Ардын намгүй парламент

УИХ-ын гишүүд тангаргаа өргөснөөс хойш бүтэн сарын хугацаа өнгөрсөн ч МАН-ынхан чуулганы хуралдаанд нэг ч удаа суусангүй. Үүнээс үүдэн чуулганы хуралдаан гацаанд ороод байсан ч энэ долоо хоногийн эхээс АН, Шударга ёс эвслийнхэн шуурхай арга хэмжээ авч, Байнгын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг нь батламжлав. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гурван байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга нарыг сонгосноор чуулганы ажил жигдрэх нь.

Гэхдээ Монгол ардын намын 25 гишүүнгүйгээр шүү дээ. МАН-ын гишүүдгүйгээр УИХ-ын ажил цааш үргэлжлэх, баталсан хууль тогтоол нь хүчинтэй эсэхэд эргэлцэх хүмүүс ч байгаа юм. Гэлээ гээд чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байх, зөвшилцөх нэрийдлээр удаах боломжгүй юм. “Зөвшилцөж байна” гэсэн хоёрхон үгийг хэвлэлийнхэнд тоть шиг давтан байж, сарын хугацаа өнгөрөөлөө, хоёр намынхан.

Удаан хугацаанд зөвшилцөх гээд байгаа асуудал нь уг нь тов тодорхой гурван зүйл бий. Өвөрхангай аймагт МАН-аас өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн хууль зөрчсөн нэрээр шүүхээс гэм буруутай гэж үзсэн тул СЕХ тангараг өргүүлүүлэхээс татгалзсан. МАН-ын зүгээс Хөвсгөл, Хэнтий, Чингэлтэй зэрэг зарим тойргуудад дахин гараар тоолох асуудлыг шаардсан нь УИХ-ын чуулгантай бол огт хамаагүй асуудал. Гэвч МАН-ынхан шантаажлахаа аядаж байгаа гэх үү дээ. Угтаа бол Өвөрхангайн хоёр нэр дэвшигч, санал дахин тоолох асуудал бол СЕХ хийгээд хууль шүүхийн байгууллагын мэдэх асуудал болохоос УИХ үүнд хамааралгүй байх учиртай.

Гуравдагчийн хувьд З.Энхболдын томилгоо хууль бус гэж үзэж байна. Энэ бол мөн л маргаад, чуулганы хуралдаанд суухгүй дээ тулаад байх асуудал биш л дээ. Ер нь бол МАН чуулганы хуралдаанд суухгүй байгаа гол шалтгаан нь Өвөрхангайн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын маргааныг өөрсдийн талд шийдүүлэх, тангараг өргүүлэхэд оршиж буй. Түүнээс нөгөө хоёр нь бол чуулганыг гацаахад чухал нөлөө үзүүлэхээр зүйл биш гэж байгаа.

МАН болон АН хоорондын маргаан УИХ-ын чуулганыг гацаагаад, цаашлаад парламент дутуу дулимагхан бүрэлдэж, ажлаа эхлүүлээд байна. Удахгүй МАН-гүйгээр Засгийн газрыг байгуулах, сайдуудыг тэдний саналгүйгээр шийдэх нь. Энэ бүхэн ар араасаа улс төрийн ойлгомжгүй байдал, завхралыг бий болгож мэдэхээр байна. МАН-ын энэхүү суулт удаан үргэлжлэх тусам байдал улам хүндэрнэ.

Хэн хэнд нь ашиггүй, тэр тусмаа Улс орны амьдралд таагүй нөлөө үзүүлнэ гэж судлаачид дүгнэж байна.
Шинэ парламент МАН-ын 25 гишүүнгүйгээр ажлаа эхлүүллээ. МАН-ынхан хэдий хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй “гэдийх вэ” гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Бүлгийн дарга Н.Энхболдын тайлбарласнаар “Зөвшилцөл үргэлжилж байна. Асуудлаа хуулийн дагуу зөв оруулаад ирэх хэрэгтэй. Тэгвэл чуулганы хуралдаанд орно” гэсэн ерөнхий хариултыг өгч буй юм. Ардын намгүй парламент хэрхэн ажиллах бол, тэд хэзээ чуулганы хуралдаанд суух вэ гэсэн асуултыг олон нийтийн зүгээс тавьсаар байна.

Т.АМУР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих