг анхаарч, ёс бус үг хэрэглэсэн мессежийг гаргахгүй болсон. Гэсэн ч оюутан охидын биеэ үнэлэх арга улам нарийсч байгаа гэх. Охин үрээ ийм болгочихгүйг хичээсэн эцэг эх, хэдэн малаа зараад ч болтугай мөнгө төгрөгөөр хангаж, байр түрээслэх мөнгө өгдөг.
Мэдээж нэг өрөө байр түрээсэлж чадахгүй учир халаасны өрөөг хайж эхэлдэг. “Оюутнуудын хичээл эхлэх эхлэх гэж байна. Хажуу өрөөгөө жаахан цэвэрлээд ганц оюутан охинд хөлслүүлчихье” гэх бодолтой хүмүүс “Зар мэдээ”, “Шуурхай зар” интернэтэд зараа өгнө. Ухамсартай зарим оюутнууд нь хичээлийнхээ завсраар цагийн ажил хийдэг ч ядарч сульдан хичээлээ анхаарах цаг зав тун тааруухан болдог. Тиймдээ ч тэд хичээлдээ тааруухан дүн үзүүлж эхэлнэ. Онц сурвал сургалтын төлбөрөө тодорхой хувиар хөнгөлүүлэх, гадаад, дотоодын их дээд сургуулиудад сургах тэтгэлэгийг төр засгаас зарладаг. Тэдэнд энэхүү тэтгэлэгт хамрагдах хүсэл байдаг ч мөнгөгүйн зовлон тэдэнд тээр болно. Мөнгөгүй бол тэд өлсөнө. Нэг иймэрхүү дүр зураг жилийн жилд давтагддаг гэхэд хилсдэхгүй болов уу?
URL: