Өвчтөний хуурамч түүхийг III эмнэлгийнхэн санаачилжээ
Манай сонинд “Эмч нарын хэрэг” хэмээх цуврал нийтлэл гарсан. Энэ нийтлэлийн мөрөөр ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт эхнээсээ гарч байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг, Арьс судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг нар алдаа дутагдал, зөрчил гаргасан гэж мэдэгдлээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг л гэхэд хэдэн зуун хуурамч өвчтөний түүх бичиж байснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Өвчтөний хуурамч түүхээр хөрөнгө мөнгө завшдаг талаарх мэдээлэл тасрахгүй ирсээр байна. Энэ нь нэг талаараа эмч нар өөрийн салбараа цэвэрлэх гэсэн чин сэтгэлийн эрмэлзлэлтэй холбоотой юм.
“БАТСЭРЭЭДЭНЭДЭХ”
Эрүүл мэндийн салбарын удирдлагууд “Томоохон эмнэлгүүд дээр өвчтөний хуурамч түүх бичнэ гэсэн ойлголт байхгүй. Харин Эрүүл мэндийн нэгдлүүд, гэр хорооллын өрхийн эмнэлгүүд дээр байдаг зүйл” гэсэн хариултыг өгч байгаа билээ. Үүнээс үүдэн өвчтөний хуурамч түүх хэдийнээс эхлэлтэй вэ, хэн санаачилсан бэ гэсэн асуулт арч ирж байгаа юм.
Эмнэлгийн салбарынхан өвчтөний хуурамч түүх бишээ “Батсэрээдэнэдэх” гэж авгайлна”. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарт өвчтөний хуурамч түүхээр мөнгө завшихыг ингэж нэрлэдэг байна. Нөгөөтэйгүүр ийм арга зам, хулгайг заасан хүнээ өргөмжилсөн хэрэг. Эрүүл мэндийн сайд асан Б.Батсэрээдэнэ нэгэн үе П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт даргаар ажиллаж байсан.
Тэгэхдээ энэ хар технологийг эрүүл мэндийн салбарт оруулж иржээ. 2005 онд Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ын гуравдугаар тасгийн дарга, хурандаа Очгэрэлд “III эмнэлгийн эмч нар өвчтөний хуурамч түүх олныг бичиж байгаа” гэх мэдээлэл ирсэн байна. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газар III эмнэлэгт томоохон шалгалт хийжээ.
Шалгалтын явцад тус эмнэлгийн дарга Б.Батсэрээдэнэ, одоогийн дарга Б.Батчулуун, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баярцэцэг нар холбогдсон. Тэр үед бэлэн мөнгө авч эмнэлэгт хэвтүүлдэг байсан байв. Жилдээ гэхэд 40 сая төгрөг олдог байсан гэнэ. Уламжлалт эмчилгээний тасагт өвчтөний хуурамч түүх овоолгоотой байдаг байсан байна. Хэдэн мянган өвчтөний хуурамч түүх байсан гэнэ.
ЭЦГ-ын III тасгийнхан маш сайн ажилласан байна. Тэр олон мянган өвчтөний хуурамч түүхийг шалгахын тулд 801 дүгээр ангийн цэргийн ангийг татан оруулжээ. Маш олон өвчтөний хуурамч түүх илрэхэд Уламжлалын тасгийн эрхлэгч Бурмаа “Би дарга нарынхаа шахалтаар өвчтөний хуурамч түүх бичиж байсан минь үнэн” гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгийн хуулбар хэд хэдэн эмч нарт баримт болон хадгалагдсан байна.
ХЭН, ХЭРХЭН ДАРСАН БЭ?
Тухайн үед нэг нам дангаар шахуу эрх барьж байсан болоод тэр үү энэ бүлэг хэрэг хаагдсан. Тус эмнэлгийн 5-6 эмч ил гарч хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийлгэж байжээ. Эдгээр эмч нар хууль бус зүйлийг илчилснийхээ төлөө амьдын тамд унасан. Ажлын байрны дарамт, сэтгэл зүйн дайралтаас үүдэн мэдээлэл хийсэн эмч нар таран бутарсан. Зарим нь бүр ажлаасаа гарсан байдаг юм.
Энэ хэргийг тухайн үеийн Ерөнхий сайд, цагдаагийн томчуулын оролцоотойгоор нам дарсан. Хийсэн хэргээ хүлээсэн Бурмаа АНУ-д суралцахаар болов. Өвчтөний хуурамч түүхийг оруулж ирсэн В.Батсэрээдэнэ сайд болов. Харин тэр хуурамч түүх хаачив. Нэгэн эмчийн гэрт гал ноцоох цаас болон үлджээ. ЭЦГ хэргийг бүрэн нотлоод Нийслэлийн аудитын газарт өгчээ. Тэр газар нь дахин өвчтөний хуурамч түүх бичихгүй байхыг зөвлөөд өнгөрсөн байх юм.
ЭМЧ НАР ЯАГААД ХУЛГАЙЧ БОЛОВ
МҮЭ, Монголын ажил олгогч эздийн холбоо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл өчигдөр хуралдлаа. Тэнд хамгийн инээдтэй зүйл яригдав. Тэр юу гэвэл “Эрүүл мэндийн салбар хөрөнгө муу учраас удирдлага нь хуурамч баримт бүрдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас хулгай хийсэн” гэв. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн салбарт чадлынхаа хэрээр мөнгө хуваарилж байгаа.
Харин энэ салбар хамгийн том хулгайч нарыг цуглуулсан гэлтэй. Ганц хоёр жишээ хэлье. Замын зардал гээд бүх зүйл нь багтаад 150 сая төгрөгийн үнэтэй IV системийн алсын удирдлагатай суурин рентген аппаратыг 983 сая 965 мянган төгрөгөөр оруулж ирсэн. Улсын хөрөнгөөр нэг биш 5-6 ийм аппаратыг авчээ.
Мөн нэг ширхэг түргэний машиныг 466 сая төгрөгөөр авсан байх юм. Ямар машин юм бол. Арай нисдэг юм биш биз. Эмнэлгийн тоног төхөөрөмж зардаг гадаадын байгууллагууд шударга юм. Тоног төхөөрөмжөө он сар, үнэтэй нь сайтад тавьчихсан байдаг. Манай ямар компани хэдэн төгрөг ямар тоног төхөөрөмжөөс хусаж вэ гэдгийг харьцуулахад амар юм билээ. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн яаман дээр хэдэн арван тусламжийн байгууллага арзайж байна. Тэдний тэр их мөнгөн урсгал хаашаа зүглэнэ вэ. Энэ талаар дараа хөндөх болно.
I эмнэлгийн дарга асан Н.Жамбалжав “Хугацаа нь дууссан, далай руу хаях гэж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг оруулж ирдэг” гэж хэлснийг ч анхаарах л хэрэгтэй юм даа. Нөгөөтэйгүүр эмч нарыг Эрүүл мэндийн салбарын тогтолцооноос болоод хулгайч болсон гэсэн хачин дүгнэлтийг хүлээж авмааргүй байна.
Үргэлжлэл бий.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Б.ДОЛЗОДМАА
URL: