Ногоон намыг бутаргах төлөвлөгөөг санаачлагч нь хэн бэ
Монголын Ногоон намынхан М.Чинзоригийг намын Ёс зүйн хорооны дарга биш, осолд ороод тархиндаа юмтай болчихсон юугаа ч мэдэхгүй яваа нөхөр хэмээж байна. Тэд намынхаа 2007 оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон VI их хурлаар Ёс зүйн хорооны даргаар Н.Энхттайваныг тодруулж, гишүүдэд нь М.Чинзориг, Б.Бадамханд, Н.Оюунцэцэг, Б.Наранбаатар нарыг сонгосон тогтоол гаргаж байснаа барин тавин баталж, архивт хадгалсан бичиг цаасаа сөхөж үзүүлэхдээ хүрч сууна билээ. Тогтоол гаргасан хурлын тэргүүлэгчид нь Н.Энхбаярын шинэ байгуулсан намын толгой гишүүдийн нэг хамтран зүтгэгч С.Молор-Эрдэнэ, мөн Д.Энхбат гишүүнийг Ногоон намаас хөөгөөд байгаа Д.Басандорж нар аж. Хуурамч үнэмлэх өвөртлөөд хулхи шийдвэр гаргаад явж байсан хэдэн нөхөр намынхандаа баригдаад булай болж буй юм байна. Тодруулбал, өөрийгөө Ёс зүйн хорооны дарга хэмээн эндүүрч өргөмжилсөн М.Чинзориг, түүнийг дөгөөгч Д.Басандорж нарын эрхмүүд Д.Энхбат гишүүнийг намаасаа хөөсөн явдал. Асуудлын гол нь Монголын Ногоон намыг Иргэний зориг намтай нэгтгэхийг эсэргүүцэж буй өнгөтэй ч чухам үнэндээ бол Ногоон намыг дотор нь бутаргах гэсэн санаа гэхэд хэтийдсэн дүгнэлт болохгүй л болов уу даа.
Д.Энхбат, С.Оюун гишүүн нар юуны тулд нэгдэх гээд байна. Монголын улс төрд жинхэнэ утгаараа гуравдагч хүчин болох хамгийн том боломж тэдэнд бийг ойлгож буй учраас гаргасан шийдвэр байж таарна. Тэгээд ч нэр нь тодорхойгүй, хаана байдаг нь ч мэдэгдэхгүй олон нам Монголд бий. Тэд улс төрийн гол хүчин МАН, АН хоёрын зэрэгт хүрч хэзээ ч чадахгүйгээ мэддэг. Харин ч хувь заяатайгаа эвлэрээд улс төрд гуравдагч хүчин болохыг эрмэлздэг. Үүний төлөө ажилладаг. Тэгээд ч одоогоор Монголын улс төрд энэ орон зай хоосон байгаа.
Эрхэм ногоонтнуудын аллергитээд байгаа үйл явдал нь цагаан сарын өмнөхөн болсон юм. Иргэний зориг-Ногоон нам гэж байгуулахаар хоёр дарга нь гарын үсэг зурцгаасан. Түүний өмнөхөн Ногоон намыг өмчлөгч Д.Басандорж хэвлэлийн бага хурал зарлаж “Д.Энхбат миний намыг С.Оюуны намтай нэгтгэх гэлээ. Би энэ намыг анх байгуулсан хүн” гэж ирээд л даргаа баруун солгойгүй муулж гарсан. Хоёр намын дарга гарын үсэг зурсан ёслол дээр М.Чинзориг ирээд “Би эсэргүүцэж байна. Д.Энхбат аа, чамайг намаасаа хөөнө” гэж агсамнаад өлгөсөн тугийг нь “Энэ чинь манай намынх” гээд суга татаж аваад арилж өгсөн. Хэдхэн хоногийн дараа хэвлэлийн бага хурал зарлан “Би Ёс зүйн хорооны дарга М.Чинзориг байна. Д.Энхбатыг намаас хөөсөн шийдвэрийг бид гаргалаа” хэмээн баахан сүржигнэв.
М.Чинзориг, Д.Басандорж, С.Бум-Ялагч нар яагаад ийн гэв гэнэтхэн намын даргаа үзэн ядах болов. Ногоон намыг Иргэний зоригтой нийлүүлж, хүчирхэгжүүлэх замаар улс төрд үгүйлэгдэж буй гуравдагч хүчний орон зайг эзлэх асуудлыг С.Бум-Ялагч өмнө нь болслн гурван удаагийн хурал дээр дэмжиж байжээ. Харин нөгөө хоёр нь ч намын дарга Д.Энхбатыгаа парламентад суухад хөл газар хүрэхгүй баярлан, эгээ л өөрсдөө гишүүн болсон аятай дэвхцэж явцгаасан нь саяхан. Намаа анх удаа УИХ-д суудалтай болгосон гавьяанд өөрсдийнх нь хүчин зүтгэл бий хэмээн баярлаж байсан нь лавтай. Тэгээд ч улс төрийн намын хамгийн эрхэм зорилго бол парламентад суудал авах. Тэгж байж нам гэдгээ харуулах боломж олддог юм. Гэтэл Д.Басандорж “Манай намд УИХ-ын суудал хэрэггүй. Бид ногоон байгалиа хамгаалж л явбал боллоо” хэмээх юм. Нам өмчлөх, асуудлаар далимдуулан өөрийгөө бусдад таниулах шинэ маягийн пиарт мэргэшсэн нөхдийн амнаас юу ч урсаж болно. Монголд Ногоон гэсэн нэртэй, үзэл баримтлалтай улс төрийн нам байгуулагдаад 20 жил болж байгааг үнэндээ Д.Энхбат гэж нөхөр парламентад орж ирэхээс өмнө тийм ч олон хүн мэддэггүй байсан гэвэл хөөргөсөн үнэлгээ болохгүй байх. Тиймээс энэ намын нэрийг Д.Энхбат гэж дарга нь түмэн олонд дуулдахаар, мөрийг нь сохор нэгэнд ч үзэгдэхээр гаргаж чадсан. Гэтэл хорин жилийн түүхтэй хэмээн хөөрцөглөх намдаа олигтойхон ч тус хүргэж чадахгүй хэрнээ асуудал бүрийг буруу өнцгөөс нь харж эсэргүү дүрд тоглож суугаа Д.Басандорж нарыг намын бус хувийн ашиг сонирхлынхоо төлөө л өнөөг хүртэл хэрэлдэж маргалдаж сууна. Тэдний дээдэлж буй ямархуу хувийн эрх ашгийг хоёр нам нэгдсэнээр хэтэрхий гэмээр чангаар хөндөж буй юм бол. Энэ намд данстай явсан С.Молор-Эрдэнэтэй эрхэм заргалдагч Д.Басандорж хуурай ах дүүс. Тэд нэгэн цагт Ногоон намын хурлыг хамтдаа даргалж суусан улс. С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяртай нийлж Монголын алдарт хувьсгалт намыг байгуулсан. Харамсалтай нь энэ нам одоогоор ямар ч хүчгүй, мөн хүссэн нэрээ ч авчихна гэсэн итгэл найдвараар ч бага. Ингэхээр Ногоон намд үүсээд байгаа асуудал хэний ашиг сонирхлын төлөө гэдэг нь харагдаж байгаа биз. Н.Энхбаяр Ногоон намыг өөртөө татчих юм бол өш хонзонгоо авах зам нь нэг алхам ч болов урагшилна гэж тооцоолсон. Тийм учраас С.Молор-Эрдэнэд “Чи тэнд ажиллаж байсан хүн. Наад намаа татаад ав” гэж үүрэг болгосон байхыг үгүйсгэх газаргүй. Хэрэв тэгээгүй бол С.Молор-Эрдэнийн хуурай ах Д.Басандорж гэнэт сэрсэн мэт аашилж, урьд өмнө ярьж хэлж байснаасаа огцом эргэхийн хамт “Бидэнд Д.Энхбат хэрэггүй” хэмээн лоозогнож хашгирахгүй л байсан юм. Түүнээс гадна М.Чинзориг Ногоон намын Ёс зүйн хороонд багтсан нь С.Молор-Эрдэнийн буян. Д.Басандорж хэвлэлийн бага хурал хийхдээ “Ногоон нам Иргэний зоригтой нэгдвэл би Онц их хурал зарлана” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Нам нь Иргэний зориг намтай нийлэх нь тодорхой болсон. Тиймээс шалтаг анан хүлээж суусан Д.Басандорж, М.Чинзориг нар амласан их хурал дээрээ бүгдийн эсрэг байр суурь баримтлан “Н.Энхбаярдах” гэж байгаа юм биш үү. Улмаар намаа аврах Түр штаб байгуулж Онц их хурал зарлана. Энэ бол Н.Энхбаярын зааварласан зам байх болно. Эцэст нь Д.Басандорж, М.Чинзориг хоёрыг хэн ч танихгүй учир Н.Энхбаяр, С.Молор-Эрдэнэ нарт том хожоо гарч таарах юм. Монголын Ногоон намыг Монголын алдарт хувьсгалт намд нэггэж чадвал Монголын улс төрд хүлээгдэж байгаа гуравдагч хүчний байрыг эзэлж дөнгөх үү. Н.Энхбаяр үүнийг тооцоолж суугаа. Яавал өөртөө хүч нэмж Ардын намаас өшөөгөө авах вэ гэсэн бодол л түүний толгойд эргэлдэж, УИХ-д ганц нэгхэн суудалтай жижиг намууд руу эхнийхээ дайралтыг хийж байж болох юм. Сонгууль ойртсон учир гуравдагч хүчний төлөөх тэмцэл ширүүсэх нь. Хүнээр дутаж байгаа улс ийм л улс төр хийдэг юм байна.
Л.Цэрэнжаргал
URL: